Уруулын филлер: Аюултай филлерүүд ба сүүлийн үеийн трендүүд
Мэргэжилтнүүд зөвлөж байна
Уруулыг биогелийн (биополимер, уусдаггүй филлер г.м.) тусламжтай томруулах нь 2000-аад онд тренд болж байсан, орчин үед хоцрогдсонд тооцогддог процедур юм. Тухайн үед гоо сайхны эмч нар үйлчлүүлэгчиддээ биогелийн гаралтай филлер нь 5-10 жилийн дараа өөрөө уусан алга болно хэмээн итгүүлдэг байсан ч үнэн хэрэгтээ полимерыг уруулаас тайрч авахаас өөр арга байдаггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам гель нь уруул дотор бөөгнөрч, хажуугийн эд эсүүд рүү шилжин уруулыг тэгш бус хэмтэй болгодог гээд олон асуудал үүсдэг. Үүнээс ч илүү том эрсдэлүүд гарах өндөр магадлалтай. Өнөөдөр маш олон өвчтөн полимерыг уруулаасаа гаргах зорилгоор эмнэлгүүдэд хандаж байна.
Биогель буюу полимерыг уруулаас гаргах процедур
VerNa3 клиникийн удирдагч Наида Алиева: "Хэрвээ аливаа зүйлийг организм өөрөө байгалийн явцаар гаргаж чадахгүй бол тухайн хэсэгт дархлааны хямрал үүсдэг. Полимерыг маш чадварлаг эмч уруул руу тарьсан ч дараа нь эрсдэл гарах магадлал үргэлж өндөр байдаг. Филлер шилжиж тэгш бус хэм үүсгэхээс гадна уруул өвчтэй, хөндүүртэй болох магадлалтай байдаг. Ялангуяа хүйтний улиралд өвдөлт мэдрэх нь ихэснэ. Цусны эргэлтийн хэвийн үйл ажиллагаа алдагдсаны улмаас эд эсүүд тэжээлээ алдаж, арьсан доорх липидийн давхарга нимгэрч, уруулын эргэн тойрон дахь арьс хурдан "хөгширдөг". Надад маш олон өвчтөн уруулаасаа полимер гаргах хүсэлтэйгээр ханддаг. Гэвч энэ процедурыг зөвхөн мэс засалчид л гүйцэтгэх боломжтой юм. Мэс засалчид ч хүртэл 100% үр дүн амлаж чаддаггүй. Учир нь уусдаггүй филлер нь уруулын арьсны холбогч эд эсүүдтэй нэгдсэн байдаг юм".
Бүсгүйчүүд ихэвчлэн полимерыг уруулаасаа гарган оронд нь илүү эрсдэл багатай, байгалийн төрх бий болгодог гиалуроны хүчлийг тариулахыг хүсдэг. Гэхдээ энэ нь ч бас тийм ч амар даалгавар биш юм.
«Эстелаб» клиникийн арьсны эмч Ирина Маркелова: "Биополимерын дараа шинэ филлер тарина гэдэг маш аюултай. Эд эс үрэвсэн халдвар авах эрсдэлтэйгээс гадна гиалуроны хүчил буруу хэлбэрт орох магадлалтай. Тиймээс эхлээд полимерыг уруулаас аль болох бүрэн гүйцэд гаргаж авах хэрэгтэй.
Полимер гаргуулсан уруул мөн л хүнд нөхцөлтэй болсон байдаг. Тиймээс дараа дараагийн удаа уруулдаа филлер тариулахаасаа өмнө эмчдээ заавал өмнө нь полимер хийлгэж байсан тухайгаа дурдах шаардлагатай. Эмч уруул дахь үлдэгдэл гелийг шалгаж, арьс тань хэр хугацаанд нөхөн сэргэдгийг тодорхойлж, уруулын ерөнхий байдлыг ажиглах болно. Энэ мэдээлэл дээр суурилан эмч шинэ филлер тарьж болох эсэхийг шийдэх юм. Хүн хүний организмын онцлогоос шалтгаалан полимерыг уруулаас гаргасны дараа уруул нөхөн сэргэх үйл явц хэдэн сараас эхлээд жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг".
Шинэ филлерүүд
Сүүлийн үед уруул томруулах зориулалттай олон шинэ технологи, найрлага, төхөөрөмж зах зээлд нэвтэрч байна.
Remedy Lab клиникийн арьсны эмч Мария Бондарева: "Хэдэн жилийн өмнө алдартай байсан тарилгууд одоо ч эрэлттэй хэвээр байна. Restylane, Juvederm, Surgiderm ба Belotero нь урт хугацааны шалгуурыг давсан сонгодог филлерүүд юм.
Гэхдээ зах зээлд маш олон шинэ филлерүүд асар хурдтай нэвтэрч байна. Энэ чиглэлээр дагнасан үзэсгэлэнд оролцоход тоолж барамгүй олон төрлийн филлер байгааг олж хардаг. Гэхдээ тэр бүгдийг туршиж үзэх хэрэггүй гэж бодож байна. Манай эмнэлэгийн хувьд хамгийн гол нь аюулгүй байдал гэх уриан дор ажилладаг тул бид өвчтөнүүддээ зөвхөн баталгаатай, сайн түүхтэй, сонгодог филлерүүдийг л зөвлөдөг.
Филлерийн сонголтыг эмч шийдэх учиртай. Солонгос гаралтай филлерээс бүү эмээгээрэй, тэдгээр нь ихэвчлэн найдвартай байдаг. Энэ дашрамд дурдахад Европын филлерүүдэд ашиглагддаг гиалуроны хүчлийг Солонгос эсвэл Японд үйлдвэрлэх нь элбэг байдаг. Надад сүүлд Yvoire гэх Солонгос филлер их таалагдаж байгаа. Хэлбэрээ маш сайн барьдаг. Тиймээс уруулын хэлбэрийг тод гаргах шаардлагатай нөхцөлд эсвэл ахимаг насны үйлчлүүлэгчдэд би энэ филлерийг ашигладаг юм.
Тарилгын үнэ их чухал шүү. Филлерийн үнэ маш олон хүчин зүйлсээс шалтгаалан тооцоологдож гардаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Найрлага дахь гиалуроны хүчил хэрхэн үйлдвэрлэгдэж, цэвэрлэгдсэн гээд олон шат дараалалтай чухал процедурууд филлерийн үнийг тодорхойлдог. Орчин үед гиалуроны хүчлийг био синтетик аргаар үйлдвэрлэдэг болсон. Бактерийн орчинд ургуулж, дараа нь цэвэршүүлдэг. Харин тэр цэвэрлэгээний үе шат нь хамгийн өндөр үнэтэй тусдаг юм. Филлерийг хямд үнээр борлуулдаг жижиг компаниуд сайн чанарын цэвэрлэгээний процесс явуулдаггүй гэж ойлгож болно. Тиймээс нэр хүнд сайтай, зүй ёсны үнэлгээтэй филлер хийлгэх нь хамгийн эрсдэл багатай, хүссэн үр дүнд тань хүргэх сонголт болно".
Үйлчлүүлэгчийн хувьд та энэ чиглэлээр нарийн мэдлэггүй байж болох ч үргэлж зөвхөн нэр хүндтэй эмнэлэгт хандаж, үйлчилгээ авахаасаа өмнө эмчээсээ тухайн филлерийн сертификатыг харуулахыг хүсч, хямд үнийн араас хөөцөлдөхгүйгээр цаашдын эрсдэлээ тооцоолон ухаалаг шийдвэр гаргаарай.