Apple компани шинэ MacBook Pro, AirPods болон HomePod Mini танилцууллаа

Технологийн салбарын аварга Apple компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах намрын хоёр дах арга хэмжээ өнгөрсөн шөнө онлайн хэлбэрээр болж өнгөрлөө. “Unleashed” хэмээн нэрлэгдсэн уг танилцуулга дээр уламжлал ёсны дагуу компанийн тэргүүн Тим Кук багийнхаа гишүүдийн хамт шинэ бүтээгдэхүүнүүдээ дэлгэрэнгүй танилцуулсан юм. Энэ удаад тус арга хэмжээн дээр Apple компани Apple Music-ийн шинэ функц, HomePod Mini спикерийн шинэ гурван өнгө, илүү удаан хугацаагаар ажиллах AirPods 3 чихэвч, өндөр хүчин чадалтай M1 Pro болон M1 Max чип, мөн цоо шинэ дизайнтай Macbook Pro гэх хэд, хэдэн шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд толилуулсан байна.

Apple Music “Voice Plan”

Тим Кук танилцуулгаа эхлүүлэхдээ дуу хөгжим бол яахын аргагүй бидний амьдралын томоохон хэсэг болохыг дурдаад Apple Music-ийн шинэ функцийг танилцуулсан нь хүмүүсийн анхаарлыг ихэд татсан юм. Хэрэглэгчид Apple Music платформоор дуу сонсохдоо “Voice Plan” хэмээх функц багтсан багцыг худалдан авах боломжтой болно. Тодруулбал, энэхүү функц нь Siri дуут туслахын тусламжтайгаар аудио хэлбэрээр Apple Music-ийг удирдах чадвартай бөгөөд ойролцоогоор 90 сая орчим дууг тус функцээр тоглуулах боломжтой юм.

“Voice Plan” функцийг энэ намрын сүүлээр Австрали, Австри, Канад, Хятад, Франц, Герман, Хонгконг, Энэтхэг, Ирланд, Итали, Япон, Мексик, Шинэ Зеланд, Испани, Тайвань, Их Британи, АНУ зэрэг нийт 17 улс оронд ашиглах боломжтой бөгөөд сарын 4.99 ам.доллар байх гэнэ. 


Шар, улбар шар болон цэнхэр HomePod Mini

Танилцуулгын үеэр Apple компани алдарт HomePod Mini спикерийг уламжлалт саарал болон хар өнгөнөөс гадна шар, улбар шар, цэнхэр гэсэн гурван шинэ өнгөөр толилууллаа. Хэмжээний хувьд 3.3 инч энэхүү спикер нь дуу хөгжмийг урьд өмнөхөөсөө илүү бодитоор эгшиглүүлж, Siri-ийн тусламжтайгаар ухаалаг гэрийн системтэй холбогдож, мөн хүний яриаг тод сонсож, хэрэглэгчийн хувийн мэдээллийг өндөр түвшинд хамгаалах чадвартай болсон байна. Түүнчлэн Apple компанийн S5 чипээр ажиллах ба илүү чанартай дуугаралттай болсныг онцлох хэрэгтэй юм. Илүү авсаархан, илүү ухаалаг HomePod Mini спикер шинэ гурван өнгөний сонголттойгоор 99 ам.доллараар арваннэгдүгээр сарын дундуур худалдаалагдаж эхэлнэ. 


AirPods 3

Өмнөх AirPods 2 загвартай харьцуулбал AirPods 3 утасгүй чихэвч шинэчлэгдсэн дизайн, илүү өндөр технологийн үзүүлэлттэй болсон байна. Дуугаралтын чанар илүү сайжирч, кино бүтээлүүдийг Dolby Atmos технологиор сонсож, мөн дизайны хувьд илүү хөнгөн, чихэнд эвтэйхэн болжээ. Шинэ AirPods нь өөртөө H1 чипийн хүчийг Apple-ийн акустик системийн хүч чадалтай төгс хослуулсан бөгөөд тооцоолох аудио технологи нь ийнхүү гайхалтай дуу чимээ ялгаруулах чадвартай болгосон юм. 

Шинэ үеийн AirPods чихэвч хөлс болон усны хамгаалалттай болсон төдийгүй чихэвчийн шинэчлэгдсэн мэдрэгчээр хөгжим, дуудлагыг удирдахад илүү хялбар болсон байна. Мөн шинэ үеийн AirPods чихэвч зургаан цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай бөгөөд цэнэглэгч хайрцгийн тусламжтай нийт 30 хүртэлх цаг ажиллах юм.

Чихэвчийн микрофон нь акустик тороор бүрхэгдсэн бөгөөд энэ нь салхи болон гаднын чимээнээс тусгаарлаж, дуудлагын үер сайн дуугаралтаар хангах болно. Түүнчлэн AirPods 3 нь Full HD дуугаралт гаргахын тулд тусгай AAC-ELD кодек технологийг ашигласан нь FaceTime дуудлагын үеэр таны дуу хоолой маш тод, цэвэр сонсогдох байна. AirPods 3 утасгүй чихэвч энэ сарын сүүлээр худалдаанд гарах бөгөөд 179 ам.доллароор үнэлэгджээ. Яг одоо Apple компанийн албан ёсны вебсайт дээрээс урьдчилан захиалга хийх боломжтой байна.


