Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын ерөнхий менежер зочид буудлын бизнесийн ирээдүйн талаар ярилаа
Улаанбаатар хотын зүрхэнд байрлах таван одтой Шангри-Ла зочид буудал шинэ ерөнхий менежерийн удирдлагад шилжээд багагүй хугацааг ардаа орхижээ. Дэлхийн стандартад нийцсэн таван одтой зочид буудлын үйлчилгээг бүрэн утгаар нь үзүүлж, Монголын зочлолын салбарын үлгэр жишээ болж байгаа энэ зочид буудлыг өнгөрсөн зунаас эхлэн ноён Тэрэнс Тан удирдах болсон юм. Бюро дижитал сэтгүүл Шангри-Ла зочид буудлыг зорин ноён Тэрэнс Тантай уулзаж, энэ салбарын талаар ярилцах завшаан тохиосон юм. Биднийг товлосон цагтаа очтол өө сэвгүй цэмцгэр хослолтой, найрсгаар инээмсэглэсэн эрхэм угтаж, зочид буудлын 21 давхарт байрлах Horizon Club Lounge-ын цэлгэр, гэгээлэг танхимд урилаа.
Tэрэнс Таны үйл хөдлөл бүр нь энэ салбарын туршлагатай мэргэжилтэн болохыг нь илтгэж байв. Бид ярилцлагынхаа үеэр түүний ажлын арвин туршлагаас хуваалцаж, дэлхийн хэмжээний таван одтой зочид буудлыг амжилттай удирдахын тулд юу хийх хэрэгтэйг тодрууллаа. Мөн энэхүү ярилцлагын хүрээнд Монголын зочид буудлын салбарын ирээдүйн тухай, Английн хатан хаанд үйлчлэх ямар байдаг талаар болон бусад олон сонирхолтой сэдвийг хөндсөн юм.
Та зочид буудлын салбар дахь карьераа 21 жилийн өмнө эхлүүлсэн шүү дээ. Яагаад заавал энэ замыг сонгох болов оо?
Энэ их хөгжилтэй түүх л дээ. Сингапур эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдүүдээ эмч, хуульч, нисгэгч болгохыг хүсдэг. Би ч мөн бүр бага байхдаа нисгэгч болохыг хүсдэг байлаа. Сургуулиа төгсчихөөд юу хийхээ мэдэхгүй байсан ч технологид их сонирхолтой хүүхэд байсан тул компьютер судлалын сургуульд элссэн. Дараа нь эцэг эхтэйгээ хамт гадаад улс руу аялж, зочид буудалд байрлаж үзсэн юм. Тухайн үед амралтын өдрүүдээр маш сайхан хувцасласан хүмүүс зочид буудлын угтах танхимын голд зогсож байдаг байлаа. Ингээд л магадгүй би зочид буудлын сургуульд суралцаад үздэг хэрэг гэж дотроо бодсон. Улмаар ээждээ өөрийнхөө төлөвлөгөөг хэлтэл "Чи чадахгүй ээ. Чи өөрийнхөө унтсан орыг ч хураадаггүй, цамцаа ч эвхдэггүй, бүр надад аяга цай ч хийж өгдөггүй биз дээ" хэмээн хэлж байсныг нь санаж байна (Инээв).
Сингапурт насанд хүрсэн эр хүн бүр хоёр жилийн турш заавал цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Би цэргийн алба хааснаас зургаан сарын дараа яг юу хийхээ сайн мэдэхгүй, найзуудтайгаа уулзаж зугаацах дуртай байлаа. Ээж маань ч миний энэ байдлаас залхсан байх. Тэгээд л ер нь би клуб орж, ууж идэх дуртай юм чинь зочид буудлын сургуульд орж, хоол ба ундааны үйлчилгээг суръя гэж бодсон. Ингэж л би Сингапурын Shatec нэртэй зочид буудлын сургуульд элсэн орж, хоёр жил суралцсан түүхтэй. Хөтөлбөрийн хүрээнд нэг жил дадлага хийх ёстой байсан. Би дадлагаа ресторанд бус зочид буудалд хийхээр шийдэж, 1997 онд Raffles зочид буудлыг сонгон дадлагажсан юм. Би тус зочид буудалд барменээр ажиллаж, өөрийн гэсэн найз нөхдийн хүрээлэлтэй болж, ер нь л цагийг их зугаатай өнгөрөөж байсан тул сургуулиа төгсөөд тэндээ үргэлжлүүлэн ажиллах болсон. Ингэж л миний карьерын замнал эхэлсэн дээ. Товчхондоо бол хамгийн анх сайхан орчин, цэмцгэр дүрэмт хувцастай хүмүүсийг хараад л энэ карьерыг сонгох болсон. Мэдээж хэрэг эхний хэдэн жил амар байгаагүй. Бармен хийж байх үед өглөө 10:00 цагаас эхлээд шөнийн 03:00 цаг хүртэл ажилладаг байлаа. Хэн ч чамд юу хийхийг чинь зааж өгөхгүй. Тиймээс бүх зүйлийг өөрөө хийж, энэ явцдаа суралцаж, сайжирч явах хэрэг гарна. Гэхдээ юу гээч, би энэ карьерыг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Энэ ажил маань намайг маш олон газарт хүргэж, олон боломжуудыг надад нээж өгсөн. Английн хатан хаанд үйлчлэх нэр төртэй үүрэг оногдсон нь миний карьерын онцлох мөчүүдийн нэг байсан юм. Мөн Их Британийн Букингемийн ордонд нэг сар томилогдон ажиллах үнэхээр гайхалтай туршлага байсан шүү.
Та Шангри-Ла брэндтэй найман жилийн турш хамт байсан. Харин Шангри-Ла Улаанбаатарт ирэхээсээ өмнө хаана ажиллаж байсан туршлагатай вэ?
Би карьерынхаа эхний 10 жилийг Сингапурын Raffles зочид буудалд өнгөрүүлсэн. Анх би Мальдив дахь Шангри-Ла зочид буудалд орж байсан. Үүний дараа Хонг Конг руу нүүж Kowloon Shangri-La-д хоёр орчим жил ажиллаад Бээжин хот дахь Kerry зочид буудалд (Шангри-Ла брэндийн нэг хэсэг) 3,5 жил ажилласан туршлагатай. Харин өнгөрсөн жилийн зургаадугаар сард би Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд ирсэн байгаа.
Бусад улстай харьцуулахад Монголд ажиллах нь танд ямар санагдаж байна?
Надад анх Улаанбаатарт томилогдож ажиллах санал тавихад "Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл шүү дээ" гэж бодож байсан ч их сонирхолтой санагдсан. Гэхдээ би хувьдаа, хаана ч очсон бай, тухайн орны соёлд дасан зохицох хэрэгтэй гэж боддог. Эхлээд тухайн соёлыг өөрийн нүдээр харж, ойлгож, хүлээн авч, таашаах хэрэгтэй. Очсон газар бүр чинь чамд амьдралыг өөр, өөр өнцгөөс харах боломжийг өгнө. Тиймээс Монголд ирэх нь миний карьерын хувьд өөрийгөө сорихоос гадна өөр орны соёлыг судалж мэдэх сайхан боломж байсан учраас их нээлттэй хүлээж авсан шүү. Би очсон улс орныхоо соёл, ёс жаягт дасан зохицож чаддаг. Монголчууд их ухаантай бас шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэй санагдсан.
Таныг хамгийн анх Монголд хөл тавихад юу хамгийн ихээр гайхшруулж байв?
Анхны сэтгэгдэл үнэхээр гайхалтай байсан шүү. Уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй хот намайг угтаж авсан. Би зун ирсэн. Яг одоо бодоход зуны өдөр маш удаан үргэлжилж байсан нь намайг их гайхшруулсан юм байна. Үүрийн 04:00 цагт гэгээ орж, оройн 21:00, 21:30 хүртэл нар жаргадаггүй нь халуун орны бүсээс ирсэн хүний хувьд их гайхалтай санагдсан. Үүнд дасах гэж багагүй хугацаа зарцуулсан. Бас маш их мах идэж сурах хэрэг гарсан (Инээв). Мөн хуучны Орос стилийн барилгууд надад их таалагдсан. Тиймээс би зүгээр л гадаа гараад хотоор алхах дуртай.
Өнөөдөр Шангри-Ла дэлхийн хамгийн алдартай зочид буудлын брэндүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож байна. Тэгвэл Шангри-Ла брэндийн амжилтын нууц юунд оршиж байна вэ?
Миний бодлоор чин сэтгэлээс гарсан үйлчилгээ, зочломтой зан, Ази зочлолын соёл Шангри-Ла брэндийн амжилтын үндэс суурь нь болж өгдөг гэж боддог. Огт танихгүй хүнд анд нөхөр шиг хандах хэрэгтэй гэдгийг дэлхийн олон оронд очиж үзсэнийхээ дараа сурсан. Нэгэнт анд нөхөр шиг хандаад эхлэхэд амьд харилцаа бий болдог. Шангри-Ла зочид буудал бүр үүнд итгэж, зочиддоо ч ингэж ханддаг. Амжилттай байна гэдэг нь дан ганц брэндээс бус тус брэндэд ажиллаж буй хүмүүс, алсын хараа, зорилго, үнэт зүйл зэргээс шалтгаална. Шангри-Ла хүн бүрт чин сэтгэлээсээ үйлчилдэг нь амжилтын түлхүүр болдог гэж би хувьдаа боддог. Яг ийм арга барилыг хэрэгжүүлдэг учраас өнөөдөр Шангри-Ла олон зуун салбартай брэнд болтлоо хөгжсөн байх. Миний хувьд зочдод хандах хандлага хамгийн чухал. Улсын ерөнхийлөгч эсвэл энгийн иргэн байсан ч хамаагүй, энэ хаалгаар орж ирсэн л бол зочин, үйлчлүүлэгч бүр яг адилхан үйлчилгээ авах эрхтэй. Бид ч тэдэнд яг ижил үйлчилгээг үзүүлэх ёстой.
Зочид буудлуудыг ажиглаж байхад менежмент, спа, ресторан, угаалгын газар зэрэг олон жижиг хэсгүүдээс бүрдсэн амьд бие организм шиг санагддаг. Зочид буудлыг амжилттай удирдахын тулд яг юу хийх ёстой вэ?
Надад манай баг хамт олон, намайг хүрээлж буй хүмүүс хамгийн чухал. Хүн бүр тусдаа ямар нэгэн үүрэг гүйцэтгэхээс илүү багаараа нэгдэж ажиллах нь амжилттай зочид буудал бүтээх гол түлхүүр болдог. Яагаад гэвэл бид амжилттай байхын тулд бие биенээсээ мэдлэг, туршлага хуваалцаж дараа нь өөрсдийн хариуцсан ажлын талбар дээр үүнийгээ ашиглах хэрэг гардаг. Жишээ нь таны удирдлага дор хамгийн шилдэг ахлах тогооч ажиллаж байлаа ч бүтээгдэхүүнээ сурталчилж чадахгүй бол амжилтад хүрэх боломжгүй. Мөн зочид буудлыг амжилттай ажиллуулахын тулд "Туршаад үзэцгээе. Зүгээр л хийцгээе" гэж хэлдэг, хийж буй ажилдаа хүсэл тэмүүлэлтэй ханддаг хүмүүс хэрэгтэй. Мэдээж хэрэг урьдчилан тооцоолсон эрсдэл ямар ч бизнест бий. Амжилт гэдэг борлуулалт, орлого, зах зээлийн чиг хандлагыг тогтоож байгаа эсэх гээд асар олон зүйлээс шалтгаалдаг. Гэхдээ бид хүнд төвлөрсөн бизнес эрхэлж байгаа учраас миний хувьд ажилтнууд маань хамгийн чухал. Зочид буудлын угаалгын газарт ажилладаг байсан ч хамаагүй хүмүүстэй харилцах шаардлага гардаг. Санхүүгийн хэлтэст ч мөн зөвхөн тоотой харьцаад байхгүй хүмүүстэй ч харилцах хэрэгтэй болно. Амжилттай зочид буудал бий болгох гол хүчин зүйл нь дотор нь ажиллаж байгаа хүмүүс гэж би үздэг.
Тэгэхээр та бүхэн ажилтнуудаа хэрхэн бэлтгэдэг вэ? Тусгай сургалт хөтөлбөр байдаг уу?
Олон зуун зочид буудалтай Шангри-Ла группийн хүрээнд маш олон тогтсон сургалтууд бий. Үүнээс гадна бид ажилтнуудынхаа чадварыг дээшлүүлэх зорилгоор тэднийг дэлхийн өнцөг булан бүрт илгээж, сургалтад хамруулдаг. Шинээр ажилд орсон эхний 90 хоног маш их ач холбогдолтой. Энэ үеэр бид зочид буудалтай танилцах өдөрлөг, стандарт, хэлтсийн сургалт зэрэг олон янзын сургалтуудад ажилтнуудаа хамруулдаг байгаа. Түүнчлэн байгууллагын лидер хүний хувьд би өөрийн үйлдлээр үлгэрлэх ёстой гэж бодож байна. Эс бөгөөс хэн ч намайг дагахгүй шүү дээ. Жишээ нь чи хэн нэгэн зочинд ингэж үйлчил гэж хэлэх юм бол чи өөрөө яагаад ингэж үйлчлэх ёстойгоо маш сайн ойлгосон байх хэрэгтэй. Мөн тогтсон стандартаа дагах ёстой. Тухайлбал бармен янз бүрийн коктейлийг заасан стандартын дагуу л бэлтгэнэ. Ингэснээр үйлчилгээ тогтвортой байна. Тoгтвортой байх нь амжилтын бас нэгэн үндэс. Ажлын талбар дээр маш их зүйл сурдаг. Учир нь би чамд үйл ажиллагааны горимын дагуу хэрхэн үйлчлэхийг зааж өгч болох ч сурсан мэдсэн зүйлээ өмнөө зогсож байгаа зочны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулах хэрэг гарна. Зочин бүр өөрийн гэсэн хэрэгцээ, хүлээлттэй байдаг учраас үүнд нь тохируулаад л үйлчлэх хэрэгтэй.
Сургалтад ч бас тухайн хүний хүсэл эрмэлзэл их чухал байх?
Ер нь юу ч хийж байсан хүсэл эрмэлзэлгүй л бол яасан ч амжилтад хүрэхгүй. Намайг 21 жилийн турш хүсэл эрмэлзэл л хөтөлж байна шүү дээ.
Зочид буудлын ерөнхий менежер байх ямар вэ? Таны ердийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Их хэцүү асуулт байна (Инээв). Өглөө 07 цаг 30 минут гэхэд үргэлж зочид буудалдаа ирсэн байдаг. Зочид буудалд болж буй үйл явдлаас хамаараад оройн 20 цаг 30 минутаас нааш тардаггүй. Дээр хэлсэнчлэн үйлдлээрээ үлгэрлэх ёстой учраас зочидтой ярилцах зэргээр бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгадаг. Би зочидтой уулзаж, ярилцан тэдний саналыг сонсох дуртай. Дараа нь дутагдалтай тал байвал засаж, илүү сайжруулахыг хүсдэг. Мөн төлөвлөгөө хуваарийн дагуу олон хурал уулзалтад оролцоно. Ер нь яг хэдэн цагт гэртээ харихаа мэддэггүй дээ (Инээв). Зочид буудлын бизнест яг ижил нэгэн хэвийн өдрүүд гэж байдаггүй. Өдөр бүр л шинэ хуудас гэсэн үг.
"Чин сэтгэлээс гарсан үйлчилгээ, зочломтой зан, Ази зочлолын соёл Шангри-Ла брэндийн амжилтын үндэс суурь нь болж өгдөг гэж боддог."
Зочид буудлыг "гэрээс хол гэр" болдог гэлцдэг. Тэгэхээр зочид юуг хамгийн ихээр үнэлдэг бол?
Тухайн хүнд тусгайлан зориулсан үйлчилгээг зочид маань их үнэлдэг юм болов уу. Учир нь зочид буудал бүр ижил бөгөөд онолын хувьд ор, өрөө, шүршүүр, зурагт, хоол зэргийг л санал болгодог. Тэгвэл тэр "гэрээс хол гэр" гэдэг мэдрэмжийг хэрхэн бүтээх вэ? Мэдээж хүмүүсийн тусламжтай л үүнийг бий болгоно. Жишээ нь чи зөвхөн цэвэр эсвэл хийжүүлсэн ус уух дуртайг би мэдсэн байх ёстой. Мэдсэнийхээ дараа би чамайг асуугаагүй байхад хийгээд өгнө. Эсвэл өвлийн улиралд хуурай агаартай үед зочныг ирэхээс өмнө би өрөөнд нь агаар чийгшүүлэгч асааж тайван амрахад нь тусална. Өөрөөр хэлбэл хэн нэгэн чамд халамж тавьж байгаа гэсэн энэ мэдрэмж л үүнийг бүтээж байгаа юм. Зөвхөн хүмүүс л ийм зүйл хийж чадна. Зөвхөн тухайн хүний дотоод сэтгэлээс л гардаг зүйл учраас заах боломжгүй. Гэхдээ энэ бүхнийг зөвхөн зочидтойгоо харилцаж байж л мэддэг.
Манай зочид буудлын энгийн өрөө 42 м2 талбайтай маш тав тухтай орон зай бий. Та өрөөнийхөө хаалгыг хаасан даруйд л ганцаараа үлдэх болно. Харин өрөөнөөсөө гарч, бусадтай харилцаж, ажилтнуудтай ярилцах үед "гэрээс хол гэр"-ийг бүтээдэг. Мэдээж хэрэг ажилтнууд шилдэг байх ёстой. Тэгснээс зочин паспорт, төлбөрийн картаа гаргаж ирээд зочид буудалдаа бүртгүүлэхэд "Таны өрөөний дугаар 001, баярлалаа, баяртай, дараа дахин ирээрэй!" гэж хэлээд болчихдог зүйл биш л дээ. Ийм "робот" шиг автомат үйлчилгээ байх ёсгүй.
Та анх карьераа эхэлж байхдаа ямар нэгэн хөгжилтэй алдаа гаргаж байв уу? Энэ талаараа бидэнтэй хуваалцаач? Та алдаанаасаа юу сурсан бэ?
Нэгэн сонирхолтой мөчөөсөө хуваалцъя. Английн хатан хаан II Элизабет Raffles зочид буудалд хоолны танхим, зочны өрөөтэй маш том өрөөнд байрлаж байсан юм. Би тухайн үед түүний хувийн түшмэлтэй хамт оройн зоогийн ширээг бэлдэж байлаа. Гэтэл гэнэт л хатан хаан "Oройн мэнд хөвгүүдээ" гэж хэлээд хажуугаар зөрөөд өнгөрсөн. Би тухайн үедээ яг ямар хариу үйлдэл үзүүлэхээ ч мэдэхгүй байсан. Харин түүний түшмэл юу ч болоогүй мэт "Сайн уу хатагтай" гэж байсан. Дараа нь тэр надад "Чи яагаад ингэж сандраад байгаа юм бэ? Тэр ч гэсэн хүн шүү дээ" хэмээн хэлж байсан. Би дараа нь байж болох бүхий л нөхцөл байдалд бэлэн байх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн шүү.
Хатан хаан гадил жимсийг (банана) хутга, сэрээ ашиглан иддэг гэж үнэн үү?
Мэдэхгүй (Инээв). Бид хоолны ширээг нь бэлдээд л өрөөнөөс нь гардаг учраас түүнийг хоол идэж байхыг харж байгаагүй.
Та Монголын өнөөгийн зочид буудлын салбарыг хэрхэн дүгнэж байна вэ? Мөн ирээдүйд юу болох бол?
Монгол миний хувьд заавал очиж үзэх хэрэгтэй аяллын жагсаалтад багтана. Өнгөрсөн жил л гэхэд Монголд 400,000 орчим жуулчин ирсэн. Ялангуяа шинэ онгоцны буудал нээгдэж, илүү олон агаарын тээврийн компаниуд нэвтэрч жуулчид хүлээн авах хүчин чадал нь нэмэгдэж байгаа учраас жуулчдын тоо улам бүр өснө гэж бодож байна. Үүнийг дагаад ойрын хэдэн жилд дахин шинэ, шинэ зочид буудлууд нээгдвэл би нэг их гайхахгүй. Аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжиж байгаа тохиолдолд олон улсын компаниуд ч нэмэгдэнэ гэж бодож байна. Тиймээс би энэ салбарыг их эерэг чиглэлд хөдөлж байгаа гэж үзэж байгаа. Магадгүй 10 жилийн дараа Шангри-Ла зочид буудлын ерөнхий менежерээр заавал гадаад хүн биш Монгол хүн ч ажиллаж байх юм билүү. Аялал жуулчлалын салбар хэзээ ч зогсохгүй гэж би хувьдаа боддог. Зах зээл нь сайн байсан ч, муу байсан ч хүмүүс Монголд ирэхийг хүсэх л болно. Монголд ч тэдэнд санал болгох зүйл олон бий.
Тэгэхээр манай зах зээлд бусад тансаг зэрэглэлийн зочид буудлууд үйл ажиллагаа явуулах хангалттай орон зай байгаа гэж та бодож байна уу?
Миний бодлоор аялал жуулчлалын салбар энэ эрчээрээ хөгжсөн тохиолдолд хангалттай зах зээл байгаа.
Таны байрлаж үзсэн хамгийн дуртай эсвэл хамгийн ер бусын зочид буудал гэвэл?
Карьер маань анх эхэлсэн Сингапурын Raffles зочид буудал миний хувьд үргэлж онцгой байр суурийг эзэлж ирсэн. Энэ зочид буудал намайг одоо байгаа газарт минь хүргэсэн юм. Мөн Raffles зочид буудал Сингапур зочлолын бэлгэ тэмдэг болдог. Би маш олон газар очиж, янз бүрийн зочид буудалд бууж үзсэн ч хэрэв надаас хамгийн дуртай зочид буудлаа нэрлэ гэвэл Raffles л гэж хариулна. Миний маш олон сайхан дурсамжууд тэнд л хадгалагдаж байгаа.
Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд ямар алдартнууд бууж байсан бэ?
Хэрэв би чамд хэлчихвэл, чиний ой санамжийг арилгах шаардлага гарна (Инээв). Би энэ асуултад хариулахгүй өнгөрье. Учир нь энэ маш нууц мэдээлэл. Зочид буудлын бизнест нууцлал их чухал.
Дэлхийн өнцөг бүрт байрлах бүх салбаруудаас зөвхөн Шангри-Ла Улаанбаатар л санал болгодог үйлчилгээ эсвэл бүтээгдэхүүн гэж бий юу?
Тийм ээ, бий. Тэр нь зөвхөн Монгол хүмүүсийн үзүүлж буй зочлох үйлчилгээ. Зочид буудал бүр ижил төстэй концепцийн дагуу бүтээгдсэн байдаг. Мэдээж хэрэг уламжлалт хоол болон бусад зүйлсийн талаар ярьж болох ч эргээд хүмүүсийн үзүүлж буй үйлчилгээ хамгийн чухал гэж бодож байна. Шангри-Ла Улаанбаатарын амжилт ч үүнээс л шалтгаална.
Монгол зочлох үйлчилгээ гэж юуг хэлж байгаа вэ?
Маш нээлттэй найрсаг харилцаа. Бид үргэлж зочидтой их нээлттэй харилцаж, яриа өрнүүлж, тэдний юу хүсэж байгааг мэдэхийг хүсдэг. Мөн жижиг деталиудад маш их анхаарал хандуулдаг. Хэн ч маргааш зочид буудал бариад хамгийн шилдэг гэсэн ор, гудас, цагаан хэрэглэл худалдан авч, өрөөндөө 55 инчийн зурагт өлгөж чадна шүү дээ. Гэхдээ эргээд л хүний сэтгэл шингээгүй бол амжилт олохгүй.
"Улсын ерөнхийлөгч эсвэл энгийн иргэн байсан ч хамаагүй, энэ хаалгаар орж ирсэн л бол зочин, үйлчлүүлэгч бүр яг адилхан үйлчилгээ авах эрхтэй."
Надад Парис хэт өндөр үнэлэгддэг юм шиг санагддаг. Яагаад би Парис гэж хэлж байна вэ гэхээр хүмүүс Францыг Парисаар төсөөлөөд байдаг. Гэхдээ Парис бол Франц биш. Надад Парис бол зүгээр л Парис. Эгч маань Францын нэгэн жижиг тосгонд амьдардаг юм л даа. Тэнд очиход л Франц хүмүүс жинхэнээсээ хэрхэн амьдардгийг би олж хардаг. Гэхдээ дэлхийн аль ч улс аялагчдыг татах өөрсдийн гэсэн онцлог зүйлтэй. Жишээ нь хэрэв чи адал явдал хайгч бол Монгол чамд санал болгох зүйл олон бий. Ууланд гарч, холын зайн марафонд оролцох гээд янз бүрийн зүйл хийж болно. Харин чөлөөт аяллыг эрхэмлэдэг бол хөдөө хээр амарч болно. Ер нь тухайн хувь хүнээс их зүйл шалтгаална. Надад Сингапур зарим нэг талаараа хэт өндөр үнэлэгдсэн, зарим талаараа дутуу үнэлэгдсэн санагддаг. Хүн бүр Сингапурыг Орчард гудамжаар мэддэг ч тэнд Тампенис, Журон Ист гээд өөр олон сонирхолтой зүйлс хийж болох газрууд зөндөө бий шүү дээ.
Хүмүүс сүүлийн үед Мальдив руу аялахыг хүсэх болсон нь анзаарагдаж байгаа...
Би тэнд 19 сарын турш ажилласан. Миний хувьд амралтаа өнгөрүүлэхэд тохиромжтой маш үзэсгэлэнтэй газар. Аяллаас яг юу хүсэж байгаагаас тань их зүйл хамаарна. Романтик аялал хайж байгаа хосуудад үнэхээр сайхан газар. Далайн гаралтай зоог, далайн спортод дуртай бол та цагийг гайхалтай өнгөрүүлнэ. Мальдивт таван хоног амраад ирэхэд сайхан ч үүнээс илүү олон хоновол уйдаж эхэлнэ.
Танд Улаанбаатар хотод очих дуртай газар, хийх дуртай зүйлс бий юу?
Би хоёр нохойтой. Зайсан хотын төвтэй харьцуулахад арай чимээ багатай тайван санагддаг тул нохдоо салхилуулан, Зайсан толгой руу гарч, ойр орчимд нь гүйх дуртай. Би гүйлтээр эрчимтэй хичээллэдэг тул чөлөөт цаг гарсан үедээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цагийг өнгөрүүлдэг.
Та Говьд зохиогддог ультра марафонд оролцох уу?
Ультра марафон нь гурван өдрийн турш үргэлжилдэг бөгөөд 100 км буюу хэт холын зайд гүйдэг. Хэрэв бэлтгэл хийх хангалттай цаг хугацаа гарвал орохыг хүсэж байгаа. Гэхдээ үүнээс өмнө Улаанбаатар олон улсын марафонд оролцох зорилт тавиад байна. Үүний дараа л ультра марафонд оролцоход хангалттай бэлтгэлтэй байгаа эсэхээ харна даа.
Зочид буудлын сэдвийг эргээд сөхөхөд, сүүлийн үед аялагчид Airbnb зэрэг тавцангуудыг ашиглан байр түрээслэх нь улам бүр ихэсч байгаа. Airbnb зочид буудлын салбарт эсрэгээр нөлөөлж байгаа юу?
Airbnb зочид буудал байтугай нэг ширхэг ч өрөө эзэмшдэггүй. Харин хүмүүст байр түрээслэхэд нь тусалдаг платформ. Зочид буудалтай харьцуулахад Airbnb-гээр дамжуулан хэн нэгний гэрт байрлана. Ихэвчлэн Airbnb ашиглах нь илүү хямд тусдаг. Airbnb тодорхой бүлэг хүмүүсийг зочид буудлын салбараас "булааж" байгаа юу гэвэл, мэдээж тийм. Зарим хүмүүс аялж байх үедээ байр түрээсэлж, нутгийн соёлд автан, шинэ туршлага олж авах хүсэлтэй байдаг. Гэхдээ бүх хүмүүс аялах үедээ өөрсдөө хоолоо бэлтгэж, хөргөгчөө дүүргэхийг хүсдэггүй. Зочид буудал тав тух хангах тодорхой үйлчилгээ ба нөхцөлүүдийг бүрдүүлсэн байдаг. Тиймээс удаан хугацаагаар өөр оронд буудаллах шаардлага гараагүй л бол зочид буудлууд энэ тал дээр Airbnb-гээс давуу талтай. Мөн аюулгүй байдлын асуудал энд яригдана. Мэдээж хэрэг аялж байгаа хүмүүс аюулгүй байдлыг хангасан найдвартай газар байрлахыг хүснэ шүү дээ. Би Airbnb муу гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ түрээсэлж буй байшингийн тань хаалгыг хэн, хэзээ тогшихыг та мэдэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл тэд зочид буудлын түвшинд аюулгүй байдлыг хангаж чадахгүй. Залуу үеийнхэн Airbnb-г сонгох хандлагатай байж болох ч тэд ажлын шугамаар гадаадад зорчиж байгаа бол зочид буудлыг сонгоно гэдэгт итгэлтэй байна. Ер нь энэ хоёр салбар огт өөр, өөр мэдрэмж, туршлагыг өгдөг учраас хооронд нь харьцуулах хэцүү.
Ирээдүйд харин юу болох бол? Шинэ мянганыхан олон салбарыг өөрчилж байгаа шүү дээ.
Би өчигдөр "Z" үеийнхний талаар нийтлэл уншсан юм. Би одоо өөрийгөө яг л эртний хүн шиг мэдэрч байна (Инээв). Шинэ мянганыхан болон "Z" үеийнхнийг татахын тулд бид ч гэсэн өөрсдийн арга барилаа өөрчлөх ёстой. "Z" үеийнхэн ч гэсэн хувь хүнд тусгайлан зориулсан үйлчилгээ авахыг хүсдэг. Гол нь ямар байдлаар тэдэнд хүргэх вэ гэдэг нь л чухал. Хүмүүс өнөөдөр мэдээллийг маш хурдан авахыг хүсдэг болсон. Жишээ нь одоо "цэсийг тань харьяа над руу факс явуулаарай" гэж хэлэх хүн байхгүй. Оронд нь цахим шуудан эсвэл Whatsapp-аар бүх мэдээллээ авчихна. Өнөөдөр бид дижитал эринд амьдарч байна. Энэ технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, хувьсаж байж бид залуу үеийнхэнд хүрч чадна. Бүх зүйл дижиталжсан байгаа одоо үед уламжлалт сурталчилгааны арга барил хоцрогдсон. Бид мөн зорилтот зах зээлдээ бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд мэдээллийг маш ухаалгаар ашиглах ёстой.
Цаг зав гарган бидэнтэй уулзаж, сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа.
Энэ нийтлэлийг уншиж байгаа бүх хүмүүст эрүүл саруул байхыг хүсье! Хэрэв эрүүл мэнд байхгүй бол хэчнээн дижиталжсан байгаад нэмэргүй шүү дээ (Инээв).
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт