Монголын шилдэг артистуудтай хамтарч хийсэн арт бүтээл мэт загварууд
"Grandmaster хэзээ ч ямар нэг мессеж агуулалгүйгээр, зорилгогүй зүйл хийж байгаагүй" хэмээн О.Анхбаяр тун удахгүй танилцуулах гэж буй Protect Ya Soul цуглуулга болон хоёрхон хоногийн дараа болох гэж буй брэндийн анхны загварын шоуны талаарх яриагаа эхлүүллээ.
Граффити урлагийг монгол хөдөө аж ахуй, соёл заншилтай холбож, бүтээлүүддээ соёмбо тэмдгийг онцолдог чадварлаг артист OchirOne болон О.Анхбаяр нар хамтарч "Protect Ya Soul" төслийн өвөрмөц хээ, бичвэрүүдийг бүтээсэн байна. Тэдний хүргэхийг хүсдэг санаа, үзэл бодол хоорондоо нийцсэн тул ийнхүү граффити урлаг болон хувцас загварыг нэгтгэхээр шийджээ. Тодруулбал, тэд OchirOne-ийн зурсан граффитиг хувцсан дээр хээ болгон буулгаж, шинэ цуглуулгын загваруудыг бүхэлд нь тус хээгээр бүрхэх байдлаар хүчтэй эффектийг бий болгож чадсан байна. Ийм үр дүнд хүрэхийн тулд тэд нийт гурван сар хөдөлмөрлөсөн бөгөөд даавуун дээр хээ буулгах арга барилууд дундаас хамгийн эртний, чанартай гэгддэг торгон хэвлэлийг сонгожээ. Ингэснээр загвар бүрийг тусгай цоолборуудтай ширээн дээр байршуулж дээрээс нь зориулалтын будаг асгаж, гэрлээр цохиж, дараа нь будгийг хусаж, тодорхой температурт хатааж гээд маш нарийн гар ажиллагаа орсон байна. Мөн үүнд шаардлагатай тусгай ширээ, төхөөрөмжийг бүгдийг өөрсдийн гараар хийж босгожээ.
О.Анхбаяр Монголын тансаг зэрэглэлийн streetwear брэндийг бий болгохын тулд Монгол түүхий эдээ заавал ашиглах ёстой гэж үздэг тул энэ удаагийн төсөлдөө дотоодын томоохон компаниудын нэг болох "Дархан Минж" ХХК-тай хамтарчээ. Ингэхдээ тэрээр мөн л уламжлалт хэв маягийг эвдсэн загваруудыг бүтээж өөрийн өнгө аясдаа оруулж чадсан байна. Тухайлбал, гадуураа савхин бүрэлттэй 100% нэхий бомбер, хурган бомбер, oversize эсгүүртэй нэхий пальто гээд гудамжны хэв маяг шингэсэн загварууд цуглуулгад багтсан харагдана. "Яагаад нэхий дээл пальто шиг, энгийн загвартай байж болохгүй гэж? Яагаад хурган бомбер байж болохгүй гэж?" хэмээн тэрээр хэлсэн юм.
Цуглуулгад мөн эсгийгээр урласан сонирхолтой деталиуд, олон янзаар ашиглаж болох чимэглэлүүд орсон нь эсгий урлалаар олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцдог, үүнээс гадна зураг зурдаг, перформанс арт үзүүлдэг чадварлаг артист Мөөжийгийн бүтээлүүд байх юм.
“Protect Ya Soul” цуглуулгыг арт ертөнцтэй холбож буй бас нэг зүйл нь цуглуулгад орсон уран баримлууд юм. Дэлхийн томоохон музей, галлерейд бүтээл нь дэлгэгддэг алдарт керамик уран барималч Н.Сүхбүрэн энэ удаагийн төслийн эмблем болох нүүрний маскыг баримал болгон урлаж нийт гуравхан бүтээлийг цуглуулгад зориулжээ.
Grandmaster брэндийн дараа дараагийн цуглуулгууд болон О.Анхбаярын гаргах хувийн бүтээлүүд цаашид зөвхөн nft.mn дээр танилцуулагдаж, энэ платформоор дамжуулан хэрэглэгчдэд хүрэхээр болжээ. "www.nft.mn-ийг Grandmaster болон Elf гэсэн хоёр компани хамтран үүсгэн байгуулсан юм. Үүний шалтгаан нь NFT бол уран бүтээлчдийн хувьд шинэ эрин зуун, дараагийн түвшин гэж хэлж болно. Бид олон артистуудыг нэгтгэж тэдний үзүүлэх гээд байгаа, хүргэх гээд байгаа зүйлсийг илүү хурдан, дорвитой, сонирхолтой байдлаар хүргэх болно. Мөн бидний хамгийн том зорилго нь Монголын анхны контемпорари музейг нээхээр ажиллаж байна" хэмээн О.Анхбаяр тайлбарласан бөгөөд nft.mn дээр хийгдэх борлуулалт бүрийн тодорхой хувь музей босгох сан руу хуваарилагдахыг онцоллоо. "Монгол уран бүтээлчид чансаагаараа дэлхийн хаана ч, хэнийг ч гаргаахгүй мундаг. Хуучны болон орчин үеийн маш олон артистуудын уран бүтээлүүд олширсоор байгаа боловч тэдгээрийг дэлгэж тавих, хүмүүс очиж үзэх контемпорари урлагийн музей нь манайд байхгүй байна. Тэр артистудыг байхгүй болсон хойно бүтээлүүд нь хаана үлдэх вэ? Бид зүгээр нэг ярих биш харин музей барина гээд шийдчихсэн байгаа. Энэ музей нь зөвхөн манайд гэлтгүй дэлхийд ч хэрэгтэй. Олон улсын кураторууд Монгол бүтээлүүдээр цангачихсан байна".
"Protect Ya Soul" загварын шоу арванхоёрдугаар сарын 9-нд зохион байгуулагдах бөгөөд цөөн тоогоор гарах шинэ загваруудыг nft.mn дээрээс захиалах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт