Өөрчлөлт хийх цаг: 2016 оны намрын үсний трендүүд
Жигд бус өнгөнүүд, хайхрамжгүй засалтууд
Сомбре
Тийм ээ, та зөв ажигласан байна. Омбре будалтын тренд энэ зун ч гэсэн үргэлжиллээ. Ер нь бидний бодлоор энэ чиг хандлага хэзээ ч моодноос гарахгүй юм шиг ээ. Дэлхийн олон хотын загварлаг бүсгүйчүүд үснийхээ орой хэсгийг бараан, харин үзүүрийг гэгээлэг өнгөөр будах омбре аргачлалд чин сэтгэлээсээ дурласан бололтой. Гэхдээ сүүлийн үед омбре будалтын технологи бага зэрэг өөрчлөгдсөн харагдлаа. Өмнө нь бүсгүйчүүд хоорондоо нэлээд ялгарах хоёр өнгийг хослуулах дуртай байсан бол, одоо тэд хоорондоо зөөлөн уусах, ойролцоо туяатай өнгөнүүдийг сонгож, soft ombre буюу сомбре трендийг бий болгоод байна. Сомбре будалтын гол онцлог нь үс дунд биш, харин үзүүр хэсгээсээ эхлэн цайрч, орой хэсэгтэйгээ харьцуулбал ердөө л нэг эсвэл хагас туяагаар гэгээлэг байхад оршиж байгаа юм.
Балаяж
Балаяж процедурын гол зорилго нь наранд гандсан мэт эффекттэй байгалийн өнгө гаргаж авахад оршино. Энэ тохиолдолд өнгөний мэргэжилтэн тугалган цаас эсвэл бусад өөр ямар нэгэн хэрэгсэл ашиглалгүйгээр зөвхөн гараараа үсний гаднах давхаргыг цайруулдаг бөгөөд дотор давхаргуудад будгийг огт хүргэдэггүй байна.
Энэ зуны бас нэгэн алдрынхаа оргилд хүрээд байгаа аргачлал бол Babylights юм. Балаяж ба сор тавих аргачлалын голд орших энэ будалт яг л хүүхдийнх шиг зөөлөн уусалттай, хэсэгчлэн цайруулсан, байгалийн мэт өнгөтэй үсийг бий болгодог. Түүнчлэн Babylights нь нарийн ширхэгтэй үстэй бүсгүйчүүдэд төгс тохирдог. Мэргэжилтэн энэ аргачлалаар үсийг будахдаа тугалган цаас биш, зориулалтын хальс ашигладаг байгаа.
Бараан сор
Сор тавих аргачлалын эсрэг утгатай "бараан сор" нь цайвар бор эсвэл шаргал өнгийн үстэй бүсгүйчүүдэд сайхан зохидог. Өөрөөр хэлбэл мэргэжилтэн хэсэгчилсэн үснүүдийг цайруулах биш, харин эсрэгээрээ бараан болгодог юм. Ийм аргачлалын үр дүнд үс илүү байгалийн өнгөтэй болж, өтгөн харагддаг.
Холливүүдын ихэнх мэргэжилтнүүд энэхүү аргачлалыг хоёр эсвэл гурван өнгө ашиглан, 3D эффекттэйгээр будах дуртай байдаг. Жессика Альба ба Сара Жессика Паркер нарын үс энэ будалтын хамгийн тод жишээ юм. Тэдний үс маш байгалийн хэрнээ өтгөн харагдаж байгаа биз?
Энэ өвөрмөц аргачлалыг хамгийн анх Redken брэндийн тэргүүн, өнгөний мэргэжилтэн Чиала Марвичи сэдсэн байдаг. "Бараан сор" будалтыг хийхийн тулд мэргэжилтэн зориулалтын тусгай багс ашиглан, яг л усан будгаар цагаан цаасан дээр зурж буй мэт үсийг хэсэгчлэн будаж эхэлдэг юм. Үр дүнд нь маш сонирхолтой өнгөний уусалтууд гарч ирдэг.
Футуристик өнгө
2016 оны гол чиг хандлагуудын тоонд дээрх будалтын аргачлалуудаас гадна, мөн хэд, хэдэн этгээд өнгийн үснүүд орж байна. Louis Vuitton-ы хавар-зун улирлын загварын шоу дээр үзэгдсэн цайвар ягаан өнгийн үс тэр дундаас хамгийн эрэлт өндөртэй нь байна. Ерөнхийдөө олон дизайнерууд энэ улиралд тод өнгийн үстэй загвар өмсөгчдийг загварын шоу болон каталогийн зураг авалтдаа онцолсон байгаа. Тэдгээр дизайнеруудын ачаар цэнхэр, ягаан, нил ягаан, ногоон, саарал гэх зэрэг футуристик өнгө аястай, этгээд туяанууд дахин нэг удаа cool харагдаж, "моод"-нд орох боллоо.
Цэнхэр эсвэл ягаан туяатай шаргал, хүйтэн эсвэл бүүдгэр саарал өнгөнүүд энэ зуны хамгийн загварлаг будалтаар тодорч байгаа. Тэд ямар ч өнгийн арьстай зохицож, царайг илүү гэгээлэг харагдуулдаг увьдистай юм. Харин хүйтэн цэнхэр ба жийнсэн өмдний цэнхэр өнгөнүүд дөнгөж саяхнаас олны анхаарлыг татаж эхэлж байгаа бөгөөд алдартнууд ихэвчлэн энэ өнгийг дангаар нь биш, харин бусад өнгөнүүдтэй хослуулан будаж байна. Түүнчлэн нил ягаан ба бараан хөх ягаан өнгийн үснүүдийг хамгийн зоригтой бүсгүйчүүд туршиж байна.
Долгионтой эсвэл буржгар үс
Хөнгөн долгионтой үс мэдээж хэрэг тренд хэвээр байна. Бага зэрэг арзайсан, хайхрамжгүй ороолт сүүлийн хэдэн жилийн турш огтхон ч эрчээ алдсангүй. Риогийн Олимпийн наадмын нээлт дээр алхсан Жизель Бундхены үсийг хар л даа. "Simply the best" байгаа биз.
Түүнээс гадна 1990-ээд оны том хэмжээстэй ороолт энэ зун моод болж байна. Харамсалтай нь зөөлөн, гөлгөр үстэй бүсгүйчүүдэд тэрхүү том хэмжээстэй буржгар үсний эффектийг гаргах нь хүндрэлтэй байх магадлалтай. Харин бага зэрэг арзгар бас өтгөн үстэй бүсгүйчүүд энэ трендийг заавал дагаарай.
Мэргэжилтнүүдийн зөвлөгөө
Kérastase-гийн стилист Марина Шиян: "Энэ намар аль болох замбараагүй ороосон, өтгөн үс загварлаг харагдах болно. Stella McCartney-гийн загварын шоунаас санаа аваарай".
Aldo Koppola төвийн өнгөний мэргэжилтэн Евгений Иванов: "Унтаад сэрсэн мэт зөөлхөн долгионтой, бага зэрэг замбараагүй үс энэ намар танд байгалийн гоо үзэсгэлэн нэмнэ. Хамгийн гол нь энэ засалт өдөр найзуудтайгаа уулзахад эсвэл орой үдэшлэгт явахад тохиромжтой, маш нийтлэг тренд болоод байгаа юм. Ямар нэгэн хэтрүүлсэн, эсвэл хичээл зүтгэл гаргасан этгээд засалт бүү хийгээрэй".
Фен Dry Bar салоны стилист Ольга Федотова: "Хайхрамжгүй тайралттай богинохон чолкнууд моодонд ороод байна. Мөн бүх төрлийн сүлжмэл үс, боосон ба овоолсон үс загварлаг харагдана. Хамгийн гол нь засалт бүрээ хэтэрхий хичээсэн мэт биш, хайхрамжгүй хийхэд л хамаг нууц оршиж байгаа юм шүү дээ. Мөн үснийхээ дээд хэсгийг овоолон, доод хэсгийг задгай тавьсан бага зэргийн долгионтой засалт бүсгүйчүүд дунд хүчээ авч байна".