Энэ намар-өвлийн улиралд ямар цүнх барих вэ?

2021 оны гол цүнхнүүд

Гинжин оосор

Хэзээд эрэлттэй байдаг гинжин бариултай цүнх энэ удаа ч мөн моданд оржээ. Намар-өвөл 2021 цуглуулгад классик алтлаг, мөнгөлөг гинжнүүдээс гадна илүү том хэлхээстэй цагаан, эсвэл бусад тод өнгийн загварууд багтсан байна.

Олон үйлдэлт

Дизайнерууд энэ намрын цүнхнүүдийг усны сав, уруулын будаг, утас зэргээ хийх боломжтой тусдаа кармануудаар гоёжээ. Энэхүү загвар нь эд зүйлсээ тасалгаа бүрт нь хийж эмх цэгцтэй авч явах боломжийг олгохын зэрэгцээ загварлаг харагдах болно.

Шинэчлэгдсэн классик

Хэзээд үнэ цэнээ алддаггүй, хэрэглэгчдийн хүсэлд нийцсэн Gucci брэндийн Jackie, Balenciaga ордны Hourglass, Loewe-ын Flamenco цүнхнүүдийн шинэчлэгдсэн, намрын өнгө аястай хувилбарууд тренд болно.

Хамгийн хэрэгцээтэй tote цүнх

Tote цүнх нь үнэртэй ус, косметик хэрэгслээс эхлээд гар ариутгагч, цаашлаад бүр боодол маскыг ч хүртэл өөртөө багтаахаар том хэмжээтэй гэдгээрээ онцлог. Энэхүү загвар нь Hermès, Fendi, TheRow брэндүүдийн намар-өвөл 2021 цуглуулгад хийц, хэлбэр, хэмжээний өргөн сонголттойгоор зонхилжээ.

Мини цүнх

Энэ нь хэрэглээ талаасаа гэхээсээ илүү таны төрхийг чимэх шинэлэг, сонирхолтой аксесуар байх зориулалттай цүнх юм. Мини загварын 2021 оны давлагаанд Jacquemus брэндээс гадна Chanel, Celine, Emporio Armani зэрэг загварын орднууд нэгджээ.

Ovesize загвар

Намар-өвөл 2021 цуглуулгад макси цүнхнүүдийн хэмжээ хэд дахин томорсон харагдлаа. Мини цүнхний эсрэг туйл гэж болох oversize загвар нь хэрэгцээтэй бүх эд зүйлсээ хийн аялал, зугаалгад авч явахад нэн тохиромжтой юм.

Messenger цүнх

Өдөр тутмын, шик төрхийг нарийн хийцтэй messenger цүнхний тусламжтай бүрдүүлэх боломжтой. Энэхүү цүнхийг Etro брэнд элгэн материалаар, харин Max Mara арьсаар урласан харагдлаа.

Хөвсгөр ба зөөлөн

2000-аад онд чиг хандлагыг тогтоогоод байсан тав тухтай буйдан мэт харагдах энэхүү цүнх нь эргээд моданд оржээ. Тухайн үеийнхээс ялгаатай нь Simon Miller, Etsy зэрэг загварын орднууд арьсан материалаас татгалзсан хүмүүст зориулж vegan арьсаар тус цүнхийг урласан байна.

Buro.Mongolia

2021-08-30, 10:44