Хайх

Гоо сайхны тренд: Япон маникюр

Гоо сайхны тренд: Япон маникюр

Цэвэр цэмцгэр байдлыг илтгэх Япон маникюр

Text: Buro.Mongolia


Энгийн байдлыг таашаадаг бүсгүйчүүдийн дунд Япон маникюр тренд болоод байна. Тэгвэл цэвэр цэмцгэр байдлыг илтгэдэг япон маникюр гэж юу вэ?

Япон маникюрын арга техник нь 400 жилийн тэртээ үүсжээ. Байгалийн орц найрлагатай бүтээгдэхүүн, багаж хэрэгсэл ашигладаг уг арга нь хумсны харагдац байдлаас илүү эрүүл, бат бөх байдалд анхаарал хандуулдагт оршино. Тодруулбал, хүн орхоодой, цагаан будааны сүү, зөгийн бал, хулс, замагны ханд, иланг иланг тос, бадамлянхуан үр, улаан цайны ханд зэрэг цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр бүтээгдсэн тосон түрхлэгээр гар, хумсанд иллэг хийн чийгшүүлж, тэжээл өгөхөөс гадна цэвэр модон түлхэгчээр хумсны илүүдэл арьсыг цэвэрлэн, керамик хуурай, арьсан өнгөлөгчөөр хумсыг өнгөлдөг байна.

Япон маникюрын техник нь "Masura" болон "P-Shine" гэсэн хоёр төрөлд хуваагддаг ба "P-Shine" нь хумсыг усанд хэсэг хугацаанд байлган арьсыг зөөллөдөг бол "Masura" нь зөвхөн тосон түрхлэг, охь ашигладаг юм. Мөн мэргэжлийн маникюристууд процедур эхлэхийн өмнө хумсыг оношлон тохирох эмчилгээг санал болгож, хумсны эрүүл төрхийг сэргээж, байгалийн гоо үзэсгэлэнг тодотгож өгдөг нь Япон маникюрын гол давуу тал болдог билээ.

Сүүлийн үед Япон маникюрын техникийг ашиглан хумсыг арчлан, хоргүй найрлага бүхий өнгөгүй будгаар будахыг олон бүсгүйчүүд таашаах болсон юм. Хэрэв та үргэлж гелэн маникюр хийлгэдэг бол улиралдаа нэг удаа Япон маникюрын арга техник ашиглан хумсныхаа эрүүл байдлыг хадгалаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх