Хайх

Гоо сайханчаас асуусан нь: Оливын тос нүүрний тосыг орлож чадах уу?

Гоо сайханчаас асуусан нь: Оливын тос нүүрний тосыг орлож чадах уу?

Асуудлыг шийдэв

Text: Buro.Mongolia


Зураг:

Оливын тосны үгүйсгэхийн аргагүй олон давуу талыг жирийн нүүрний тостой харьцуулбал аль нь дээр байх вэ? Бид энэ асуудлаар мэргэжилтнүүдийн санал бодлыг сонслоо

Шинжлэх ухаан хөгжсөнөөр өнөөдөр бүх л төрлийн арьсанд тохирох, өндөр үр дүнтэй тоснууд олноороо үйлдвэрлэгдэж байна. Хэдий тийм ч зарим хүмүүс одоо хүртэл уламжлалт аргаар өөрийгөө тордохыг илүүд үзэж, байгалийн гаралтай тосыг нүүрний тосны оронд хэрэглэсэн хэвээр. Аль аргачлал нь бидэнд илүү урт хугацааны үр дүн авчрах вэ? Аль нэг аргачлалыг сонгох хэрэгтэй юу эсвэл эдгээрийг хооронд нь хослуулж хэрэглэх нь зүйтэй юу? Энэхүү маргаантай асуудлын учрыг олоход бидэнд олон жилийн ажлын туршлагатай гоо сайхны мэргэжилтнүүд тусаллаа. Бюро 24/7 Оросын гоо сайхны салбарын захирал Алексей Савостин хүртэл энэ асуудлыг тойролгүй өөрийн үзэл бодлоо хуваалцлаа.

Bella Potemkina Beauty салоны гоо сайханч ба гоо зүй судлаач Ирина Мельник

Гоо сайханчаас асуусан нь: Оливын тос нүүрний тосыг орлож чадах уу? (фото 1)Оливын тосыг зөвхөн тодорхой тохиолдолд л нүүрний тосны оронд хэрэглэж болно. Тэр нь хэрвээ таны гар доор бэлэн нүүрний тос эсвэл ямарваа нэгэн арьс арчилгааны бүтээгдэхүүн байхгүй тохиолдолд юм. Оливын тосыг нүүрний арьсандаа хэрэглэх шаардлагатай болсон бол түрхсэнийхээ дараа илүүдэл тосыг цаасан сальфеткаар арчиж авах хэрэгтэй. Ерөнхийдөө оливын тосыг биеийн арьсанд хэрэглэвэл илүү тохиромжтой юм. Шүршүүрт орсныхоо дараа оливын тосыг биедээ түрхэж, хамгийн амархан хуурайшдаг тохой ба өсгий хэсгүүддээ илүү их анхаарал хандуулах нь зүйтэй. Оливын тосыг тослог эсвэл эмзэг арьстай бүсгүйчүүд огтхон ч хэрэглэж болохгүй. Ганц удаагийн түрхлэг хүртэл таны арьсыг цочроож, үрэвсэл үүсгэх магадлалтай байдаг. Тухайлбал оливын тосыг нүднийхээ орчин тойронд түрхвэл нүд хавдах аюултай.

Anne Semonin брэндийн гоо сайханч ба гоо сайхны мэргэжилтэн Кристина Кахкцян

Гоо сайханчаас асуусан нь: Оливын тос нүүрний тосыг орлож чадах уу? (фото 2)Оливын тос нүүрний арьсанд эерэгээр нөлөөлөх чадвартай ч нүүрний тосны оронд тогтмол хэрэглэх нь тийм ч сайхан санаа биш болов уу. Үүний оронд эдгээр хоёр зүйлийг тунг нь тааруулан, хослуулж хэрэглэвэл илүү их үр дүн гарна. Оливын тос ба нүүрний тосонд өөрсдийн гэсэн даалгавар бий. Тэдний хоорондын ялгааг сайн ойлгож байх нь их чухал. Оливын тос арьсыг сэргээж, амин дэмээр баяжуулахдаа тун сайн. Гэхдээ түүнийг зөвхөн шөнийн цагаар, чийгтэй арьсан дээр хэрэглэвэл тохиромжтой. Мөн оливын тосыг хэрэглэхээсээ өмнө юуны түрүүнд өөрийнхөө арьсны онцлогийг мэдэж байх хэрэгтэй. Таны арьс тослог бол оливын тос арьсны нүхнүүдийг бөглөж, үрэвсэл үүсгэх өндөр магадлалтай. Харин хуурай ба гэмтсэн арьсанд тэжээл өгөх болно. Гэхдээ нэг зүйлийг сануулж хэлэхэд оливын тосыг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд энэ нь арьсанд эсрэг нөлөө үзүүлж, тэжээл өгөхийн оронд хуурайшуулж эхэлдэг.

Харин нүүрний тосны хувьд бол энэ нь хамгийн сонгодог ба эвтэйхэн арьс арчилгааны арга юм. Ялангуяа өдрийн цагаар нүүрний тос нь арьсыг зөвхөн чийгшүүлээд зогсолгүй, мөн орчин тойрны хорт нөлөөнөөс хамгаалж, чийгшлээ алдахаас сэргийлдэг. Түүнчлэн нүүрний тосны найрлагад илүү их хэмжээний идэвхтэй орц ордог. Тиймээс тос арьсанд илүү сайн нөлөө үзүүлэх чадвартай байдаг юм.

Buro 24/7-гийн гоо сайхны захирал Алексей Савостин

Гоо сайханчаас асуусан нь: Оливын тос нүүрний тосыг орлож чадах уу? (фото 3)Би байгалийн гаралтай тоснуудад ерөнхийдөө их дуртай. Тухайн тос өөхөн хүчил ихтэй бол бүр ч сайхан санагддаг. Гэхдээ ийм төрлийн тосыг нүүрний тосны оронд удаан хугацааны турш хэрэглэвэл та маш харамсалтай үр дүнд хүрнэ. Таны арьс байгалийн хамгаалалтаа алдаж, орчин тойрны хорт нөлөөнд илүү амархан автдаг болно. Арьсны дээд давхаргын эпидермист байрших липидууд гэмтэж, арьс улам бүр хуурайшиж эхэлнэ. Хөлөөсөө толгой хүртлээ оливын тос хэрэглэх дуртай хүмүүст нэг зүйлийг сануулахад энэхүү тос нь арьсан дээр нэмэлт хальс үүсгэдэг. Тэрхүү хальс нь арьснаас хорт бодис ба себум ялгарах үйл явцад саад болж, нүхнүүдийг бөглөрөхөд хүргэдэг. Нэг ёсондоо таны арьсны бодисын солилцоо алдагдаж, арьс чийгшлээ алдаж эхлэнэ гэсэн үг.

Арьсаа бүрэн төгс арчлахын тулд зориулалтын нүүрний тос хэрэглэж байхыг зөвлөх байна. Хамгийн гол нь таны тос усан бас тосон гэх холимог найрлагатай байвал илүү үр дүнтэй. Бүтээгдэхүүн дахь байгалийн тос арьсанд тэжээл өгч, амин дэмээр баяжуулдаг бол ус нь чийгшүүлж, бусад хэрэгтэй зүйлсээр хангана. Хэрвээ та оливын тосыг биедээ түрхэх үнэхээр дуртай бол долоо хоногтоо хоёр удаа л биеийн пилинг хийлгэж байгаарай.

цааш үзэх