Хайх

Төгс хэлбэртэй хөмсөгний нууц ердөө л саван

Төгс хэлбэртэй хөмсөгний нууц ердөө л саван

Text: О.Нандий


Супермодель Кара Делевинь шиг өтгөн, бүдүүн хөмсөг гоо сайхны ертөнцөд тренд болоод удаж байгаа билээ. Харин ийм үр дүнд хүрэхийн тулд гар нүүрийн саван ашиглан хөмсгөө хэлбэржүүлэх тренд үүсжээ. Шингэн, нарийхан, сүүлтэй, сүүлгүй, өтгөн гэх мэт ямар ч хөмсөгтэй байсан гар нүүрийн савангаар хөмсгөө хэн л бол хэн хэлбэржүүлж болох ба энэ нь илүү өтгөн, өргөн хөмсөгтэй харагдахад тусалдаг байна.

Савангаар хөмсгөө самнаж хэлбэрт оруулах үйлдэл нь олон жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн боловч саяхнаас л дэлхий дахинд гэнэтийн тренд болоод байгаа юм. Бусад трендүүд амархан моданаас гарч мартагддаг бол өтгөн бүдүүн хөмсөг нь одоог хүртэл охид бүсгүйчүүдийн сонголт хэвээр байгаа тул энэ аргачлалд суралцаад аваарай.

Саван ашиглан хөмсгөө хэлбэржүүлэх нь маш хялбар бөгөөд үр дүнтэй. Танд ердөө л бага зэрэг норгосон цэвэрхэн сормуусны сам болон хуурай саван хэрэг болох бөгөөд самаа саванд үрэн хөмсгөө хүссэн хэлбэрт оруулахад л хангалттай.

Ямар саван сонгох вэ?

Глицеринтэй, ямар нэгэн хурц үнэр, будаггүй гар нүүрийн саван сонгох нь хамгийн чухал. Элдэв үнэр өнгөтэй байвал харшил өгөх магадлалтай бөгөөд эмзэг арьсанд тохиромжгүй.

Төгс хэлбэртэй хөмсөгний нууц ердөө л саван (фото 1)

Юугаар самнах вэ?

Хөмсөгний зориулалтын хуванцар болон төмөр сам тохиромжгүй. Харин сормуусны будгийн сам шиг дангаар нь худалдаалдаг нэг удаагийн сам байвал илүү зохимжтой. Хэрвээ олдоход бэрх бол дууссан сормуусны будгийнхаа самыг сайтар угааж үлдэгдэл будгаа арилган хэрэглэж болно.

Төгс хэлбэртэй хөмсөгний нууц ердөө л саван (фото 2)

Арга барил нь?

Хэрвээ хөмсгөө ямар нэгэн будгаар буддаг бол будсаны дараа савангаа хэрэглэнэ, Анх туршиж үзэж байгаа бол ямар нэгэн будаг түрхэхгүй байхыг зөвлөж байна. Ингээд хөмсгөө хүссэн өнгө төрхдөө оруулсны дараа сормуусны самаа бага зэрэг норгон хуурай гарын саван дээр үрж, хөмсгөндөө дээш чиглэлээр зөөлөн түрхэнэ. Самаа хэт их норговол эсвэл хэт их саван түрхвэл хөөсрөх магадлалтай тул анхаарна уу! Ингээд савантай хөмсөг хатсаны дараа хөмсөг тань өтгөн харагдах ба хэлбэрээ ч удаан барина.

Савангаар хөмсгөө хэлбэрт оруулах нь олон давуу талтай ч нэг анхаарах зүйл нь хөмсгөө норгохгүй байх хэрэгтэй тул бороотой өдөр ийм аргачлал хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Ингээд л болоо! Хялбар, хямд ба гарт байгаа зүйлсээр мөрөөдлийн хөмсөгтэй болно!

цааш үзэх