Vogue сэтгүүл 130 нас хүрлээ!: Ойн баярт зориулсан загварын шоу

Загварын салбарын хамгийн нэр хүндтэй эрхмүүдийг цуглуулсан “Vogue World” арга хэмжээн дээр юу болов?

Vogue бол загвар, гоо сайхан, соёл ба урлаг, амьдралын хэв маягийн талаарх мэдээлэл хүргэдэг салбартаа тэргүүлэгч сэтгүүл юм. Тэд загварын долоо хоногийн сурвалжилга, алдартнуудын стиль, шинэ залуу уран бүтээлчид болон бусад сонирхолтой мэдээллийг уншигчдадаа хүргэсээр 130 жилийн нүүрийг үзжээ. Энэхүү баяраа тэмдэглэн Vogue-ын хамт олон үнэнч түншүүд, томоохон брэндүүд, хайртай моделиуд болон хүндэлж явдаг эрхмүүдээ оролцуулан “Vogue World” загварын шоуг Нью-Йорк хотноо амжилттай зохион байгууллаа.

Загварын шоуг дэлхийн чансааны тэргүүнд бичигддэг асан, саяхан зодог тайлсан теннисчин Серена Уильямс нээсэн бөгөөд түүний араас Жижи Хадид, Адут Акеч, Белла Хадид, Кендалл Женнер, София Штейнберг, Precious Lee зэрэг өнөө цагийн It моделиуд болон Карен Элсон, Хари Неф, Жереми О. Харрис, Lil Nas X, Бруклин Бекхэм гэх салбар салбарын тэргүүлэгчид алхсан юм. Арга хэмжээний хүрээнд толилуулсан 100 гаруй төрхийг Balenciaga, Dior, Gucci, Valentino, Burberry, Coach, Michael Kors, Collina Strada, Ralph Lauren, Proenza Schouler, Diesel, Tory Burch болон бусад брэндүүдийн намар-өвөл 2022 цуглуулгаас бүрдүүлсэн байна.

“Vogue World” загварын шоуг шууд дамжуулан хүргэсэн ба та яг одоо Vogue-ын вэбсайтаас хүлээн авч үзэх боломжтой.



Buro.Mongolia

2022-09-13, 12:24

  • Зураг: Vogue