Олон улсын BURO. дижитал сэтгүүлийн удирдлага Лондон руу шилжсэнтэй холбогдуулан аравдугаар сарын 23-ний өдөр цоо шинэ дизайн бүхий buro.com вебсайт албан ёсны нээлтээ хийсэн билээ. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан компанийн гүйцэтгэх захирал Ник Смит орон орны BURO. сэтгүүлийн төлөөлөгчдийг болон салбарын нөлөө бүхий эрхмүүдийг Лондон хотод хүрэлцэн ирэн ид шидийн, нууцлаг уур амьсгалтай нэгэн гайхамшигтай арга хэмжээнд оролцохыг урьжээ.
Арга хэмжээнд зориулан Лондон хотын хуучин цэргийн байгууламжийг нэг үдшийн турш The BURO. Hotel болгон хувиргасан бөгөөд орчны хуучирсан интерьер үдэшлэгийн контемпорари шийдэлтэй хосолсноор зочид яг л нууц клубд хүрэлцэн ирсэн мэт онцгой мэдрэмж авч байлаа. Тодруулбал зочид буудлын лобби мэт зассан үүдний хэсэгт консьерж зочдыг угтан аван үндсэн танхим руу оруулахад бүүдгэр улаан гэрэлтэй бүрэнхий орчинд алтлаг өнгийн баг зүүсэн нууцлаг эрхмүүд, хөзрөөр хувь тавилан зөгнөх нөмрөгтэй шидтэнүүд, хачин жигтэй үзүүлбэр үзүүлэх уран бүтээлчид, мөн мэдээж загварын салбарын алдартай нэрс нэг дор хуран цугласан байлаа. Шинэ вебсайтын нээлтийн арга хэмжээ Хэллоуины баяртай давхацсан тул ийнхүү нууцлаг, этгээд сэдэв дор хийгдэж BURO.Cult гэх нэршлийг авчээ.
Баярын үдшийн зоогийн үеэр Линкольнширийн бяслагтай Английн уламжлалт хоол, Тартар соустай үхрийн махан зууш, шинэхэн бөөрөлзгөнөтэй чизкейк болон Black Tears Spiced Rum коктейлууд ба Pol Roger оргилуун дарсаар үйлчилжээ. Харин арга хэмжээний албан ёсны хамтрагчаар Coach брэнд ажилласан байна.
Хүлээн авалтад ОХУ-ын BURO. сэтгүүлийн ерөнхий редактор Екатерина Дарма, Монголын BURO. сэтгүүлийн үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл, Сербийн BURO. сэтгүүлийн үүсгэн байгуулагч Мирослава Дамьянович, Казахстаны BURO. сэтгүүлийн үүсгэн байгуулагч Меруерт Абдир, Сингапурын BURO. сэтгүүлийн үүсгэн байгуулагч ба R.S.V.P агентлагийн ерөнхий захирал Беттина фон Шлиппе, System сэтгүүлийн хамтран үүсгэн байгуулагч Алексия Нидзельски, загварын блогер Сьюзи Лау болон бусад загварын салбарын нөлөө бүхий эрхмүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт