Анхаарал хандуулах шинэ найрлага: Ниацинамид гэж юу вэ?
Олон төрлийн үйлчилгээг үзүүлэгч шидэт найрлага
Ниацинамид гэж юу вэ?
Ниацинамид нь нэгэн төрлийн В3 амин дэм ба арьсыг цайруулах, чийгшүүлэх, өнгөн давхаргыг хамгаалах үйлчилгээг нэгэн зэрэг үзүүлэхийн зэрэгцээ арьсны цусны эргэлтийг сайжруулан, улайлт, нүхжилтийг багасгаж, нөсөө толбо үүсэхээс сэргийлдэг шидэт найрлага юм. Ихэвчлэн цайруулах бүтээгдэхүүн, тэжээлийн маск, серум төрлийн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг ба бүтээгдэхүүний шошго дээр Niacinamide, Nicotinamide болон Vitamin B3 хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Ямар арьсанд тохиромжтой вэ?
Ниацинамидын pH-ийн түвшин долоо буюу яг дундаж учир ямар ч арьсанд тохирдог давуу талтай. Түүнчлэн арьсны эрүүл толигор байдлыг хадгалдаг серамидийн нийлэгжилтийг дэмжин үрэвслийн эсрэг, антиоксидант шинж чанартай учир эмзэг, батгатай арьсанд ч хэрэглэж болдог.
Ниацинамидыг арьс арчилгаандаа хэрхэн нэвтрүүлэх вэ?
Ниацинамидын өөр нэг давуу тал бол өөр бусад ямар ч найрлагуудтай зохицдог явдал юм. Тиймээс арьс арчилгаандаа ямар ч санаа зовох зүйлгүйгээр нэвтрүүлэх боломжтой. Тухайлбал ретинол, AHA, BHA, PHA болон С аминдэмтэй хослуулан хэрэглэхэд бие биенийхээ үйлчилгээг дэмжиж өгдөг байна.
Найрлагадаа ниацинамид агуулсан бүтээгдэхүүнүүд
Ниацинамидыг арьс арчилгаандаа анх удаа хэрэглэх гэж байгаа тохиолдолд бага хувьтайг хэрэглэх нь тохиромжтой. Тухайлбал CeraVe брэнд дөрвөн хувийн найрлагатай өдрийн тосыг санал болгодог бол COSRX брэндээс хоёр хувийн ниацинамидын найрлагатай Galactomyces 95 Tone Balancing эссенсийг олох боломжтой байна.