Уэльсийн гүнж Кэтрин хорт хавдрын эсрэг хими эмчилгээгээ хийлгэж дууслаа

Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Уильямын гэргий, Уэльсийн гүнж Кэтрин буюу Кейт Миддлтон өнгөрсөн гуравдугаар сард хорт хавдартай гэж оношлогдож, эмчилгээ хийлгэж байгаа гэдгээ мэдэгдсэн билээ. Тодруулбал 2024 оны нэгдүгээр сард гүнж Кэтрин хэвлийн хөндийн мэс засалд орж, эмнэлэгт хэвтсэн бөгөөд тус хагалгааны дараах шинжилгээгээр түүнээс хорт хавдар илэрсэн аж. Тэрээр өвчнийхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй хэдий ч хорт хавдрын эхний шатанд явж байгаа учир өөрт нь цаг хугацаа, хувийн орон зай хэрэгтэйг онцолсон юм. Улмаар гүнж Кэтрин хаант улсын ажлаас түр холдож, олон нийтийн үйл ажиллагаанд төдийлөн оролцолгүй өдийг хүрсэн билээ. 

Тэгвэл өчигдөр тэрээр есөн сарын турш хийлгэсэн химийн эмчилгээгээ амжилттай дуусгасан тухайгаа өөрийн Twitter хуудсаар дамжуулан мэдэгдэж, олон нийтэд баяртай мэдээ дуулгалаа. Тэрээр мэдэгдэлдээ "Сүүлийн есөн сар манай гэр бүл маш хүнд, хэцүү цаг үеийг тууллаа. Яг одоо бол өвчнөө дахин сэдрээхгүй байх нь миний хувьд анхаарлаа хандуулах гол зүйл болж байна. Химийн эмчилгээгээ дуусгасан ч гэсэн бүрэн эдгэрэхийн тулд цаг хугацаа шаардагдана. Гэсэн хэдий ч би ажилдаа эргэн орж, боломжтой бол олон нийтийн үйл ажиллагаанд оролцож эхлэхээр төлөвлөж байна. Энэ хэцүү цаг үед Уильям бид хоёрт дэмжлэг, туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст талархсанаа илэрхийлье. Мөн яг одоо хорт хавдраа даван туулж буй хүмүүст хандаж хэлэхэд би үргэлж хажууд тань байж, дэмжих болно. Хонгилын үзүүрт гэрэл асдаг шүү дээ" хэмээжээ. 

Гүнж Кэтриний биеийн байдал одоогоор сайн байгаа ч ирэх саруудад эмчийн хяналт, зөвлөгөөний дагуу олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох эсэхээ шийдэх аж. 

Э.Цовоо

2024-09-10, 11:34