"Streetwear" хувцасны хэв маягийг гоёлын өнгө аястай хослуулсан нь
SOYO брэнд загварын шоуны тайзнаа гарч ирэх зургаа дах брэнд байсан юм. Брэндийн дизайнер Д.Энхмаа нь streetwear өнгө аясаар цуглуулгуудаа урладаг уламжлалтай бөгөөд энэ удаад ч үндсэн хэв маягтаа үнэнч байж oversize силуэттэй өдөр тутмын хувцаснуудыг танилцууллаа. Ингэхдээ тэрээр загварууддаа гоёлын уур амьсгал шингээснээр урьд урьдынхаасаа онцлог цуглуулгыг бүтээж чаджээ. Юүдэнтэй цамцыг металлик чимэглэлүүдээр бүрхэж, гялалзсан торон юбкатай хослуулсан нь өдөр тутамд ч тэр, тусгай арга хэмжээнд ч тэр өмсөж болох хувьсамтгай төрхийг бий болгосон байна. Түүнчлэн хэлхсэн шигтгээгээр хийгдсэн урт болон богино хантаазнуудыг шар-ногоон болон номин ногоон өнгийн атласан пиджактай хослуулснаар бас нэгэн олон янзаар загварчилж, өөр өөр нөхцөл байдалд өмсөж болох төрхийг харууллаа. Харин эрэгтэй загварууд нь цүнхний шаардлагыг үгүй хийсэн олон халаас, oversize силуэт болон бараан өнгөөр тодорхойлогджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт