Америкийн энтертайнмент салбарын "их дөрвөл" гэгддэг наадмуудын нэг болох 77 дахь удаагийн Тони шагнал гардуулах ёслол (бусад нь Оскар, Эмми, Грэмми) Нью-Йорк хотын Lincoln Center дэх David H. Koch театрт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Арга хэмжээг жүжигчин Ариана Дебос гурав дахь жилдээ дараалан хөтлөн явуулсан байна. Энэ жилийн хувьд Hell's Kitchen, Cabaret, Merrily We Roll Along, Stereophonic зэрэг олон нийтээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүд нэр дэвшсэн шагналын тоогоороо тэргүүлж байгаа бөгөөд тэр хэрээрээ наадам багагүй өрсөлдөөнтэй байгаа юм.
Арга хэмжээнд оролцож буй алдартнууд жил бүр гламур, эрхэмсэг дүр төрхийг бүрдүүлэн ирдэг уламжлалтай. Харин Бродвей театрын шилдгүүд энэ жил нүд гялбам гоёмсог, хээнцэр хувцаслалтаар жигдэрчээ. Эмэгтэйчүүдийн хувцаслалт дундаас жүжигчин Эль Фэннингийн гоёсон Saint Laurent ордны тас хар хослол, жүжигчин Алия Скоттын өмссөн бантикаар чимэглэсэн сатин цагаан даашинз, мөн жүжигчин Анжелина Жоли болон түүний охин Вивьен нарын ногоон өнгөөр хослон бүрдүүлсэн дүр төрх яахын аргагүй онцгойрч байлаа. Эрчүүдийн хувьд түлхүү хар, цагаан өнгийн таксидо болон тейлор хийцтэй хослолоор гангарсан ч тэдний дундаас дуучин, жүжигчин Билли Портерын усны дусал мэт шигтгээтэй, газар шүргэм урттай хар хүрэм болон жүжигчин Даниэл Рэдклиффийн нил ягаан өнгийн хослол олны анхаарлыг татаж чаджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт