Jeremy Scott-ийн шинэ цуглуулга дахь сайкеделик өнгөнүүд ба футуристик хэв маяг

Хавар-зун 2020

Өвөрмөц сэтгэлгээгээрээ үргэлж биднийг гайхшруулдаг загвар зохион бүтээгч Жереми Скотт хавар-зун 2020 улиралд зориулан рок-н-ролл хэв маяг шингэсэн уран зөгнөлт, футуристик загваруудыг урлажээ. Тод өнгийн алаг тахины цоохор хээтэй гоёлын даашинз, Хавай арлыг санагдуулам хослол, тютю хормойгоор чимэглэсэн өргөн мөртэй даашинз, тэгш бус эсгүүртэй хослол, огторгуйн зургаар чимэглэсэн боди гээд тааварлахын аргагүй баялаг загварууд шинэ цуглуулгад багтсан ба дизайнер "Би зүгээр л хөгжилдөхийг хүслээ" хэмээн хэлсэн юм. Түүнчлэн нарийн гар ажиллагаа шаардсан хэд, хэдэн загварууд ч үзэгдлээ. Тухайлбал өнгө, өнгийн дотуур хувцсаар хатгаж чимэглэсэн даашинз, мөнгөлөг чимэглэлтэй сайкеделик хээтэй даашинз зэрэг загваруудыг харах төдийд л "хэрхэн урласан юм бол" гэх бодол төрнө. Уламжлал ёсоор шинэ загваруудыг тод өнгийн хиймэл үс зүүж, содон будалт хийлгэсэн загвар өмсөгчид танилцуулсан бөгөөд энэ нь загварын шоуг илүү баялаг, хөгжилтэй харагдуулж байлаа.

Buro.Mongolia

2019-09-09, 11:27