Гоо сайханчаас асуусан нь: Мицелляр усыг зайлах хэрэгтэй юу?
Тийм үү, үгүй юү?
Юуны түрүүнд бага зэрэг онолын тухай ярилцъя. Мицелляр ус нь дотроо мицелла гэх бичил молекулууд агуулдаг юм. Мицелла молекул болгон усанд амархан уусдаг мөн усанд уусдаггүй гэх хоёр төрлийн сүүлнээс бүрддэг бөгөөд эдгээр сүүлнүүд бие, бие рүүгээ мөн янз бүрийн бүтэцтэй тос руу татагддаг байна. Энэ шинж чанарын ачаар мицелляр ус нь нүүрний будгийг сайтар арилгах чадвартай болдог аж. Харин мицелляр усаар арьсаа цэвэрлэсний дараа нүүрээ энгийн усаар зайлах хэрэгтэй эсэхийг хүмүүс мэдэхийг их хүсдэг. Бүтээгдэхүүний савалгаа дээр зайлах шаардлагагүй гэсэн бичиг байдаг ч, хэрэглэгчид тослог бүтэцтэй мицелляр усыг арилгалгүй үлдээснээр арьсанд ямар нэгэн бохирдол үүсэх вий хэмээн эмээдэг. Тэгэхээр бид энэ асуултыг мэргэжлийн гоо сайханчдаас асуухаар шийдлээ.
Buro Beauty салоны гоо сайханч Наталья Фурса
"Эмзэг арьсанд энгийн ус тохирохгүй байх тохиолдол олон бий. Энэ тохиолдолд мицелляр ус хамгийн шилдэг сонголт байх болно. Мицелла молекулууд арьсыг цочроохгүйгээр гадаргуу дээрх бохирдлыг нь цэвэрлэдэг юм. Мицелляр усыг гэртээ аль эсвэл хээр газар агаарт амарч байхдаа гээд ямар ч нөхцөлд ашиглахад тохиромжтой байдаг. Үйлдвэрлэгчид мицелляр усыг зайлах шаардлагагүй хэмээн зарладаг хэдий ч хэрвээ хүн өөрөө бүтээгдэхүүнийг ашигласны дараа эвгүй мэдрэмж авч, зайлах хүсэл төрж байвал мөн арьс нь хэт эмзэг биш бол усаар зайлсан нь дээр".
«ОблакаStudio» салоны арьсны эмч Наталья Ткаченко
"Мицелляр усыг зайлах шаардлагагүй байдаг. Цэвэрлэгээний уламжлалт бүтээгдэхүүний найрлагад багтсан хольцууд арьсан дах тос ба усанд уусдаг эсүүдийг арилгачихдаг. Харин мицелляр ус зөвхөн бохирдсон жижиг хэсгүүдийг шүүж авдаг юм. Энэ усны ачаар зөвхөн нүүрний арьс гэлтгүй мөн хүзүү бас цээж хэсгийн арьсыг цэвэрлэх боломжтой. Мицелляр усаар арьсаа цэвэрлэсний дараа арьсны липидэн давхарга гэмтдэггүй ба мөн pH-ийн түвшин хэвээр үлддэг тул дараагаар нь лосьон эсвэл тоник хэрэглэхгүй ч байж болно".
Prive 7 Beauty & Sport гоо сайхны төвийн арьсны эмч Камила Мурсалова
"Сүүлийн үед мицелляр ус нь арьс цэвэрлэгээний хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнээр тодроод байна. Хэрвээ бүтээгдэхүүний найрлагад амин хүчил, саван, спирт зэрэг өнгөц идэвхтэй бодис орсон байвал зайлах хэрэгтэй. Тэгэхээр ийм найрлагатай мицелляр ус арьсны гадаргуу дээр удаан тогтох юм бол арьсны хамгаалалтын гадаргууг гэмтээж, хуурайшилт, улаалт үүсгэх аюултай. Хэрвээ бүтээгдэхүүний найрлагад H₂O болон ургамлын хандаас өөр юу ч ороогүй байвал зайлах шаардлагагүй".