Хайх

Альберта Ферретти

Альберта Ферретти

• Улс: Итали
• Үйл ажиллагааны салбар: Загвар зохион бүтээгч

Альберта Ферретти 1950 онд Италийн төв хэсгийн Каттолика хотод төрсөн. Дөнгөж 18 нас хүрээд Альберта өөрийн төрөлх хотод "Jolly" нэртэй бутик нээжээ. Итали брэндүүдийн хувцаснаас гадна өөрийн бүтээсэн зүйлсийг мөн зардаг байлаа.

Ферретти өөрийн брэндийг 1974 онд  Alberta Ferretti нэртэйгээр бүртгүүлжээ. Үүнээс зургаан жилийн дараа Aeffe гэдэг хувцасны дагалдах материал бэлтгэх компаниа байгуулжээ. Үүний дараахан тэрээр Милан хотод ирээд Италийн загварын долоо хоногт анх удаа оролцсон юм. Дараа нь түүний Ferretti Jeans Philosophy нэртэй салбар брэнд гарч ирэв. Хожим тэрээр брэндийн нэрээ Philosophy by Alberta Ferretti болгож өөрчилжээ. Феррети өөрийн хоёр дах ордноо босгох газар хайж яваад 1988 онд Риминийн ойролцоох тосгоноос нэгэн хуучирсан шилтгээнийг олжээ. Түүнийг засварлан сэргээж, мөн тосгоныг ч шинэчлэх ажил өрнүүлсэн байна. Альберта Ферретти 1991 онд Италийн Эмилия-Романья бүс нутгийн шилдэг ажил хэрэгч эмэгтэйгээр тодорчээ. Мөн Италийн ерөнхийлөгч түүнд 1998 онд "Хөдөлмөрийн кавалер" одонг гардуулж байлаа.

Ерээд оны дундуур Ферретти Aeffe компанийнхаа танилцуулах дэлгүүрийг Нью-Йорк хотноо нээлээ. Жилийн дараа тэрээр барууны тэргүүлэх загварын шүүмжлэгч нарын нэг Сьюзи Менкесын магтаалыг сонсчээ. Ума Турман 2000 оны Оскарын наадмын ёслол дээр Alberta Ferretti даашинзаар гоёсон байлаа. Үүний дараа тэрээр Ромын дуурийн театрт тавигдах "Кармен" дуурьт зориулан мянга гаруй хувцас бүтээжээ. Тэрээр мөн 2004 оны намар өвөл цуглуулгаа гэрэл зурагчин Хельмут Ньютоны хүндэтгэлд зориулж байлаа.
Ферретти 2007 онд охидод зориулсан Alberta Ferretti Girls салбар брэндээ нээлээ. Хоёр жилийн дараа анхны сүрчигээ танилцуулсан бөгөөд шинэ маркийн нүүр царай нь Клаудия Шиффер байсан юм.  Түүний дараагийн алхам нь 2010 онд гаргасан  хуримын даашинзны Alberta Ferretti Forever нэртэй салбар брэнд болсон.

Альберта Ферриттигийн үнэн хэрэглэгч нарын дунд Тильда Суинтон, Диана Крюгер, Мерил Стрип зэрэг алдартнууд багтдаг бөгөөд тэрээр урам зоригтойгоор ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. Ром хотын эрх баригчид "Насан туршийн ололт амжилтын шагнал"-ыг түүнд 2005 онд гардуулсан байдаг.

Цааш үзэх