Аяллын маршрут: Тансаг зэрэглэлийн галт тэргээр Вьетнам улсыг тойрох нь

Сүүлийн жилүүдэд Монголоос Вьетнам улсыг зорих аяллын урсгал эрс нэмэгдээд буй. Тэгвэл бид энэ удаад Вьетнам улсыг зорихоор зэхэж буй хэн бүхэнд зориулан тансаг зэрэглэлийн галт тэргээр таван цагийн турш аялж, тус улсын өмнө зүгийн үзэсгэлэнт байгалийг нэг дор үзэх боломжтой аяллын шинэ маршрутыг танилцуулж байна.

Олон улсын тансаг зэрэглэлийн Anantara сүлжээ зочид буудлын зүгээс Vietage нэртэй тансаг зэрэглэлийн галт тэргээр Вьетнам улсын өв соёл, өдөр тутмын амьдрал, гайхалтай харууц бүхий үзэсгэлэнт далайн эргүүдийг харах боломжтой шинэ аяллын маршрутыг нэвтрүүлжээ. Нийт таван цагийн турш үргэлжлэх энэхүү галт тэрэгний аялал нь тус улсын аялал жуулчлалын бүс нутаг болох На Транг хотоос Куй Нхон хот хүртэл үргэлжлэх бөгөөд нэг хүний 420 ам.долларын үнэтэй.

Энэхүү аялалд хамрагдсанаар та үзэсгэлэнт далай, тэнгис, сүрлэг өндөр уулс, цагаан будаан талбай, бадамлянхуа цэцгийн цөөрөм, Вьетнам улсын түүхэн дурсгалт газрууд зэрэг маш олон аяллын цэгүүдийг нэг дор харах боломжтойгоос гадна гар аргаар хийсэн вьетнам бяслаг, цай зэргийг багтаасан хөнгөн зууш, сет хоол, амтат дарс, коктейль, моктейль, 15 минутын толгой, мөр барих үйлчилгээг ч мөн үнэ төлбөргүй авах боломжтой юм.

Тав тухтай, мөн дурсамж дүүрэн галт тэрэгний аялалд гарахыг хүсвэл та Thevietagetrain.com вэбсайтаар зочлон онлайнаар билет захиалах боломжтой. Мөн Anantara резортын албан ёсны вэбсайтаар зочлон зочид буудал болон гал тэрэгний аяллыг багцаар нь захиалж болно. Аяллын маршрутын хувьд На Транг хотын галт тэрэгний буудлаас 14:00 цагт хөдөлж оройн 18:29 цагт Куй Нхон хот дахь Диу Три гал тэрэгний буудалд хүрэлцэн ирэх юм.

Buro.Mongolia

2024-06-03, 16:26