Тухтай байдал гэж юу вэ?: Ralph Lauren Home

Ральфын ордонд тавтай морил

Та эдгээр тохилог хэрнээ маш өнгөлөг гэр ахуйн тавилгуудыг хараад өөрийн эрхгүй дурлаж мэднэ. Олон сая хүний хувьд амьдралынх нь жинхэнэ утга учир болж байдаг "Америк мөрөөдөл" бол Ralph Lauren загварын ордны гол философи нь юм

Еврей гаралтай, Беларусийн Пинскийн цагаачдын хүү Ральф Лорен Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт төржээ. Ральфыг бага байхад нь түүнд унадаг дугуй ч байдаггүй байлаа. Учир нь таван хүүхэдтэй, амьдралын бололцоо муутай айл хүүдээ унадаг дугуй авч өгч дийлээгүй юм. Гэхдээ Ральф сагсан бөмбөг тоглодог байсан ба спортын карьер хөөхийг мөрөөддөг байв. Харамсалтай нь мэргэжлийн тамирчин болоход түүний өндөр нь хүрээгүй. Тэрбээр анх өөрийн гараар хийсэн, өвөрмөц зурагтай, өргөн, зөөлөн зангилаа бүхий зангианууд хийж загварын ертөнцөд орж ирж байлаа. Тэр үед хэн ч тийм зангиа урладаггүй байсан ба Ральф өөрийн биеэр дэлгүүрүүдээр явж бүтээгдэхүүнээ санал болгодог байв. Харин одоо тэр 7,5 тэрбум долларын хөрөнгөтэй тэтгэврийн хөгшин болсон. Одоо түүний олон тооны компаниуд эрэгтэй, эмэгтэй хувцас, сүрчиг, үнэт эдлэл, цаг, цүнх, бусад арьсан эдлэлүүд болон гэр ахуйн интерьерт зориулсан өргөн хүрээний шугам гаргадаг. Мөн түүний компаний хувьцаа хөрөнгийн бирж дээр худалдаалагддаг. Ральф одоо 77 настай бөгөөд өөрийн бизнесийн өдөр тутмын ажлаас хөндийрсөн ч, урьдын адилаар бүх зүйлийг хянасан хэвээр байгаа.

California Romantic коллекци, хавар 2011
Black Palms коллекци, хавар 2016

Хэдийгээр Лорены хувцас болон амьдралын зарчим нь америк хэв маягийн мөн чанарт тооцогддог ч, оргилж байгаа амин чухал хүчнээс нь өөр ковбойчуудыг илтгэх юм ховор. Лорен бол амьдрал дээр гоо сайхныг таашаагч, загварын гуру, Английн соёл, түүхийг бахдан шүтэгч, дарвуулт онгоц болон морин поло шүтэн бишрэгч, хуучны сонгодог автомашин цуглуулагч хүн юм.

Түүний хувцасны хэв маягт Фрэд Астер, Фрэнк Синатра, Кэри Грант, Марлон Брандо нар асар их нөлөөг үзүүлсэн. Тэр орчин үеийн залуучуудад 1950-аад онд Brook Brothers-ын хийсэн зүйлтэй төстэй зүйлийг өгсөн юм. Өөрөөр хэлбэл, моод хөөдөггүй хүмүүст зориулаад албан ёсны болон амралтын өдрүүдэд ч тохирох загварлаг хувцас хийж өгсөн. Харин нөхрийнхөө цамцнаас өмсөх дуртай бүсгүйчүүдэд зориулж өөрийн зохиосон эрэгтэй цамцны бага зэрэг тачаангуй, эмэгтэй хувилбарыг бүтээж байв. Мөн Ральф Лорен 1983 оноос эхлэн тавилга, гэрлийн бүрхүүл, алчуур, баарны холигч зэрэг багтсан бүрэн хэмжээний гэр ахуйн эд зүйлсийн шугам гаргаж эхэлсэн юм. Тэрээр гэр ахуйн цуглуулга гаргасан Америк дизайнеруудын анхдагч нь болж байлаа. Түүний өмнө зөвхөн Никола Труссарди л ийм зүйл хийж байсан. Харин Труссарди зөвхөн гэр орон тохижуулаад зогсохгүй, италичуудад зориулж албан тасалгааны тавилга хийгээд бүр дугуйн аялалд нь хүртэл загварлаг аксессуар урладаг байжээ.

Elizabeth Street коллекци, хавар 2016
Villa America коллекци, хавар 2006

Хүмүүс түүний эд зүйлсийг худалдан авахдаа өөрсдийгөө нэр хүндтэй, байр суурьтай буйгаар мэдэрдэг. Яг л Ральф Лорены ертөнцийн нэгэн хэсгийг авч байгаа мэт. Мөн энэ нь зөвхөн өмд, хүрэм, оймс, хилэн углааш ч биш. Үүнд тэдний дээр нь унтаж байгаа ор дэрний хэрэглэл, хайртай хүмүүсийнхээ зургийг хийж байгаа жааз, гэрийн тань үнэрийг санагдуулах лаа зэрэг орно. Ральф өөрийн хийсэн ярилцлагууддаа "Би бүх зүйлд адилхан л ханддаг. Би ингэж амьдрахыг хүсэх байсан болов уу гэж үргэлж асуудаг" гэж хэлдэг. Тэр өөрийн брэндийг үүсгэсэн цагаас эхлэн түүний дэлгүүрүүд яг л Ральфын хүссэнээр, түүний бодсоноор харагдаасай гэж шаарддаг байжээ. Армани өөрийн гэрийн загвараа гаргахаас бүр өмнө, Armani зочид буудалдаа гэр ахуйн "total look"-ээ танилцуулахаас ч өмнө яаж амьдрахыг хүсч буйгаа Ральф Лорен өөрийн дэлгүүрүүдээрээ харуулсан.

"Миний хийж байгаа бүх зүйл хоорондоо холбоотой ба бие, биедээ нөлөөлж байдаг. Хүмүүсийн гэр тэдэнд улам л чухал болж, тэд зөвхөн хувцас хунар сонирхохоо больж, орон байраа тохижуулах сонирхолтой болж эхэлсэн. Мөн би зөвхөн тухайн эмэгтэйн хүрэм эсвэл цагаан хэрэглэлийн талаар боддоггүй. Би энэ эмэгтэй хаана амьдарч, амралтынхаа өдөр юу хийдэг бол, хэнтэй уулздаг бол гэж эргэцүүлдэг. Би бүхэл дүр зургийг хардаг. Миний бодлоор би зан араншин дээр тулгуурласан бүхэл бүтэн ертөнц бий болгодог. Мөн миний хийж байгаа бүх зүйлийг нэг л сэдэв холбодог" гэж тэрээр ярьжээ.

Downtown Modern коллекци, намар 2014
Downtown Modern коллекци, намар 2014

Clivedon коллекци, намар 2013

Ральф Лорены гэр ахуйн цуглуулга зүгээр ч нэг бүрээс эсвэл гоёл чимэглэлийн бүрдэл биш гэдэг нь түүнийг өрсөлдөгчдөөс нь онцгой болгож чаддаг гол зүйл нь. Түүний цуглуулга ямар нэг сэдэвтэй, анхны америк хэв маягийн байшингийн дүр төрхтэй холбогдож байдаг. Тухайлбал, Санта Фед далайн эрэг дээр, тансаг Хэмптонд, Колорадогийн фермд, Нью-Йорк хотын лофт гэх мэт.

Түүний 2016 оны шинэ цуглуулгууд Black Palms, Modern Sands болон Elizabeth Street гэсэн нэртэй бөгөөд зуны амралтаа авах хүсэл төрүүлнэ. Эхний цуглуулга нь бага зэрэг Африкийн Сафари уур амьсгал санагдуулах бол, хоёр дах нь халуун орны далайн эргийг бодогдуулна. Харин сүүлийн цуглуулга нь Атлантын далайн эрэг дагуу орших Хэмптоны хуучинсаг хэв маягтай байшинд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

Ralph Lauren Home-ийн бусад алдартай өрсөлдөгч орднууд нэртэй дизайнер урьж авчран, франц болон английн сонгодог хэв маяг, материалуудыг орчин үеийн хэлбэр дүрсд оруулж байх зуур тэр зүгээр л аль эртнээс л байсан хэлбэр, материал, утгыг ямар болгохоос шалтгаалж толь шиг гялалзуулж эсвэл бүр зэвэнд идүүлж чаддаг. Ямар нэг шинэ шил, хуванцар болон этгээд шийдэл, шинэчлэлт түүний хийдэг зүйл огт биш. Түүний ертөнцөд ямар нэг ойлгомжгүй, тааламжгүй, санаа зовмоор зүйл байхгүй. Тэр бол төгс. Хэрэв Ральф уламжлалт англи байшин эсвэл Малибуд байрлах далайн эргийн байшингийн хэв маягтай цуглуулга хийвэл, тэр зүгээр л тэнд аль хэдийнэ байдаг зүйлсүүдийг авч бага зэрэг тод, хэлбэрийг нь цэмцгэр мөн төгс болгодог.

Москвагийн дизайнер Анна Эрманы хэлэхдээ "Италичууд дэлхийг юугаар гайхшруулахаа бодож байх хооронд Ральф Лорен шинэ зүйл огт хийдэггүй. Яагаад гэвэл хамгийн тав тухтай гэсэн зүйлсийг аль хэдийнэ бодоод олчихсон шүү дээ. Аль дээр л яаж хэвтэж, яаж суувал эвтэйхэн байх мөн ямар хивс хамгийн тухтай байдгийг олоод нээсэн. Үүнийг ч Ральф Лорен мэдэж байгаа. Тэр зөвхөн чанар, уур амьсгал болон дур булаам байдлыг л нэмж өгдөг. Түүний цуглуулга үнэхээр тохьтой бөгөөд тансаг, ая тухтай амьдрахыг хүсдэг үүндээ ч мөнгө зарахад бэлэн хүмүүст зориулсан. Үүнээс гадна тэд тансаглал гэдэг нь чиний барьж байгаа цүнх эсвэл өмсдөг ямар нэг зүйл биш гэдгийг мэддэг. Тансаг байдал бол таны унтдаг цагаан хэрэглэл, гэрээс тань үнэртэж байгаа үнэр, таны өгзөгөө тавих буйдангийн тухтай байдал юм" гэжээ.

Apartment No.One коллекци, намар 2013

Buro.Mongolia

2016-05-30, 10:00

  • Зураг: