ГОВЬ-ийн шинээр томилогдсон ерөнхий дизайнер Жиоржио Спинагийн цуглуулгатай танилцъя

ГОВЬ ерөнхий дизайнераараа загварын ертөнцийн их дөрвөлийн нэг Итали улсаас гаралтай загвар зохион бүтээгч Жиоржио Спинаг сонгон хамтран ажиллах гэрээ үзэглэж шинэ түүхийн хуудсаа эхлүүлээд байна. Жиоржио Спина нь 1998 оноос эхлэн загварын ертөнцөд хүчээ сорьж байгаа юм. Тэрээр өөрийн “SPINA” студи болон сүлжмэл хувцасны Natyoural брэндээ амжилттайгаар үүсгэн байгуулсан чадварлаг мэргэжилтэн билээ. Спина сүлжмэл хувцасны загвар зохион бүтээгч төдийгүй үйлдвэрлэлд зориулсан утас, өнгө бүтээгчийн ур чадварыг давхар эзэмшжээ. Эдгээр чадварыг нь үнэлэн дэлхийн томоохон загварын орднуудын цувааг бүрдүүлдэг Dior, Giorgio Armani, Louis Vuitton, Max Mara, Chanel, Brunello Cucinelli, Alexander Wang, Moncler, Zegna гэх брэндүүд түүнтэй хамтран ажилладаг юм.

Тэгвэл ГОВЬ-ийн ерөнхий дизайнерын албыг хашиж эхэлсэн тэрээр өөрийн урласан Pre-Fall 2023 дебют цуглуулгаа ил болгоод байна. Жиоржио Спинагийн гоо зүй болон уран сэтгэмж хэрхэн ноолуурын ширхгүүдэд эрчлэгдэн биеллээ олсон бол?

Жиоржио Спина монгол ноолуурыг дэлхийн хамгийн үнэт утас гэж тодорхойлдог. “Микель-Анжело чулуун дээр сийлдэг бол би монгол ноолуураар урладаг” хэмээх түүний үгнээс дизайнерын ноолуурт өгдөг ач холбогдол тодхон харагдана.

Дизайнер ГОВЬ-ийн ахлах загвар зохион бүтээгчийн хувиар анхны цуглуулгаа толилуулж буй гэдэг утгаараа ямар сэдэв барьж авах, юуг чиг баримжаагаа болгох, гоо зүйн мэдрэмжээ хэрхэн илэрхийлэх зэрэг асуултууд юун түрүүнд тавигдана. Тэгвэл Pre-Fall 2023 цуглуулгыг цухас хараад өнгөрсөн ч байгаль дэлхий хүрээлэн буй орчноос ихээхэн сэдэлтэй гэдэг нь анзаарагдлаа. Тэрээр орчлон дэлхийн эд эс, ширхэг нэг бүрд сийлэгдсэн хээ, угалзыг цуглуулгадаа шингээхийг зорьжээ. Үүгээрээ ГОВЬ-ийн эртнээс тогтсон гоо зүйтэй нийцэж, мөн тэдний газар шороо, хүрээлэн буй орчноо нэгдүгээрт тавьдаг зорилгынх нь тусгал болсон гэлтэй. Үүнээс гадна ГОВЬ-ийн дизайн, үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Болормаа “Энэ удаагийн цуглуулгад загварын шинэчлэл хийж, олон төрлийн сүлжээс, нэхээсийг хослуулж, өнгө будгийн тоглолтыг нэг бүтээгдэхүүн дээр урласнаараа урьд өмнө байгаагүй шинэлэг шийдлийг бүтээсэн” хэмээн онцолжээ.


ДИЗАЙНЕРЫН АРГА БАРИЛ - ШИНЭ УУР АМЬСГАЛ

ГОВЬ-ийн урьд урьдын цуглуулгад шулуун силуэт, зөөлөн өнгө, цэцэгсийн хээ зэргээр тодорхойлогдох эмэгтэйлэг бөгөөд гламур хэв маяг давамгайлдаг байсан бол шинэ загваруудаас Спинагийн хэт боловсронгуй болгох гэж бус, харин ноолуурын анхдагч шинж чанарыг харуулахаар зорьсон нь анзаарагдана. Тэрээр олон жилийн эдэлгээнд ханзарч, сэмэрсэн мэт ханцуй болон хормойтой цамц урлаж өнөө цагийн загварын салбарт ноёрхоод буй rustic хэв маягтай хуучирсан хувцасны чиг хандлагыг дэлгэрүүлсэн байна. Эдгээр загвар нь юмс бүхэн ямар ч өө сэвгүй, нэг хэвд цутгасан байхдаа биш, харин төгс бус деталь, тэгш бус хэмтэй байхдаа үзэсгэлэн төгөлдөр харагддагийн илэрхийлэл болжээ.


СУЛ СИЛУЭТ

Ноолуур өөрөө хүний арьсны хоёр дахь давхарга мэт тав тух, эрх чөлөөг олгож чаддаг. Тиймээс ноолууран хувцас үйлдвэрлэгч брэндүүд хувцасныхаа хэлбэр, силуэтийг бүтээхэд ихээхэн анхаардаг билээ. ГОВЬ-ийн хувьд Pre-Fall 2023 цуглуулгаараа дамжуулан хөдөлгөөн хязгаарлахгүй сул атлаа хэт oversize биш сонгодог хэв маягаа хадгалсан загваруудыг онцолж байна.


ТРЕНД ЭЛЕМЕНТҮҮД

Ташуу хэлбэрийн цамцны оноо, тэгш бус хэмтэй хормой, мөр тодотгосон хүрмийн хэлбэр, гарын гидр зэрэг нь цаг үеэ мэдэрсэн оновчтой шийдэл болсон байв. Эдгээр чимхлүүр деталь нь шинэ залуу үеийнхний сонирхлыг татах нь гарцаагүй.


PRE-FALL 2023 ЦУГЛУУЛГЫГ ТАНИЛЦУУЛАХ ЗАГВАРЫН ШОУ

ГОВЬ зургаадугаар сарын 8-ны өдөр Pre-Fall 2023 цуглуулгаа олон улсын загварын шоунуудтай дүйцэхүйц түвшинд зохион байгуулагдсан runway шоугаар дамжуулан танилцуулсан билээ. Арга хэмжээ Чойжин ламын сүм музейд зохион байгуулагдсан бөгөөд Итали ур ухаан, монгол ноолуур, модерн хэв маяг 100 гаруй жилээс улбаатай түүхэн дурсгалт газар огтлолцсон юм. Арга хэмжээтэй илүү дэлгэрэнгүй танилцах бол энд дарж уншаарай. 

GOBI Cashmere

Холбогдох утас: 7004 8888

Facebook: GOBI Cashmere

Instagram: @gobicashmere_mn

Б.Энххүслэн

2023-06-13, 09:51