Лиса, Doja Cat болон Raye нарын хамтарсан Born Again дууны тизер цацагдлаа

BLACKPINK хамтлагийн Лиса тун удахгүй буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр Alter Ego нэртэй анхны бие даасан цомгоо сонсогчдын хүртээл болгохоор зэхэж буй. Шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэх бөгөөд түүний өнгөрсөн онд гаргасан Rockstar, New Woman, Moonlit Floor дуунууд багтсан байгаа юм. 

Тэгвэл маргааш буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр Лисагийн рэппер Doja Cat, Raye нартай хамтарсан Born Again дуу цацагдахаар болжээ. Өнөөдөр тэрээр шинэхэн дууныхаа тизерийг гэнэтхэн Youtube хуудаснаа нийтэлж, шүтэн бишрэгчдээ баярлуулаад амжсан байна. 

Born Again дуу сонсогчдын дунд маш өндөр хүлээлт үүсгээд байгаа бөгөөд Лиса өнгөрөгч аравдугаар сард Audacy Music радио нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө "Doja Cat-тай хамтарч уран бүтээл туурвих нь миний дараагийн том зорилго" хэмээн хуваалцаж байв. 

Мөн энэ сарын 16-нд Лисагийн дүр бүтээсэн анхны томоохон хэмжээний төсөл болох The White Lotus цувралын гуравдугаар бүлэг цацагдахад бэлэн болоод байгаа юм. 

Э.Цовоо

2025-02-06, 16:37