Хайх

Хэрхэн зөв бөгөөд аюулгүй байдлаар наранд биеэ шарах вэ?

Хэрхэн зөв бөгөөд аюулгүй байдлаар наранд биеэ шарах вэ?

Аагим халуун өдрүүдэд доорх дүрмүүдийг анхааралдаа аваарай

Text: Buro.Mongolia


Нарны хэт ягаан туяа нь эсийн мутацид хүргэдэг

Арьсны хорт хавдар болон нарнаас хамгаалах бүтээгдэхүүн дахь химийн гаралтай орц найрлага хоорондын холбоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоогоогүй байгаа. Харин хорт хавдар үүсэхэд чухал нөлөө үзүүлдэг чөлөөт радикалуудын хувьд гэвэл арьс нарны хэт ягаан туяанд өртсөний улмаас үүсдэг. Бидний залуу насны гоо үзэсгэлэн болон арьсны эрүүл мэндийн гол дайсан бол ердөөсөө л нарны хэт ягаан туяаны нөлөө юм. Бид амьдралынхаа туршид нарны хэт ягаан туяанд өртсөнөөр арьсны эсийн мутаци явагдаж, аажмаар төрөл бүрийн асуудалтай тулгарч эхэлдэг. Тиймээс нарны хэт ягаан туяатай тэмцэхийн тулд үргэлж нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэж байх нь чухал билээ.

Нарнаас хамгаалах бүтээгдэхүүнийг эмчийн зөвлөгөөний дагуу сонгох хэрэгтэй

Нарнаас хамгаалах бүтээгдэхүүнийг нүүрнийхээ арьсанд хэрэглэдэг аливаа гоо сайхны бүтээгдэхүүний адил эхлээд эмчтэй зөвлөлдсөний эцэст сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид арьсныхаа төрөл ба онцлог, нас зэргээ тооцоолон зөв бүтээгдэхүүн сонгосноор ямар нэгэн эрсдэл гарахаас сэргийлэх боломжтой юм. Арьсны эмчид хандан арьсны бүрэн үзлэгт орж, өөрт байгаа мэнгэ, харшил зэрэг шаардлагатай бүх мэдээллээ өгснөөр өөрт хамгийн тохирсон, арьсны нүхийг бөглөж үрэвсэл үүсгэдэггүй, сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүнийг олох боломжтой.

Хэрхэн зөв бөгөөд аюулгүй байдлаар наранд биеэ шарах вэ? (фото 1)

 

Нарнаас хамгаалах тосыг арьсны төрөлд тохируулан сонгох хэрэгтэй

SPF буюу тухайн бүтээгдэхүүний нарнаас хэр удаан хамгаалах чадварыг харуулдаг индекс нь хүний арьсны фототиптэй шууд хамааралтай байдаг. Жишээ нь тухайн хүний арьс, нүд болон үс нь цайвар өнгөтэй байх тусам SPF өндөртэй бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Учир нь ийм төрлийн арьсны фототип нь генийн түвшинд нарны хэт ягаан туяанаас бага хамгаалагдсан байдаг бөгөөд ийм арьстай хүмүүс маш амархан наранд түлэгдэх хандлагатай байдаг. Наранд түлэгдсэн арьс нь цаашлаад арьсны хорт хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлж өгнө.

Харин тухайн хүний арьсны өнгө, нүд ба үс нь бараан тал руугаа бол арай бага SPF-тэй бүтээгдэхүүн сонгох боломжтой.

Нарнаас хамгаалах бүтээгдэхүүнийг хоёр цаг тутамд шинэчлэх шаардлагатай

Нарнаас хамгаалах бүтээгдэхүүний нөлөөг сайжруулан, үр дүнтэй байлгахын тулд 2-3 цаг тутамд шинэчлэх шаардлагатай байдаг. Тэр дундаа чийгшил өндөртэй нөхцөлд, эсвэл усанд сэлж байх үедээ энэ дүрмийг заавал мөрдөөрэй.

Цээж хэсгээрээ нүцгэн биеэ наранд шарж болохгүй

Нарны шууд нөлөөнд цээж хэсгээрээ нүцгэн байж болохгүй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг. Ингэснээр сүүний булчирхайн эсүүд хэт халж, улмаар үүнтэй холбоотой өвчлөл үүсэх магадлалтай байдаг. Тэр дундаа сүүний булчирхай хэсэгтээ ургац, хавдартай, мастопати өвчлөлтэй эмэгтэйчүүдэд цээж нүцгэн биеэ наранд шарахыг бүр ч хориглодог байгаа.Хэрхэн зөв бөгөөд аюулгүй байдлаар наранд биеэ шарах вэ? (фото 2)

Зуны улиралд хот дотор SPF-тэй суурь крем түрхэхэд хангалттай

Хэрвээ зуны улиралд та ихэвчлэн барилга дотор, нарны шууд нөлөөнөөс хол байдаг бол SPF 15-30 индекстэй суурь крем түрхэхэд л хангалттай. Гэхдээ хэрвээ та цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, дугуй унах, тагтан дээр суух зэргээр нарны шууд нөлөөнд олон цаг байх дуртай хүн бол арьсаа бүрэн хэмжээгээр хамгаалан суурь кремийн доор түрхэх өндөр SPF-тэй тос хэрэглэхийг зөвлөх байна.

SPF 50 ба SPF 100 хооронд ялгаа байхгүй

Өнөөдрийн байдлаар SPF 50 ба SPF 100 хоорондын ялгаа огт байхгүй. Үзүүлдэг нөлөө, үр дүнгийн хувьд эдгээр нь хоорондоо адилхан юм. Европ стандартын дагуу нарнаас хамгаалах бүтээгдэхүүн дээр SPF 50-аас дээш тоотой индекс бичихийг хориглосон байдаг.

Хэрхэн зөв бөгөөд аюулгүй байдлаар наранд биеэ шарах вэ? (фото 3)

 

 

SPF-тэй бүтээгдэхүүнийг хоёр дахин цэвэрлэх шаардлагатай байдаг

Нарнаас хамгаалах тос ба крем нь ихэвчлэн маш өтгөн, нягт найрлагатай байдаг тул түрхсэний дараа арьсаа цэвэрлэхдээ хоёр дахин цэвэрлэгээ хийх шаардлагатай байдаг. Арьсаа усаар шавших эсвэл мицелляр усаар цэвэрлэх нь хангалтгүй байх тул үүний оронд өөрийн арьсны төрөлд тохирсон цэвэрлэгч гель хэрэглэж, дараа нь чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй.

Нарны туяанд ашиг тус бас бий

Хэрвээ нарны нөлөөнд зохистой хэмжээ ба хугацаагаар, зөв нарлаж чадвал бие организмын дархлаа сайжирч, яс бэхжиж, D амин дэм болон аз жаргалын даавар ялгарч, сэтгэл зүйн хувьд ч хүн илүү өөдрөг болдог. Дээр дурдсан бүх сөрөг нөлөөнүүд зөвхөн наранд хэт удаан байсны улмаас үүсдэгийг анхаараарай.

цааш үзэх