Спектр: Жеймс Бондын загварын сонголтууд

007

Дэниел Крэйг Спектр кинонд тоглохдоо өмсөж, хэрэглэсэн зүйлс олны анхаарлыг багагүй татсан юм. Бид түүний сонголтуудаас түүвэрлэн хүргэхээр шийдлээ

Жеймс Бондыг бугуйн цаггүйгээр төсөөлөх аргагүй, түүний 24 дэх анги болох Спектр кинонд Omega брэнд дахин албан ёсны хамтрагчаар ажилласан байна. Omega брэндийн Спектр кинонд зориулан бүтээсэн Seamaster 300 загварыг (7,007 ширхэг үйлдвэрлэсэн) Бонд бугуйндаа зүүснээр гардаг бөгөөд уг загвар 2015 оны есдүгээр сараас худалдаанд гарсан байна. Цагны үнэ £4785 юм.

 

Tom Ford анх 2008 онд Жеймс Бондод зориулан загвар гаргаж байсан бол Спектр кинонд мөн хамтран ажиллаж, хувцас болон аксесуар бүтээжээ. Тус брэнд 007-д зориулан төгс оёдолтой хослол, өдөр тутмын хувцас, нүдний шил гээд дэгжин, анхаарал татам загварууд гаргасан байна.

Төгс хослолуудын хувьд тэрбээр цагаан, хөх өнгийн хослолууд өмсдөг. Цэнхэр дөрвөлжин хээ бүхий Tom Ford O'Connor Windowpane (£2650) хослолыг Tom Ford брэндийн зангиа, цагаан цамц болон JB чагтан товчтой хослуулсан байдаг. Харин цагаан өнгийн торгон оруулгатай Windsor Tuxedo (£2530) хүрмийг Мороккод, галт тэргэн доторх үзэгдэлд өмсдѳг бөгөөд мөн киноны постерт өмссөнөөр нь бид харсан билээ. 

Нууц туршуул гүйцэтгэх ажиллагаа явуулж байхдаа нэхмэл ханцуйтай бомбер хүрэм (£1450) өмссөн байдаг нь мөн л Tom Ford брэндийнх ба энгийн хэрнээ дэгжин харагддаг. Кинонд өөр нэг анхаарал татахуйц загварлаг гадуур хувцас гардаг нь Том Ford брэндийн Herringbone пальто (£3025) юм. Киноны Мексикт өрнөх үйл явдлын үеэр Бонд энэхүү хар өнгийн пальтог өмссөнөөр гардаг байна.

Спектр кинонд Дэниел Крэйг N.Peal брэндийн хар, хөх, саарал өнгийн хоолойтой цамц болон дугуй захтай цэнхэр ноолууран цамцаар гоёдог. Бахархалтай нь тус цамцнуудыг 100% Монгол ноолуураар бүтээжээ. Харин үнийн хувьд  £199-269 байгаа юм.

Нууц ажилтны гуталны сонголтоос дурдвал Бонд Crockett & Jones брэндийн үдээстэй болон давхар бүчтэй, илгэн материалтай гутал гээд зургаан өөр төрлийн загвартай гуталны цуглуулгаас өмсчээ. Гуталны загвараас хамааран  £345-460 юм.

Хослол, гадуур хувцас, гутал гээд дээд зэргийн загварлаг байдалд сүр нэмэх зүйл бол мэдээж аксесуар. Спектр кинонд Дэниел Крэйг Tom Ford брэндийн Henry Vintage Wayfarer FT0248 (£251) болон Snowdon FT0237 (£159) загварын нарны шилээр гоёсон байгаа. Snowdon FT0237 загвар 50, 52 гэсэн хоёр хэмжээгээр гарсан ба Бонд жижиг буюу 50 хэмжээтэйг зүүжээ.

Спектр 007 кинонд гардаг өөр нэгэн чухал зүйлс бол галт зэвсэг болон машин юм. Arsenal Firearms AF2011 Dueller Prismatic нэртэй энэхүү гайхалтай буу нь хоёр баррельтай ба 260 мм урт, 145 мм өндөр, 50 мм өргөнтэй аж.

Жеймс Бондын цувралд олон маркийн машин гардгаас шинэ ангид Aston Martin DB10 загвар гардагийг үзэгчид тодхон санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тус загварыг нийт 10 хувь үйлдвэрлэсэн ба наймыг нь Спектр киноны зураг авалтад оруулж, хоёрыг нь үзэсгэлэнд ашиглажээ. Дашрамд дурдахад Жеймс Бондын 24 цуврал киноны 12-т нь Aston Martin машин гардаг байна.

Б.Амина

2015-11-16, 17:00