2017 оны чиг хандлага: Хатгамал

Цэцгэн дүрснээс эхлээд үлгэрийн уран сэтгэмж хүртэл

Энэ хаврын улиралд хатгамалтай элемент дахин нэг удаа моодонд орлоо. Хатгамалтай трендийг дэлгэрэхэд нөлөөлсөн хамгийн гол брэндүүд бол мэдээж хэрэг Gucci ба Dolce & Gabbana нар юм. Тэд сүүлийн хэд хэдэн цуглуулгадаа хатгамлыг гол элемент болгож, уг трендийг тогтмол дэмжиж байгаа.

Торон даашинз дээрх хатгамал

Хаврын улиралд хамгийн эрэлттэй, загварлаг байх хувилбар бол тюль маягийн торон ба шифон материалтай даашинз дээрх том хэмжээтэй хатгамал юм. Тухайлбал дизайнер Алессандро Микеле ийм материал дээр бүхэл бүтэн үлгэрийн түүх урлаж, хэрэглэгчдээ гайхшруулдаг. Түүний жишээг мөн Alexander McQueen-ы дизайнерууд дагадаг бөгөөд тэд намар-өвөл 2016 улирлын цуглуулгадаа зориулж хагас гэрэлтэх торон даашинзыг люрекс хатгамлаар бүрхсэн байдаг. Харин Red Valentino ба Delpozo брэндүүдийн цуглуулгад илүү даруухан дизайн үзэгдсэн байгаа. Тэд даашинзыг жижиг хэмжээтэй цэмцгэр цэцгүүдээр чимэхийг илүүд үзжээ.

Гадуур хүрэм дээрх хатгамал

Хатгамалтай элементийг дизайнерууд ихэвчлэн юбка эсвэл даашинз дээр ашигладаг хэдий ч сүүлийн үед хатгамалтай гадуур хувцас загварлаг бүсгүйчүүдийн анхаарлыг татах боллоо. Хамгийн этгээд хувилбарууд Alexander McQueen ба Etro нарын загварын шоун дээр үзэгдсэн байгаа. Эдгээр брэндийн дизайнерууд сонгодог маягийн байкер савхин хүрмийг цэцгэн хатгамлаар чимсэн байлаа. Тэрхүү панк-рок ба романтик хэв маягийн хослол энэ улирлын хамгийн загварлаг шийдлээр нэрлэгдэж байна. Харин илүү энгийн хувилбарыг Dolce & Gabbana ба Etro-гийн pre-fall цуглуулгаас олж хараарай.

Цөөн тооны чимэглэл маягийн хатгамал

Хэтэрхий их чимэглэлд дургүй хүмүүст зориулсан тусгай загварууд ч бас бий. Marc Jacobs жижиг хэмжээтэй цэцгэн хатгамлыг даашинзын зөвхөн цээж хэсэг дээр ашигласан бол Fendi хамба хилэн даашинз дээр цөөн тооны үслэг цэцгүүд оруулсан байлаа. Харин Alexander McQueen зөөлөн өнгө ашигласан цөөхөн хатгамлыг даашинзны хормой дээр "нуусан" байв.

Аксесуар дээрх хатгамал

Том хэмжээтэй, өнгөлөг хатгамлууд энэ хаврын улиралд зөвхөн хувцас гэлтгүй, мөн аксесуарыг чимэх болно. Gucci ба Fendi брэндүүд гар цүнхийг цэцэг ба жимсний хатгамлаар чимж байгаа бол Alexander McQueen түрийтэй гутал дээр хатгамал оруулж байна. Ийм аксесуар таны хувцаслалтыг бусдаас өвөрмөц болгож, хүн бүрийн анхаарлыг татах болно.

Buro.Mongolia

2017-02-22, 12:00

  • Зураг: