Хасах градустай өвлийн хүйтэн улирал аль хэдийнээ хаяанд иржээ. Тиймээс амьдарч буй орчиндоо, тэр тусмаа унтлагын өрөөндөө дулаан уур амьсгал бүрдүүлж, сэрүү татсан хүйтэн өдрүүдээр тав тухтай байхыг зөвлөж байна. Харин унтлагын өрөөний дотоод заслыг шинээр бүтээхэд төвөгтэй санагдаж, хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол бидний бэлдсэн дараах таван санааг анхааралдаа аваарай.
Саяхныг хүртэл хивсийг хэт хуучинсаг бөгөөд унтлагын өрөөнд тохиромжгүй дизайны элемент хэмээн үздэг байлаа. Харин сүүлийн үед дизайнеруудын бодол эрс өөрчлөгдөж дотоод заслыг хивсгүйгээр төсөөлшгүй болжээ. Байгалийн гаралтай утсаар хийгдсэн хивс нь өвлийн улиралд маш их дутагддаг дулаан уур амьсгал, тав тухтай мэдрэмжийг бий болгоно. Тэр тусмаа сизаль буюу агав модны боловсруулсан мяндасны материалтай хивс нь удаан эдэлгээтэй төдийгүй онцгой арчилгаа шаарддаггүйгээрээ онцлог юм. Гаднах байдлыг нь гоёмсог хэвээр хадгалахын тулд ердөө долоо хоногт нэг удаа тоос сорогч ашиглан цэвэрлэгээ хийхэд л хангалттай.
Өвлийн улиралд цас бударч, хүйтэн салхи үлээхэд биеэ бүтнээр нь ороож болохуйц том бүтээлэг, хөнжлөөр ороо засах тун тохиромжтой байдаг гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Геометрийн дүрстэй, эсвэл чамин хээ бүхий ширмэл оёдолтой тавилга, чимэглэл, бүтээлэг нь эргэн тойрон дахь орчинд цоо шинэ дүр төрхийг бэлэглэж, мөн тайвшруулах уур амьсгалыг бий болгоно.
Хамба хилэн эдлэлүүд ямар ч тохиолдолд тансаг харагддаг бөгөөд хүрэхэд хамгийн таатай мэдрэмжийг өгдөг билээ. Унтлагын өрөөндөө онцгой, сайхан уур амьсгал оруулах үүднээс орон дээрээ хэд, хэдэн тод улбар шар, номин ногоон аль эсвэл гүн цэнхэр өнгийн хамба хилэн дэр байрлуулаад үзээрэй. Унтлагын өрөө тань сэргээд л ирнэ.
Хамгийн уйтгартай орчныг ч илүү "амьд", сонирхолтой болгох чадвартай ханын цаас сүүлийн үед төрөл бүрийн өнгө болон дизайнтай үзэгдэх боллоо. Ердийн ганц өнгөөр давамгайлсан ханын цаасны оронд илүү сонирхол татам хээ, угалзтайг анхааралдаа авахыг зөвлөж байна. Хайрцгаас гадуур сэтгэж, эрх чөлөөтэй байдлаа бүрэн дүүрэн илэрхийлэх боломж юм шүү. Мөн өвлийн улиралд тав тух, тайван байдал ихэд дутагддаг тул байгалийн дулаан өнгийн ханын цаас тохиромжтой байна.
Унтлагын өрөөг тань цэлгэр харагдуулах цайвар, газрын дулаан өнгөтэй хөшиг сонгохыг зөвлөж байна. Ингэснээр байгалийн нарны гэрэл таны унтлагын өрөө рүү хангалттай орж ирэх болно. Мөн хагас гэрэлтдэг даавуу эсвэл тааран материалтай хөшигнүүд дулаан уур амьсгалыг бий болгоно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт