Илон Маск Twitter-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч боллоо

"Twitter бол де факто хотын төв талбай л гэсэн үг"

Технологи, бизнесийн магнат Илон Маск өмнө сарын сүүлээр өөрийн Twitter хуудастаа “Эрүүл ардчиллын амин сүнс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбогдоно. Twitter энэ зарчмыг чанд баримталдаг уу? Тийм, эсвэл үгүй” гэсэн сонголт бүхий санал асуулга явуулж, доор нь “Санал асуулгын үр дүн маш чухал байгаа учраас үнэн бодитоор хариулна уу” гэж нэмсэн байна. Хоёр хоногийн дараа тэрээр мөн “Twitter бол де факто хотын төв талбай л гэсэн үг. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэхгүй байна гэдэг бол ардчиллын суурийг ганхуулж байгаа хэрэг мөн. Ямар арга хэмжээ авбал зохистой вэ? Шинэ платформ хэрэгтэй юм болов уу?” гэж бичжээ.

Тэрээр Twitter-ийн 9.2% болох 2.89 тэрбум долларын үнэ бүхий 73,486,938 ширхэг хувьцааг худалдан авснаар тус платформын шүүмжлэлд өртөөд буй үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлаар шинэчлэл хийх байх гэж олон хүн таамаглаж байна. Энэ талаар Twitter-т “Make Twitter Great Again” гэсэн гарчигтай хэлэлцүүлгүүд эрчимтэй өрнөж байна. Хамгийн сүүлд л гэхэд Маск “Засварлах товч хэрэгтэй юу? Тийм, эсвэл үгүй” гэсэн санал асуулга явуулжээ.

Өнгөрсөн жилийн АНУ-ын Капитолд болсон үймээний үеэр эмх замбараагүй байдалд уриалан турхирч байна гэж үзэн Twitter-ийн зүгээс ерөнхийлөгч Доналд Трампын хувийн хуудсыг дахин ашиглах боломжгүйгээр хаасан билээ. Мөн түүний дэмжигчдийн зарим постууд, түүнчлэн Ковид-19-ийн вакцины эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийн хуудсыг худал мэдээлэл тараасан гэсэн үндэслэлээр хаасан тохиолдлуудыг Илон Маск шүүмжилж байсан юм. Буруу ч бай, зөв ч бай үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хэн ч хаах ёсгүй гэж үздэг тэрээр Twitter-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсноор шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадахуйц болж буй хэрэг билээ.

Buro.Mongolia

2022-04-05, 17:50