Хайх

Анхны харц: Samsung Galaxy S8 гарлаа

Анхны харц: Samsung Galaxy S8 гарлаа

Өнөөдрөөс эхлэн захиалж болно

Text: Г.Тэмүүлэн


Samsung компани цоо шинэ Galaxy S8 загварын ухаалаг утсаа танилцууллаа

Өчигдөр Samsung компани Нью-Йорк хотод Samsung Galaxy S8 ба Samsung Galaxy S8 Plus гэх цоо шинэ загварын ухаалаг утсыг албан ёсоор танилцууллаа.

Энэхүү ухаалаг утасны эх биеийг шил ба металаар хослуулан хийсэн байна. Гэхдээ анх харахад хамгийн их анхаарал татах зүйл бол мэдээж дэлгэц. Эцэс төгсгөлгүй мэт асар том дэлгэц нь хоёр хажуу талаараа бага зэрэг бөмбөгөр хэлбэртэй бөгөөд илүү цэмцгэр, барихад эвтэйхэн загвартай болжээ. Samsung Galaxy S8 загварын дэлгэц нь 5,8 инч бол илүү том S8 Plus загварт 6,2 инчийн дэлгэц суулгаж өгсөн байна. Тэгэхдээ хоёр загвар ижил үзүүлэлттэй буюу 2960 x 1440 нарийвчлалтай OLED дэлгэцтэй.

Гол шинэчлэлтүүдээс нь дурдвал Bixby AI хэмээх дуу танигчтай хувийн туслах программ энэхүү утсанд суулгаж өгсөн байна. Мөн онлайн байдлаар төлбөр төлөхөд хэрэглэгчийн царай таних горим нэмэгдсэн гэдгээрээ онцгой болжээ. Маш өндөр нууцлалтай хүний нүүр царай таних энэхүү үйлдэл нь хэрэглэгчдэд утасныхаа түгжээг илүү хурдан гаргах боломж нэмж өгч байгаа аж. 

Харин камерын хувьд Samsung компани эрс шинэчлэлт хийсэнгүй. Galaxy S8 загварын хойд камер нь Galaxy S7 загвартай ижил буюу 12 мегапикселийн мэдрэгчтэй. Урд камер нь найман мегапиксель мэдрэгчтэй бөгөөд автоматаар фокус тохируулдаг болсон байна. 

Samsung Galaxy S8 ба S8 Plus загварууд нь 3,000 ба 3,500 mAh багтаамжтай зайтай болсноос гадна утасгүй бас илүү хурдан цэнэглэх боломжтой.

Samsung Galaxy S8 ба Samsung Galaxy S8 Plus ухаалаг утас өнөөдрөөс эхлэн урьдчилсан захиалга авч байгаа юм. Нийт хар, саарал, мөнгөлөг, алтлаг, хөх гэсэн өнгөний сонголттой. Үнийн хувьд 720 доллараас эхлэх бөгөөд АНУ-д дөрөвдүгээр сарын 21-нд худалдаанд гарах болно. 

цааш үзэх