M1 Pro болон M1 Max чип

Apple өнгөрсөн жил Macbook Air, Macbook Pro болон Mac Mini зэрэг загваруудад ашиглагддаг ARM cистем дээр суурилсан дэлхийн хамгийн анхны чип болох М1 чипийг танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн танилцуулгын үеэр уг чипийн М1 Pro болон M1 Max гэх шинэ үеийн хувилбаруудыг толилуулсан байна. M1 Pro болон M1 Max чип хоёулаа 5 нанометрийн процессор, 10 цөмтэй болжээ.

M1 Pro чипийн хувьд өмнөх загвараасаа хоёр дахин их транзистор агуулдаг бөгөөд төв гүйцэтгэл (CPU) нь 70%-иар илүү хурдацтай болсон юм. Мөн M1 Pro чипэд ProRes видео форматыг дэмждэг 16 цөмт график гүйцэтгэл (GPU) багтсан байна.

Харин M1 Max чип M1 Pro чипээс илүү их хүчин чадалтай гэнэ. Apple-ийн мэдэгдсэнээр энэхүү чип нь компанийн бүтээсэн хамгийн хүчирхэг чип гэнэ. Тодруулбал, M1 Max чип M1 Pro чипээс 1.7 дахин их транзистор агуулсан бөгөөд 32 цөмт график процессороор ажиллах юм.


MacBook Pro

Шинэ үеийн MacBook Pro нь M1 Pro болон M1 Max чипээр тоноглогдсон байна. Эдгээр чипүүдийн өндөр хүчин чадлын ачаар шинэ MacBook Pro-ийн үзүүлэлт өмнөх жилүүдийн загваруудаас илүү хурдан болсон ба үүний ачаар энэхүү компьютер нь зах зээлд дээгүүр жагсах болно гэдэгт Apple компанийн төлөөлөгчид эргэлзэхгүй байна. Тэд 14 болон 16 инчийн хэмжээтэй худалдаалагдах MacBook Pro-г гаднах дизайн, гүйцэтгэлийн хувьд эрс шинэчлэгдсэн хэмээн тодорхойлсон юм.

Дизайны хувьд Touch Bar хурууны хээгээр удирддаг хэсгийг ердийн товчлууруудаар сольж, баруун талд нь Thunderbolt 4 порт, SDXC картын үүр, HDMI, чихэвчийн оролт байршуулсан бол зүүн талд нь хоёр ширхэг Thunderbolt 4 порт шинээр байршуулжээ.

Дэлгэцийн хувьд 14 инчийн хэмжээтэй MacBook Pro нийт 5.9 сая пиксель, 16 инчийн хэмжээтэй нь 7.7 сая пиксель боловсруулах чадвартай юм. Мөн дэлгэц нь илүү нимгэн халхавчтай болсноор ямар нэгэн контент үзэхэд илүү том орон зайг мэдрэх боломжтой байна. Түүнчлэн MacBook Pro анх удаа Liquid Retina XDR дэлгэцтэй болжээ. Энэ нь iPad Pro дээр өмнө нь танилцуулсан mini-LED арын гэрэлтүүлгийн технологийг ашигладаг бөгөөд дэлгэцийн бүх хэсэгт өндөр түвшний гэрэлтүүлэг өгөх чадвартайгаас гадна 120 Гц дүрс шинэчлэх технологитой юм. Шинэ загварын дэлгэц нь кино үзэхээс эхлээд нарийн төвөгтэй 8K форматын видео янзлах хүртэлх бүх нөхцөл байдалд таарсан өндөр үзүүлэлттэй болсон байна. 

MacBook Pro компьютерын хөргөлтийн систем өндөр хүчин чадлаар тогтвортой ажилладаг болсон тул ямар нэгэн дуу чимээ гарахгүй бөгөөд халахгүй юм.

MacBook Pro нь MagSafe технологийн цэнэглэгчтэй болсон нь өмнөх загваруудаас илүү хурдан цэнэглэх хүчин чадалтай юм. Mac дээр анх удаа хурдан цэнэглэх технологи боломжтой болсон бөгөөд MacBook Pro-г ердөө 30 минутын дотор 50% хүртэл цэнэглэх боломжтой болжээ. 14 инчийн хэмжээтэй MacBook Pro 17 цаг, харин 16 инчийн хэмжээтэй нь 21 цаг хүртэл тасралтгүй ажиллах батарейгаар тоноглогдсон байна. 14 инчийн MacBook Pro 1999 ам.доллараас, харин 16 инчийн хэмжээтэй нь 2499 ам.доллараас эхлэн энэ сарын сүүлээр худалдаанд гарна.  

Buro.Mongolia

2021-10-19, 14:08