Ажил дээрээ илүү үр бүтээмжтэй, аз жаргалтай байхад туслах өглөөний 3 дадал

Туршаад үзээрэй

Өөрт тохирох өглөөний тогтмол дэглэмийг бий болгох нь стресс бууруулах, эрч хүч нэмэгдүүлэх, ажлын бүтээмж сайжруулах зэрэг олон төрлийн давуу талтай. Хэрэгжүүлэхэд хялбар хэр нь өндөр үр дүнтэй өглөөний гурван дадлыг уншигч танд санал болгож байна.

Үгийн ид шид

Өдрийг хийх зүйлсийн жагсаалт гаргаж, цахим шуудангаа шалгаж эхлүүлэх нь тархийг шууд л тайван бус горимд шилжүүлэн, стресстүүлж эхэлдэг хэмээн сэтгэл зүйч Жессика Жексон анхааруулав. Үүний оронд тэрээр өглөө босоод цөөн хэдэн минут чимээгүй сууж, гүнзгий амьсгаа аван өдрийг бүхэлд нь тодорхойлж чадах ганц үг, эсвэл өгүүлбэр сонгохыг зөвлөсөн юм. Жишээлбэл, тухайн үеийн зорилгодоо тулгуурлан “амжилт”, “тав тух”, “эрч хүч” зэрэг үгс сонгох боломжтой. Энэ нь таны сэтгэл зүйд нөлөөлж, аливаад үзүүлэх хариу үйлдлийг шийдэх хүчин зүйл болж чадна. Амар амгалан эхлүүлсэн өдрөөр сэтгэл зүй тайван бас хүчирхэг болоод зогсохгүй бүтээмж нэмэгдэх давуу талтай.

Дэлгэцгүй өглөө

Өглөө сэрээд хэсэг хугацаанд огт дэлгэц харахгүй байх нь тархийг зөв ачаалуулах хамгийн сайн арга юм. Бид өглөөг ихэвчлэн дэлгэц ширтэж эхлүүлдэг нь нүдний хараа, анхаарал төвлөрөлтөд муу нөлөөтэйгөөс гадна цахим орчин дахь сөрөг мэдээллүүд хүний сэтгэлзүйд багагүй нөлөөлдөг болохыг сэтгэл зүйч Дебби Соренсен анхааруулсан юм. Харин үүний оронд тэрээр тэмдэглэл бичих, ном унших, алхах, дасгал хийх зэрэг ямар нэгэн технологийн хамааралгүй зүйлд цагаа зарцуулахыг зөвлөлөө. Ингэснээр та өдрийн турш эрч хүчтэй, сэтгэл зүй тогтвортой, стресс ядаргаа багатай байж чадна.

Хамгийн гол нь хөгжилд

Хөгжилдөх нь эрүүл мэндийн салбарт маш чухал хэдий ч дутуу үнэлэгдсэн хэсэг гэж сэтгэл зүйч Лаура Пэндерграсс тодорхойлов. Хамгийн хөгжилтэй найзтайгаа өглөө бүр сонирхолтой яриа өрнүүлэх, эсвэл ажилдаа бэлдэх зураа гурван минутын инээдтэй бүжиг хийх зэрэг эндорфин нэмэгдүүлж, баяр баясалтай байлгаж чадах дадлыг өөртөө бий болгоорой. Тухайлбал, Пэндерграсс байгалийн тухай баримтат кино үзэхэд тодорхой хугацаа зарцуулдаг ба энэ нь түүнд эрч хүч нэмэгдэхэд тусалдаг байна.

Buro.Mongolia

2023-03-31, 18:29