Шарлиз Терон хөгшрөлтийн талаар ярьлаа

“Одоо хөгшрөхөөс дахиж айхгүй”

Шарлиз Терон Италийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эйжизмийн талаар ярьсан байна

Шарлиз Терон Италийн Vanity Fair сэтгүүлд Холливүүдын эйжизм болон хөгшрөлтийн талаарх асуудлаар өөрийн үзэл бодлоо хуваалцжээ. "Бидний хэрхэн харагдаж байгаа нь хамгийн чухал зүйл биш гэдгийг эмэгтэйчүүд ухаарах хэрэгтэй. Нас биднийг хүрээлж буй ертөнцөд нөлөөлөхгүй. Би одоо 41 настай ч 20 жилийн өмнөхөөсөө илүү амжилттай, хамаагүй их ажиллаж байна. Бас илүү их дүр авч байгаа. Одоо нас ахих айдас гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэх цаг нь ирсэн. Өмнө нь яагаад ийм хэвийн зүйлээс айдаг байсныг ойлгохгүй байна. Энэ бол бидний амьдралын нэг хэсэг, үүнээс хаашаа ч зугтаж чадахгүй. Цэцэн ухаан, амьдралын туршлагын хажууд үрчлээ бол юу ч биш" гэж ярьжээ.

Шарлиз Терон мөн Холливүүдад 40-с дээш насны эмэгтэй жүжигчдийн эрх зөрчигддөг талаар яриандаа хөндөж, "40 настай эрэгтэйчүүд үрчлээтэй байх нь хэвийн гэж үздэг бол эмэгтэйчүүдээс мөнхийн залуу нас, тачаангуй байдлыг хүсдэг. Энэ чинь шударга бус зүйл. Ийм гоо үзэсгэлэнгийн стандарт бодит амьдралаас үнэхээр хол байна. Нийгэм өөрчлөгдөх цаг нь иржээ" гэж өгүүлжээ.

Эйжизмийн асуудал зөвхөн Холливүүдад хамааралтай зүйл биш аж. HeadHunter компанийн хийсэн судалгаагаар байгууллагуудын 19% нь компанийн дотоод бодлого гэх шалтгаанаар 45-аас дээш насны хүмүүсийг ажилд авдаггүй байна. Дашрамд дурдахад бид өмнө нь энэ талаар өгүүлсэн "Яагаад "эйжизм" муу гэж, харин ч фотошоп илүү муу биш үү?" гэх сонирхолтой нийтлэл гаргасан байгааг та сонирхон уншаарай.

 

 

Buro.Mongolia

2016-11-14, 10:00

  • Зураг: