Бууж өгөх болоогүй байна
Тогтмол дасгал хийж, хоолны дэглэм барина гэдэг амаргүй ажил. Маш олон хүн эхэндээ дасгал ба хоолны төлөвлөгөө гаргаж, урам зоригоор дүүрэн хэрэгжүүлдэг ч тодорхой хугацаа өнгөрөхөд бууж өгч, эсвэл "даваа гарагаас дахин эхлэх" болдог. Үүнээс зайлсхийхийн тулд доорх хэд, хэдэн дүрмийг хэрэгжүүлээд үзээрэй.
Зүгээр л gym-дээ ир
Олон хүний хувьд өглөө босоод дасгал хийнэ гэдэг маш их тэсвэр хатуужил шаардсан зүйл болдог. Тэр тусмаа гадаа нар мандаагүй, хүйтэн, харанхуй байхад дулаахан орноосоо босмооргүй санагдах үе хүн бүрт тохиолддог шүү дээ. Хэрэв танд яг ийм мэдрэмж төрж байвал дотроо "зөвхөн биеэ халаачхаад л дасгалаа дуусгана" гэсэн сэдлээр gym-ээ зориорой. Харин нэгэнт дасгал хийж, биеэ халаагаад эхлэхэд бие болоод сэтгэл тань дасгалаа дуусгахыг автоматаар хүсэх болно.
"Бүгдийг эсвэл юуг ч биш" гэх уриаг март
Энэ дүрэм амьдралын олон талбар дээр үйлчилж болох ч фитнессийн тал дээр харин ч нөхцөл байдлыг дордуулж мэднэ. Жишээ нь хүмүүс эрүүл хоолны дэглэм баримталж байсан ч тэсэлгүй нэг ширхэг шоколад идэж, үүндээ гэмшиж эрүүл хооллохоо бүр мөсөн зогсоож, эсвэл бүр дэлхий сүйрэх гэж байгаа мэт хэдэн сав амттан залгиж орхидог. Энэ нь маш том алдаа юм. Харин ч хааяа нэг идэхийг хүссэн зүйлээ идэж, өөрийгөө шагнаж байх хэрэгтэй. Хамгийн чухал нь та үргэлжлүүлэн эрүүл хоолны дэглэмээ баримтлaхад байгаа юм. Хүмүүс ихэвчлэн хэрэгжүүлэх боломжгүй, бодит бус зорилго өөртөө тавьж, өндөр хүлээлт үүсгэсэн байдаг. Анхнаасаа ийм боломжгүй зүйлийг төлөвлөх нь зөвхөн сэтгэлийг тань л гонсойлгох тул зорилгоо аль болох бодитоор хараарай.
Бүх зүйлийг хөнгөвчил
Дээр дурдсанчлан өөрийн боломж, бололцоог бодитоор үнэлж мөн дасгал, бэлтгэлээ амархан зүйлсээс эхлэх хэрэгтэй. Жишээ нь хэрэв та өмнө нь гүйлтээр хичээллэж үзээгүй бол марафонд оролцох нь хэцүү байх болно. Тиймээс эхлээд бага, багаар гүйж дасах хэрэгтэй. Үүнтэй адил өмнө нь gym-д хичээллэж байгаагүй бол өдөр бүр биш харин долоо хоногт 3-4 удаа бэлтгэл хийхээр төлөвлөгөөгөө гаргаарай.
Хариуцлагатай бай
Хариуцлагатай байх нь таныг зорилгодоо хүрэх эсэхийг шийднэ. Илүү хариуцлагатай байхын тулд өөртэйгөө ижил зорилготой найзтайгаа хамтарч, бие, биедээ дэмжлэг үзүүлж болох юм. Эсвэл зорилго, урам зориг өгдөг зүйлсээ бичих самбар авч, гэртээ нүдэнд харагдахаар ил газар байршуулаарай. Энэхүү самбар дээр зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр хийх хэрэгтэй зүйлсийг бичиж тэмдэглэх хэрэгтэй. Ингэснээр та хариуцлагатай байхын зэрэгцээ зорилгоо мартахгүй.
Үр дүнгээ тэмдэглэ
Үр дүнгээ хэмжиж, гаргасан амжилтаа харахгүй бол та тууштай байж чадахгүй. Хэрэв та жингээ хасах зорилготой бол туузан метр, жин авч гурван долоо хоног тутам хэмжилт хийгээрэй. Мөн та гаргасан ахиц, үр дүнгээ хянахын тулд тусгай фитнесс вебсайт ба аппуудыг ашиглаж болно. Ингэснээр та үйл явцыг хянахын зэрэгцээ үр дүнг бодитоор харж, дүгнэлт хийх боломжтой. Мөн ахиц гаргах бүртээ өөрийгөө урамшуулж ямар нэг шинэ зүйл худалдан авч яагаад болохгүй гэж? Жишээ нь шинэ даашинз танд улам бүр гоолиг харагдах хүслийг бадраах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт