Тильда Суинтоны сонголт: Түүний дуртай 10 ном

Монтень, Бержер ба бусад зохиолчид

Жүжигчин Тильда Суинтон өөрийн дуртай номуудын талаар Out сэтгүүлийн ерөнхий редактор Аарон Хиклины төсөл ба One Grand Books сайтад зориулж ярьжээ. Суинтон энэ бүх бүтээлүүдийг яагаад унших хэрэгтэйг өөрөө тайлбарлалаа

"Unfortunately, It Was Paradise: Selected Poems", Махмуд Дарвиш

"Дарвиш бол Палестины эсэргүүцлийн хөдөлгөөний төлөөлөл болсон зохиолч бөгөөд яг л амьсгалахтай адил бичдэг. Түүний эх орныхоо төлөө гэсэн сэтгэл маш нийтлэг бөгөөд хувийн шинжтэй. Тэр бол жинхэнэ яруу найргийн мастер".

 

 

 

 

"Bento's Sketchbook", Жон Бержер

"Хамгийн агуу сэтгэгчдийн нэгээр би Жон Бержерийг нэрлэнэ. Түүний хувьсгал хийсэн хүмүүнлэг үзэл бодол энд бий. Жон Бержер орчин үеийн зохиолч байгаад зогсохгүй зохиолд нь сэргэн мандалтын үеийн гүн ухаанч Бенедикт Спинозагийн нөлөө туссан байдаг. Тэгэхдээ тэр яг одоо энд өрнөж буй амьдралыг дүрсэлдэг. Бержер болон Спиноза хоёрыг мэдэхгүй хүмүүст энэ ном тэдний дотоод сэтгэлтэй танилцах гайхалтай сайхан боломж юм".

 

 

"Une Vie Exemplaire", Floc'h

"Энэ ном бол маш хураангуй хэрнээ дэлгэрэнгүй бичсэн амьдралын хөтөч юм. Мөн жижиг хэмжээтэй ухаалаг зүйлсээр дүүрэн зурагтай. "Live the seasons",  "Lose time in chatting" зэрэг үгсээс эхлээд "Don't be afraid to get wet" гэх маш шилдэг зөвлөгөөнүүдийг энэ халаасанд багтах жижиг ном агуулсан байдаг".

 

 

"The Complete Essays", Монтень

"Миний өчүүхэн бодлоор бол энэ ном зочид буудал бүрийн орны дэргэдэх ширээн дээр заавал байх ёстой. Амьдралын утга учир юунд оршдог тухай эргэцүүлэл хийгээд "Би юу мэдэх вэ?" гэх асуултанд тулгуурлан бичсэн энэ номонд хүний амьдралын бүхий л хэсгийг хамарсан эссэнүүдтэй. Монтений эссэнүүд бидний хэнийх нь ч сэтгэлийг сэргээж чадна. Эргэлзээ хэр зэрэг хор хөнөөлтэй байж болохыг ч тэр сануулах болно. XVI зуунаас одоог хүртэл үнэ цэнэтэй байгаа бүтээл үүрд мөнх орших биз ээ".

 

"The Driver's Seat", Мюриэл Спарк

"Үнэхээр аймшигтай. Тэгэхдээ сайн талаараа".

 

 

 

 

 

 

"Ring of Bright Water", Гэвин Максвелл

"Тэр бол Шотландын хамгийн агуу зохиолчдын нэг юм. Энэхүү ном нь магадгүй Шотландын уулархаг нутгийн хосгүй мөн чанарыг харуулж чадах хамгийн сэтгэл хөдөлгөм үргэлжилсэн үгийн бүтээл болов уу. Зохиолд Шотландын баруун эрэгт халиунуудтай хамт амьдарсан хүний тухай хүүрнэдэг. Энэхүү номноос сэдэвлэсэн сонгодог хүүхэлдэйн киног 1960-аад онд Уолт Дисней хийж байсан. Гэхдээ эх зохиол нь илүү гүн гүнзгий бөгөөд өргөн хүрээтэй. Үүнийг дэлгэцээр дамжуулах боломжгүй. Энэ бол яг л манай "Walden" юм. Гайхалтай". (Walden: Америкийн зохиолч Хенри Дэвид Торогийн ном. Тэрээр хоёр жилийн турш ганцаараа байгальд амьдарсан бөгөөд энэ туршлагаараа номоо бичсэн байдаг).

"Gavin Maxwell: A Life", Дуглас Боттинг

Боттингийн бичсэн Максвеллын намтрыг би үнэхээр сайн болохоор нь энэ жагсаалтанд оруулж байна. Аялагч, байгаль судлаач, түүхч, махчин загасны ангууч, сайхан амьдарч чаддаг, сонгодог адал явдал хайгч, романтик, гайхамшигтай, мартагдашгүй хүний хөргийг өгүүлсэн ном гэж тодорхойлъё. Хүчирхэг, зоригтой нэгэн хүний амьдралын түүхийг энд маш сайн бичсэн байгаа".

 

 

"Love in a Cold Climate", Нэнси Митфорд

"Лэди Мондор бол Английн уран зохиолын түүхэнд бүтээгдсэн хамгийн гайхалтай дүрүүдийн нэг. Английн язгууртнуудын хуял тачаал, солиорлыг тод томруунаар үзүүлдэг".

 

 

 

 

"The Collected Poems", Норман МакКейг

"Норман МакКейг бол Шотландын хосгүй яруу найрагчдын нэгт зүй ёсоор орно. Кальвинизм ба хуял тачаал, өрнө ба дорно, уул ба нам дор газар зэрэг Шотландын хоёрдмол байдлыг тэр харуулдаг. МакКэйг маш их урам зориг, хүсэл тэмүүлэлтэйгээр хэзээ ч хоорондоо нийцэшгүй зүйлсийг холбож чадсан байгаа. Үүнтэй адил ном гэвэл би мөн Роберт Льюис Стивенсоны "The Strange Tale of Dr. Jekyll" ба "Mr. Hyde" бүтээлийг санал болгох байна".

 

 

"Modern Nature", Дерек Жармен

"Жаргал ба амьдрал, илүү урт амьдрал ба жаргал, гудамжны булан, чулуугаар хийсэн цэцэрлэгт хүрээлэн, кино бүтээх хийгээд хайрын тухай".

Buro.Mongolia

2016-08-30, 15:00

  • Зураг: