Хайх

Кара Делевинь

Кара Делевинь

• Улс: Их Британи
• Үйл ажиллагааны салбар: загвар өмсөгч

Их Британийн модель, жүжигчин Кара Делевинь 1992 онд Лондон хотноо төржээ. Тэрээр хамгийн анх 10 настайдаа Италийн "Vogue" сэтгүүлд зургаа авахуулж загварын ертөнцөд хөл тавьж байсан юм. Анх Кейт Моссыг  нээж байсан загварын агент Сара Дукас 17 настай Кара Делевинийг олж харснаар түүний од болох гараа эхэлсэн юм. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2011 онд Кара "Burberry" загварын ордонтой хамтран ажиллахаар болж, карьерт нь чухал нөлөө үзүүлсэн маш том гэрээнд гарын үсгээ зурсан байдаг.

Карагийн хувьд 2012 он түүний загварын карьерын хамгийн амжилттай үе нь байлаа. Тэрээр Chanel, Yves Saint Laurent, Tom Ford, DKNY, H&M, Blumarine гэх зэрэг томоохон брэндүүдийн сурталчилгаанд оролцож, Burberry, Moschino, Jason Wu, Oscar de la Renta, Dolce & Gabbana, Fendi, Lanvin, Stella McCartney, Givency гэх мэт брэндүүдийн загварын шоунуудад алхаж байсан туршлагатай. Ингээд ч зогсохгүй Кара 2015 онд Швейцарийн "TAG Heuer" брэндийн нүүр царай болж чадсан. Дэлхийн шилдэг загварын орднуудтай хамтарч ажилласан нь түүнд Их Британийн "Vogue" сэтгүүлийн "улирлын од" шагналыг хүртэхэд нь тусалсан юм. Мөн энэ хугацаанд загвар өмсөгч бүсгүй "British Fashion Awards"-ийн "Оны шилдэг модель" цолыг хоёр ч удаа хүртсэн билээ. 

Кара Делевинь моделийн карьерын зэрэгцээ кино урлаг ба дуу хөгжмийн салбарт ч өөрийгөө сориод амжсан юм. Их Британийн найруулагч Жо Райтын найруулсан "Анна Каренина" кинонд дүр бүтээснээр түүний кино урлагийн карьер эхэлсэн гэж хэлж болно. Үүнээс хойш Кара "Paper Towns", "Suicide Squad", "Valerian and the City of a Thousand Planets" зэрэг хэд, хэдэн томоохон кинонд тоглоод амжжээ. Кино урлагаас гадна Кара хөгжмийн авьяастай. Тэрээр дуулахаас гадна, бөмбөр ба гитар тоглох чадвартай. Тэр ч бүү хэл Кара 2011-2012 оны хооронд хоёр ч бие даасан цомог бичүүлж байжээ. Мөн тэрээр Фаррелл Уильямсын хамт "CC The World" дууг бичүүлсэн нь Chanel-д зориулагдсан Карл Лагерфельдын "Reinсarnation" гэх богино хэмжээний кинонд ашиглагдсан байдаг. Үүнээс гадна Кара Люк Бессоны найруулсан "Valerian and the City of a Thousand Planets" кинонд зориулан "I Feel Everything" нэртэй сингл гаргасан билээ. 

Цааш үзэх