Цамцан пальто, ноосон даашинз зэрэг намар-өвөл 2020 улирлын хит загварууд
Намар-өвөл 2020 улиралд ямар чиг хандлага ноёрхож, дизайнерууд ямар загварууд онцолсныг хүргэж байна. Харин уншигч та ямар ч загвараар шүүгээгээ бүрдүүлсэн бай хамгийн гол дүрмүүд болох цаг агаартайгаа нийцүүлэн хувцаслах, мөн цар тахлын энэ үед хоорондын зай барихыг мартуузай.
Энэ намар тренд болох ноосон даашинз нь зуны мэт зөөлөн өнгөтэй, нимгэн мэт ханцуйгүй хийцтэй, эсвэл далайн эрэг дээр өмсөх зориулалттай мэт туник загвартай байх учиртай юм. Bottega Veneta, Salvatore Ferragamo болон Nanushka брэндүүдээс жишээ загвар хараарай.
Яг л цамц шиг харагдах атлаа гадуур хувцасны үүргийг гүйцэтгэх зузаан материалтай хүрмийг даашинз, хоолойтой цамц, свитер зэрэгтэй хослуулан өмсөхийг зөвлөж байна. Хамгийн гол нь сонголтоо хийхдээ oversize эсгүүртэй байх хэрэгтэйг анхаараарай.
Нэхмэл, торон, савхин, торгон зэрэг өвөрмөц материал бүхий, сонирхолтой хийцтэй цээживчүүдийг Saint Laurent, Rokh болон Random Identities брэндүүд санал болгосон байгаа. Цамц, даашинзын гадуур, эсвэл пиджак дотор дангаар нь гэх мэт хүссэнээрээ загварчлаарай.
Хүсвэл цахилгаан эсвэл товчны тусламжтай хоолойгоо хүйтнээс хамгаалж, мөн хүсвэл захыг нь нугалан далайчны өмсгөл мэт болгож өмсөх боломжтой свитер цамц нь бараг бүх брэндүүдийн шинэ цуглуулгад багтсан байгаа.
Хамгийн анх Миучча Прада Miu Miu брэндийнхээ зуны цуглуулгад богиносгосон эсгүүртэй кардиган оруулснаар энэ тренд эхэлсэн юм. Одоо харин кроп кардиганыг бүх брэндүүд урлаж байгаа бөгөөд дизайнерууд өндөр суудалтай брюк өмд, юбка болон жийнстэй хослуулахыг зөвлөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт