Пьерпаоло Пиччолигийн Valentino-д зориулсан хамгийн анхны бие даасан цуглуулга өөлөх зүйлгүй болж, брэндийн ирээдүй найдвартай гарт байгааг харууллаа
Үнэнийг хэлэхэд Мария Грация Кьюри Valentino-гоос Dior луу шилжих үед загварын салбарынхны санаа зовниж эхэлсэн. Тэд Dior биш, харин Valentino-гийн ирээдүйд эргэлзэж байсан юм. Кьюри ба Пьерпаоло Пиччоли нарын хамтын ажиллагаа Valentino-г гайхамшигтай амжилтад хүргэж чадсан ч тэрхүү амжилтын ард хоёр дизайнерын яг аль нь зогсож байсныг хэн ч мэдэхгүй байсан. Магадгүй Пиччоли бүтээлч захирлын үүргийг ганцаараа үүрч дийлэхгүй байх гэх бодол хүмүүсийн толгойд нууцхан эргэлддэг байв. Юутай ч өчигдөр болж өнгөрсөн загварын шоу бүх эргэлзээг сарниуллаа. Пиччолигийн бие даан нээсэн загварын ордны шинэхэн бүлэг үнэхээр гайхамшигтай байлаа.
Пьерпаоло Пиччоли бол сэргэн мандалтын үеийн шүтэн бишрэгч, шуналтай судлаач, кутюр урлалыг эзэмшсэн чадварлаг мэргэжилтэн ба хамгийн гол нь Valentino-гийн хайрцгаас гадуур сэтгэж чаддаг, сониуч хүн юм. Тэр бие даасан бүтээлч захирлынхаа гарааг эхлүүлэхдээ юуны түрүүнд брэндийн өдөр тутмын хувцсыг уламжлал болсон хар бараан өнгө аястай, нууцлаг хэв маягаас чөлөөлж, загваруудад гэгээлэг мэдрэмж нэмж өгөхөөр шийджээ. Энэ нь ч брэндэд шаардагдаж байсан эерэг өөрчлөлт юм шиг санагдлаа.
Тэр 1970 ба 1980-аад оны Их Британий алдарт дизайнер Зандра Роудсын бүтээлээс урам авч, гараар зурагдсан хээтэй, хиппи маягийн даашинзууд цуглуулгадаа оруулсан байлаа. Шоун дээр өөрийн биеэр хүрэлцэн ирсэн ягаан үстэй Роудс хэвлэлийнхэнд "Үнэхээр гайхамшигтай" хэмээн уулга алдан, хэлсэн байна.
Шувуу ба ургамлын нарийн хийц бүхий хээтэй, ягаанаас улаан хүртэлх тод өнгийн сонголттой, тунгалаг, хөнгөн даашинзуудаар гоёсон загвар өмсөгчдийн үс энгийн сүлжмэл засалттай байж, нүүр будалт нь ч бас байгалийн залуухан дүр төрхийг илтэлээ. Мөн тэдний өмссөн хамба хилэн материалтай, шагай хэсгээрээ уяатай, зөөлөн ягаан өнгийн, намхан ултай сандаалууд дизайнерын дүрсэлсэн шинэхэн төрхийг төгс бүрдүүлсэн харагдана.
Магадгүй цуглуулгын үдшийн даашинзуудтай хэсэг хүрэлцэн ирсэн зочдыг гайхшруулж чадаагүй байх. Учир нь хүн үбр л Valentino-гоос нэвт гэрэлтэх, хээ хатгамалтай загварыг улирал бүр хүлээдэг болсон. Гэхдээ энэ нь тийм ч муу хэрэг биш юм. Учир нь даашинз бүр өөлөх зүйлгүй төгс хийцтэй, урьд өмнөх шигээ гайхалтай хэвээрээ байлаа. Шинэ цуглуулгын хамгийн онцлох хэсэг бол өдөр тутмын загварууд байсан юм. Пиччолигийн харуулсан ягаан өнгийн, тансаг хатгамалтай пальто болон шаргал-ягаан ба шар-ногоон өнгийн эрэгтэй эсгүүртэй сул өмднүүд бүсгүй бүрийн хорхойг хүргээд авлаа.
Товчхондоо бол Пиччоли өчигдөр онц дүн авч чадсан. Хэрвээ дизайнер энэхүү тансаг мэдрэмжтэй, орчин үеийн өдөр тутмын хувцсаа үргэлжлүүлэн бүтээх юм бол Valentino-гийн хэрэглэгчид улам өргөжих нь гарцаагүй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт