Жейн Биркин залуу насныхаа дэггүй дурсамжуудаас хуваалцлаа

Серж Генсбурийн хамтаар явсан романтик аялал болон зэгсэн сагсны гол зорилгын талаар ярилаа

Саяхан Их Британийн Vogue сэтгүүл өдгөө 70 настай Жейн Биркинтэй хийсэн нэгэн сонирхолтой ярилцлага нийтэллээ. Энэхүү ярилцлагын гол сэдэв нь аялагчдад зориулсан зөвлөгөөнүүд байсан юм. Жейн аяллын талаар ярих үедээ өөрийн нандин дурсамжуудыг сэргээж, тун сонирхолтой баримтуудаас хуваалцжээ.

Биркинээс аяллын цүнхээ хэрхэн бэлддэг талаар асуухад тэрээр "Би аялалд гарахдаа өмсдөг тусгай хослолтой, чихний бөглөөгөө хаана хийснээ мартдаггүй, эмх цэгцтэй, бүх зүйлсийг жижиг цүнхнүүдэд хийн зохион байгуулдаг хүмүүсийг хүндэлдэг. Би өөрөө аялалд гарахдаа хэзээ ч зохион байгуулалттай байдаггүй. Бүр хэзээ ч шүү. Би аяллын цүнхээ маш хурдан бэлдэж, хөнгөн аялдаг хүмүүсийн нэг. Гар тээшиндээ би Burlington брэндийн аяны цүнх эсвэл Hermés брэндэд зориулан бүтээсэн өөрийнхөө дизайнаас барих дуртай. Миний хувьд хамгийн гол нь шүдний сойз, оо, чихний бөглөө, нойронд тусалдаг эм болон мөнгөө мартахгүй авч явах нь л их чухал. Саяхныг хүртэл би Visa картаа ямар нэгэн зориулалтын сав ашиглалгүйгээр халаасандаа хийгээд явдаг байсан ч, нэгэн удаа картаа хугалснаар одоо Panama Marshall брэндийн жижиг түрийвч барьдаг болсон" гэж хариулжээ.

"Би аялалд гарах бүрдээ үргэлж өөрийн хайрт Сармагчин нэртэй тоглоомыг биедээ авч явдаг байсан. Сержийг үхэх үед би Сармагчинг түүний булшинд хийн үлдээсэн (Серж Генсбур бол Францын дуучин бөгөөд Жейн Биркиний нөхөр юм - редакцын тэмдэглэл). Би Сармагчинг 50 гаруй жилийн турш биедээ авч явсан бөгөөд үргэлж л хаа нэгтээ гээчийхвий дээ хэмээн санаа зовнидог байлаа. Харин одоо би түүнийг хаана байгааг мэддэг болохоор сэтгэл амар байдаг даа.

Би мөн үргэлж аялалд гарахдаа ном авч явдаг. Гэхдээ би үүнээс илүүтэйгээр онгоцонд суухынхаа өмнөхөн төрөл бүрийн, хэрэгтэй хэрэггүй сэтгүүлүүд худалдаж авах бүр ч дуртай. Би энгийн үед сэтгүүл бараг худалдаж авдаггүй атлаа аялах бүрдээ бүгдийг нэгэн зэрэг авмаар санагддаг шүү. Ер нь хүмүүс яаж Duty Free дотор ийм намбалаг байж чаддагийг би огт ойлгодоггүй юм. Би бол бүгдийг нь л худалдаж авмаар байдаг шүү! Тэр дундаа M.A.C.-ийн Soar өнгийн уруулын будгийг би уруул болон хацартаа түрхэх дуртай тул үргэлж олноор нь худалдаж авдаг" гэж Биркин ярилаа.

"Серж бид хоёр хамт байх үед би үргэлж өөрийн гэсэн нөмрөг, дэр ба жижиг ширээний чийдэнтэй аялдаг байсан. Мөн мэдээж хэрэг бүх дуртай номнуудаа авч явна. Бас зураг зурахад шаардлагатай эд зүйлсийг цүнхэндээ хийнэ. Тэр үед бид нэг буудалд нэлээд олон хоног өнгөрүүлдэг байлаа. Харин одоо би ирчихээд л буцдаг. Ингэж аялахдаа өөртөө гэхээсээ илүү Долли нохойдоо санаа тавьж, буудлын эд зүйлсийг хамгаалах үүднээс бүх эд хогшлыг даавуугаар бүрхдэг заншилтай".

Жейн мөн энэ ярилцлагын үеэр залуу насныхаа зарим дэггүй дурсамжуудыг дэлгэжээ. "Өө нээрээ зочид буудлын өрөөнөөс жижиг эд зүйлс хулгайлдаг байсан талаар ярихад нэг удаа би Air France онгоцноос хэд, хэдэн дэр хулгайлж, Maxim ресторанаас жижиг зүйлс авч байсан шүү. Гэхдээ бүх зөөгчид энэ талаар мэддэг байсан. Би зэгсэн сагсаа өөрт таалагдсан тавагнуудаар дүүргэдэг байлаа. Нэгэн удаа би бүр ширээний мөнгөн эдлэлийг цамц дотроо нууж байсан. Харамсалтай нь ресторанаас гарах үедээ шүтэн бишрэгчтэйгээ тааралдан гарын үсэг зурах үедээ санамсаргүй унагааж билээ".

Ярилцлагын бүрэн эхийг эндээс унших боломжтой.

Buro.Mongolia

2017-09-28, 15:00

  • Зураг: