Хэн нь хэн бэ? "House of Gucci" киног үзэхээсээ өмнө мэдэж авах ёстой 5 дүр
Киног улам шимтэн үзэхэд туслах хөтөч
Тун удахгүй нээлтээ хийх найруулагч Ридли Скоттын «House of Gucci» кино үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгэж, энэ оны гол загварын сэдэвтэй бүтээлүүдийн нэгээр нэрлэгдээд байгаа билээ. Тус бүтээлд 1995 оны Маурицио Гуччигийн дуулиант аллагын талаар болон гэмт хэрэг гарснаас өмнөх үйл явдлын тухай өгүүлэх юм. «House of Gucci» энэ сарын 24-ны өдөр нээлтээ хийх бөгөөд та бүхэн үзэхээсээ өмнө бидний бэлдсэн энэхүү нийтлэлээс дүрүүдийнх нь тухай, тэдний харилцаа болон шүүх хурлуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Gucci загварын ордны үүсгэн байгуулагч Гуччио Гуччигийн ууган хүү. Тэрээр анхны эхнэр Олвен Прайсаас Жоржо, Паоло, Роберто гэх гурван хүүхэдтэй бөгөөд Бруно Паломбогоос (албан ёсны бус гэрлэлт) Патрисия гэх нэг охинтой.
Түүний эцэг гэр бүлийнхээ бизнесийг эхлүүлж байх үед Альдо Гуччи өсвөр настан байсан. Тэрээр 20 нас хүртлээ Флоренц хотод байрлах дэлгүүрээ удирдсан бөгөөд Итали улс даяараа худалдаа, наймаа хийдэг байжээ. Гагцхүү Альдо л маркетингийн өндөр ур ухаанаараа дамжуулан үүсгэн байгуулагч Гуччиг дундад зууны язгууртнуудын эмээлийг урладаг Флоренцын гар урчуудын гэр бүлээс гаралтай хэмээх түүхийг зохиож тэрхүү түүхээрээ чинээлэг үйлчлүүлэгчдийг татаж чадсан байдаг. Альдогийн хийсэн бас нэгэн гавья бол компанийн үйл ажиллагааг өргөжүүлсэн явдал юм. Гуччид Флоренц хотод байрлах ганц дэлгүүр нь хангалттай санагддаг байсан ч хүү Альдо нь Ром, Миланд дэлгүүрүүдээ нээх хүсэл дээрээ бат зогссон билээ.
Мөн тэрээр бизнесийнхээ нэр хүндийг өндөрт хадгалж үлдэхийн тулд гэр бүлийн бүх гишүүд үйл хөдлөлөө бие биедээ мэдээллэж, гэр бүлээ үргэлж нэгт тавих ёстой гэх зарчмыг баримталдаг байжээ. Гэсэн ч 1970 онд Альдо өөрийн төрсөн хүүтэйгээ шүүхээр маргалдаж байсныг түүх гэрчилдэг.
1986 онд буюу Альдог 80 гаран настай байхад түүний эсрэг татвараас зайлсхийсэн тухай яллах дүгнэлт гарч байжээ. Тус гэмт хэргийн талаарх мэдээллийг зээ дүү Маурицио нь холбогдох байгууллагад нь хүргэсэн гэж үздэг бөгөөд Альдо суллагдсаныхаа дараа шүүхийн маргааны давлагааг үргэлжлүүлэн энэ удаад хүүгийнхээ бус харин зээ дүүгийнхээ эсрэг шүүхэд хандсан байдаг. Эцэст нь тэрээр 1989 онд өөрийн эзэмшдэг Gucci-ийн хувьцаагаа тухайн үед Tiffany & Cо-г эзэмшдэг байсан Investcorp компанид худалдсан билээ.
Үүсгэн байгуулагч Гуччио Гуччигийн бага хүү. Маурицио Гуччигийн эцэг.
Гэр бүлийнхээ бизнест хамгийн бага оролцоотой эрхэм бол Родольфо Гуччи юм. Тэрээр хувцас, дизайн гэхээсээ илүү кино, урлагийн салбарт сонирхолтой байсан бөгөөд 1930-аад онд Маурицио де Анкоре гэх тайзны нэрээрээ алдар нэрт хүрч чадсан билээ. Гэвч удалгүй Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж түүний жүжигчний карьер уналтад орж, энэ үеийг тэрээр цэргийн ангиудаар ухуулга, сурталчилгааны ажлуудыг хийж өнгөрүүлсэн байдаг. Гэсэн ч Родольфогийн кино, урлагийн салбар дахь байр суурь, танилын хүрээ нь 1951 онд нээгдсэн Милан дахь дэлгүүрийн амжилтад нөлөөлсөн гэж үздэг юм.
