Хайх

Жиоржио Армани

Жиоржио Армани

• Улс: Итали
• Үйл ажиллагааны салбар: Загвар зохион бүтээгч

Жиоржио Армани Италийн Пьяченцо хотноо Итали, Армени гэр бүлд 1934 онд төржээ. Тэрээр 1950 онд Миланы их сургуульд анагаах ухааны мэргэжлээр суралцаж байсан ч гурван жилийн дараа цэргийн алба хаахаар сургуулиа хаясан байна. Армани армийн албанаас чөлөөлөгдсөний дараа Миланы "La Rinascente" их дэлгүүрт ажиллах болсноор загварын салбарт хамгийн анх хөл тавьж байжээ.

Жиоржио Армани 1964 оноос Италийн дизайнер Нино Черрутигийн дэргэд Cerruti Hitman гэх эрчүүдийн хувцасны брэндэд ажиллах болсон юм. Энэ ажлаа тэрээр 1970-аад оны эхээр орхиж, италийн янз бүрийн компаниудад чөлөөт уран бүтээлчээр ажиллахын зэрэгцээ эрчүүдийн хувцас загвараар дагнасан өөрийн компанийн суурийг бэлдэж эхлэв.  

Удалгүй Жиоржио Армани болон түүний бизнесийн хамтрагч Сержио Галеотти нар 1973 онд Милан хотноо "Corso Venezia" дэлгүүрийг нээсэн байдаг. Харин 1975 онд Сержио Галеотти ба Жиоржио Армани нар Giorgio Armani брэндийг нээхээр анхны гараагаа эхлүүлэхийн тулд Жиоржио өөрийн Volkswagen Beetle машинаа зарж байжээ. Гэхдээ тэдний бизнес амжилтанд хүрснээр төд удалгүй Армани өөрийн хайртай автомашинаа эргүүлэн авч чадсан гэдэг. Энэ үед тэрээр чөлөөт уран бүтээлчээр бусад компаниудтай хамтарч байсан ч үүний хажуугаар өөрийн ажлаа давхар хийж байсан юм. Түүний үйлчлүүлэгч нарын тоонд "Ermenegildo Zegna", "Ungaro", "Loewe" зэрэг алдартай брэндүүд ордог байлаа.

Жиоржио Армани өөрийн цуглуулгадаа зориулж чөлөөт эсгүүртэй пиджак ба шулуун өмд урлаж, маш орчин үеийн дүр төрх бүрдүүлсэн. Энэ нь ч түүнийг илэрхийлэх нэрийн хуудас болсон юм. "Загварын төгсгөл" номыг бичсэн сэтгүүлч Тери Эжинс түүний тухай, "Армани пиджакнаас доторлолт болон мөрний хатуулгыг хасч, өмдөнд заавал байх ёстой индүүдлэгний сумыг алга болгосноос гадна цамцны хэтэрхий их цардуулгыг үгүй болгосон юм" гэж бичжээ.

Barneys их дэлгүүрийн эзэн Фред Прессман 1976 онд "Armani" костюмыг сонирхон Нью-Йоркт брэндийг нь гаргах эрхийн төлөө 10 мянган ам.долларыг Армани, Галеотти нарт санал болгож билээ. Удалгүй "Saks Fifth Avenue", "Bloomingdale's" дэлгүүрүүдээс захиалга ирдэг болсон. Гэхдээ Арманиг дэлхий даяар алдартай болох үндсийг "American Gigolo" хэмээх кино тавьж өгсөн гэж хэлж болно. Тус кинонд Ричард Гирийн бүтээсэн дүр болох Жулиан "Giorgio Armani" хослол, цав цагаан цамц өмсөж, нарны шил зүүсэн байдаг нь дэлхий дахиныг байлдан дагуулсан юм.  

Жиоржио Армани 1981 онд "Armani Jeans", "Armani Junior", Emporio Armani" гэх салбар брэндүүдээ гаргасан. Түүний цуглуулга өндөр үнэтэй атлаа эрэлт ихтэй байсан нь хуурамч бүтээгдэхүүн олноор гарахад нөлөөлж байлаа. Ийм нөхцөл байдлын улмаас Армани 1982 онд Миланд танилцуулах загварын шоугаа хүртэл зогсоосон байдаг. Тэр жилдээ Армани түүхэнд Кристиан Диорын дараа "Time" сэтгүүлийн нүүр хуудаст гарсан хоёр дах дизайнер болж чадав. Жиоржио Армани 1983 онд Америкийн загварын дизайнеруудын зөвлөлөөс "Гадаадын шилдэг дизайнер" гэсэн номинацийн шагналыг хүртсэн.  Дараа нь мөн Америкийн загварын дизайнеруудын зөвлөл түүнд анхны "Эрэгтэй загварын салбарт олсон амжилтын төлөө" шагналыг 1987 онд гардуулсан юм.  
Францын "Lanvin" загварын ордон Арманиг бүтээлч захирлаараа урьсан ч тэрээр 1989 онд уг саналаас татгалзаж байжээ.

Идэвхтэй бөгөөд амжилттай ажилласаар ирсэн Армани 2000 онд өөрийн брэндийн 25 жилийн ойг тэмдэглэж, Нью-Йоркийн Гуггенхаймын музейд өмнө нь гаргаж байсан бүх гол загваруудаа нэгтгэсэн үзэсгэлэн гаргасан юм. Мөн тэр жилдээ тэрээр Миланд хувцас, гутал, аксесуар, гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна цэцэг, амттан, ном зэрэг олон төрлийн зүйлс худалдаалдаг дэлгүүр нээж байв. Тэнд "Emporio Armani Caffè" кафе, япон хоолны "Nobu" ресторан ба шөнийн клуб хүртэл байдаг. Түүнчлэн Армани 2005 оноос "Armani Privé" гэх кутюр салбар дээрээ ажиллаж эхэлсэн байгаа. Тэрээр мөн 2010 онд Дубайд байрлах дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Бурж Халифад "Giorgio Armani" гэх өөрийн анхны зочид буудлаа нээсэн юм. 

Одоо Жиоржио Армани өөрийн брэндийн цуглуулга дээрээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Тэрээр маш олон тооны шагналтай, нэр хүндтэй нэгэн. Тэдгээр шагналууд дунд "Made in Italy" шошгыг дэлхийд амжилттай танилцуулсны төлөөх шагнал болон Флоренцийн хөгжилд оруулсан хувь нэмрийн төлөөх "Fiorino d'Oro", Францын Хүндэт легионы одонгийн рыцарь цол, Италийн төрийн хамгийн өндөр дээд шагнал болох "Италийн Бүгд найрамдах улсын өмнө оруулсан гавъяаны төлөөх" одон, офицерийн цол гэх зэрэг хүндэт өргөмжлөлүүд багтдаг билээ.

Цааш үзэх