Родольфогийн Gucci-д зориулан урлаж байсан бүтээлүүдээс брэндийн нэрийн хуудас болсон цэцгэн хээтэй Gucci Flora алчуур болон 18 каратын алтан түгжээтэй, матрын арьсан цүнх хамгийн алдартай нь билээ.
«House of Gucci» номонд Родольфо болон түүний хүү Маурициогийн маргааны тухай дэлгэрэнгүй гардаг бөгөөд асуудлын шалтгаан нь Маурициогийн сүйт бүсгүй Патриция Режани байдаг. Маргаанаасаа шалтгаалан Родольфогийн хүү Gucci-ээс гарч ирээдүйн хадам аавынхаа тээврийн компанид ажилд ордог ч төд удалгүй эргэн ирдэг байна. Харин дараа нь Родольфо таалал төгссөнөөр түүний эзэмшилд байсан хувьцааны хяналтын багц Маурициод өвлөгдөж, гэр бүлийн «дайны» эхлэл тавигддаг юм.
Гуччио Гуччигийн ач, Альдогийн хүү
Альдо Гуччигийн хүү болох Паоло нь Gucci-ийн хамгийн чухал болоод бүтээлч хэмээн тодорхойлогддог дизайнерын албыг хашдаг байжээ. Тэрээр 1960-аад оны дунд үед ready-to-wear цуглуулгаа гаргасан юм.
1980 онд Паоло эцэгтэйгээ санал зөрчилдсөний үүднээс «Paolo Gucci» нэрэн дор өөрийн дэлгүүрээ Нью Йорк хотноо нээдэг. Улмаар 1982 онд түүний эцэг Альдо хувьцаа эзэмшигчдийн гэрээнд тусгагдсаны дагуу Gucci гэх овгийг гэр бүлийн бизнесээс гадуур ашиглахыг хориглодог тул хувьцаанаас нь өөр ямар ч баялаг үлдээлгүй компаниасаа халдаг байна. Төд удалгүй Паоло өөрийн хувьцаагаа үеэл дүү Маурициод шилжүүлэн өгдөг билээ.
Гуччио Гуччигийн ач хүү, Родольфогийн хүү, Патриция Режанигийн нөхөр
Маурицио аавынхаа болгоомжлол, дургүйцлийг үл тоон тээвэр зуучийн компанийн эзний охин Патриция Режанитай гэрлэснээр түүний ээдрээт амьдралын түүх эхэлдэг. Шинэхэн гэрлэсэн хосууд авга ах Альдогийнхаа тусламжтай Нью Йорк хотыг зорьдог бөгөөд Манхэттенд байрлах Gucci-ийн салбар дэлгүүрийг хариуцан ажилладаг юм. Улмаар түүний эцэг таалал төгсөж Маурицио компанийн тал хувийнх нь эзэмшигч болдог ч энэ нь түүнд хангалтгүй санагдаж Альдогийн талаар татварын албанд мэдэгддэг байна.
Маурициогийн компанийг удирдан явуулсан арав хүрэхгүй жилийн хугацаанд гэр бүлийн бизнес нь дампуурахын ирмэг дээр ирдэг билээ. Улмаар Альдогийн эзэмшлийн хувьцааг Investcorp худалдан авч төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноор Маурициог удирдах албанаас нь түдгэлзүүлдэг юм. Үүгээр ч зогсохгүй түүний хувийн амьдрал ч мөн салалт, үхэл зэрэг гашуун явдлуудаар дүүрэн өнгөрсөн билээ.
Маурицио Гуччигийн гэргий
Патриция нөхрийн хамт Нью Йорк хот руу нүүснээр түүний жинхэнэ Манхэттены дээд зэрэглэлийн амьдрал эхэлдэг. Тэрээр «Дугуй унаж жаргалтай явснаас, Rolls Roys дотор уйлж явсан нь дээр» гэдэг үгээрээ алдартай билээ. Патриция нөхөр Маурициотой 12 жилийн турш ханилж, дундаасаа хоёр охинтой болсон ч тэдний жаргал удаан үргэлжлээгүй юм. Учир нь Маурицио томилолтоор явлаа гэж хэлээд гарсан ч эхнэр, хоёр хүүхдээ орхин гэрийнхээ босгыг ахин даваагүй байдаг. Ингээд Патриция сэтгэл гутралын эмгэгтэй болж, маш хүнд тархины мэс засалд ороод зогсохгүй нөхөр нь ирээд өөрийг нь болон хүүхдүүдийг нь ална гэсэн маш том айдастай байжээ. 1997 онд Патриция нөхрийнхөө амийг хороосон хэргээр баривчлагдаж, улмаар түүнд 29 жилийн хорих ялыг оноодог. Патриция 2016 онд хугацаанаасаа өмнө суллагдсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт