Дэлхийн шилдэг балетчид ярьж байна
Welcome to Mongolia-д нэгдсэн дэлхийд од балетчид
Фан И
Өдөр бүр өөрийгөө илүү таньж, мэдэрч, өдөр бүрийг өөртөө илүү тавлаг болох хэрэгтэй
Сайн байна уу, Монголд ирж балетийн гайхамшгийг харуулсан танд баярлалаа. Өчигдрийн тоглолт ямар болсон бэ?
Миний бодлоор их сайхан болоод өнгөрсөн.
Монголын үзэгчид танд ямар санагдсан бэ? Бусад орны үзэгчидтэй харьцуулбал ямар байсан бэ?
Маш халуун дулаанаар хүлээж авсан. Монголын үзэгчид гайхалтай байсан шүү. Орон бүрт маш өөр байдаг, гэхдээ энд үзэгчдийн эерэг энерги илт мэдрэгдсэн.
Балет нь эмэгтэй хүнд хатуу, тэвчээр заасан амьдралтай байхыг шаарддаг. Та олон жил шилдэг балетчин байсан. Энэ нь танд хэцүү байсан уу?
Би өөрийгөө хэзээ ч балетчин гэж дууддаггүй. Учир нь би сонгодог балет биш харин орчин үеийн бүжгээр илүү хичээллэдэг. Би маш хожим, 19-тэй байхдаа бүжиглэж эхэлсэн. Энэ бол хожимдсон нас юм. Ихэнх балетчид таван наснаасаа л эхэлж хичээллэдэг. Миний бодлоор мэргэжлийн бүжигчин хүний амьдрал бол 24 цагийн турш биеэ сайн арчлахад төвлөрч, тайзнаас буусан ч гэсэн хийж байгаа бүх үйлдэл нь мэргэжилтэй нь холбоотой байдаг.
Азийн ихэнх театрууд их модерн болж байгаа гэж сонссон. Сонгодог урлагаас илүүтэйгээр орчин үеийн урлаг уруу шилжиж буй нь таны бодлоор зөв үү?
Би зөв эсвэл буруу гэж хэлмээргүй байна. Харин ази хүний хувьд хэлэхэд бид хэзээ ч өөрсдийн соёл, зан заншлаа мартдаггүй ба энэ нь бидний цусанд бий. Бүжгийн хөдөлгөөнд ч мөн бидний өв соёлын мөн байгалийн тусгал байдаг. Миний бодлоор барууны олон сайхан хөдөлгөөн, техник аргачлалууд байдаг хэдий ч шинэ үеийнхэн маань бидний баялаг соёлоо битгий мартаасай гэж боддог.
Миний бодлоор балетчид маш өндөр түвшний мэдрэмжтэй хүмүүс. Таны хувьд ямар эмэгтэй хамгийн сайхан бэ?
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн дотроосоо гадагшилж харагддаг. Энэ бол зөвхөн гаднах төрх биш юм. Гаднах төрх гунддаг шүү дээ. Харин хүн чанартай, өөртөө итгэлтэй байдал хамгийн сайхан нь. Өөрийгөө сайн судалсан бас хайрлаж чаддаг эмэгтэй хүн үзэсгэлэнтэй. Өдөр бүр өөрийгөө илүү таньж, мэдэрч, өдөр бүрийг өөртөө илүү тавлаг болох хэрэгтэй. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдэд биш харин бүх хүмүүст хамааралтай.
Исаак Акиба
Хэрэв үгүй бол та бүжигчин биш зүгээр тамирчин л гэсэн үг шүү дээ.
Монголд ирж тоглосон таны сэтгэгдэл ямар байна вэ?
Гайхалтай, эрчтэй тоглолт болсон. Тоглолт болгон сайн туршлага болдог ч, дасал болоогүй өөр оронд тоглох нь маш онцгой байдаг. Тиймээс миний хувьд их сайхан туршлага боллоо. Үзэгчид уриалгахан байж, биднийг дэмжиж байгааг нь мэдрэх гоё байсан. Тайзан дээр хүмүүст зориулан бүхнээ өгөн бүжиглэхэд эргүүлээд үзэгчдээс энерги авах нь хамгаас урамтай байдаг.
Монголын үзэгчдийг бусад орны үзэгчидтэй харьцуулбал ямар байсан бэ?
Би маш их өөр гэж хэлэхгүй ч монголын үзэгчид урлагт дуртай гэдэг нь илт байсан. Зарим оронд очиход биднийг сайн ойлгохгүй байх шиг эсвэл уйтгартай уур амьсгал төрдөг. Харин монголын үзэгчид биднийг үзэхэд баяртай, мөн хором бүр бидэнтэй цуг байсан.
Байнгын хүнд бэлтгэл сургалт, завгүй хуваарь гээд маш чанд хэв маягтай бүжигчний хувьд танд чөлөөт цаг гардаг уу?
Тийм ээ. Чөлөөт цаг олдохгүй байсан ч заавал өөртөө гаргаж байх хэрэгтэй. Учир нь урлагийн хүн тайзан дээр ямар нэгэн шинэлэг зүйл авчирч байх ёстой. Тэгэхээр чи өөрийн хувийн амьдралаа бий болгож, өөрийн туршлагаа хуримтлуулж, хувь хүнээ алдахгүй байх ёстой. Ингэж байж та олж авсан шинэлэг зүйлээ бусадтайгаа хуваалцаж чадна. Хэрэв үгүй бол та бүжигчин биш зүгээр тамирчин л гэсэн үг шүү дээ.
Тэгвэл таны өдөр тутмын амьдралд эрч хүч өгдөг зүйлс юу вэ?
Ихэвчлэн өдөр бүр би бүжигчдийн эргэн тойронд байдаг учир хүмүүс сэтгэлийг минь хөглөдөг. Ялангуяа байгалиас заяагдсан авьяастай хүмүүс харах гайхалтай. Тийм хүмүүстэй өдөр тутам биш харин ховор таардаг учир тэдний авьяас болон хичээл зүтгэлээс маш их урам зориг авдаг.
Азийн ихэнх театрууд их модерн болж байгаа гэж сонссон. Сонгодог урлагаас илүүтэйгээр орчин үеийн урлаг уруу шилжиж буй нь таны бодлоор зөв үү?
Миний хувьд орчин үеийн бүжиг маш сэтгэл хөдлөм бас чухал санагддаг. Бүх шинэ санаа, шинэ хөдөлгөөнүүд нь надад их таалагддаг. Гэхдээ мэдээж сонгодог балет байгаагүй бол модерн бүжиг бий болохгүй байхсан. Тиймээс бид гарал үүслээ мартаж болохгүй.
Нийгмийн сүлжээ ашигладаг уу, хэр их ашигладаг вэ?
Тийм ээ, өдөр бүр. Би дөнгөж сая фэйсбүүк үзэж байлаа. (Инээв)
Таны таашаалд нийцсэн шинэ урлагийн мэдээг хаанаас авдаг вэ?
Би урлагийн эргэн тойронд амьдардаг. Миний эцэг эх мөн адил урлагийн хүмүүс. Тэгэхээр би бүхий л эргэн тойрноосоо мэдээлэл авдаг ба сонин уншлаа ч гэсэн түрүүлж урлагийн хэсгийг хардаг.
Жефрей Сирио
Тайзан дээр надад бүх юм удаан хөдөлгөөнд орсон юм шиг санагддаг.
Та анх хэзээ бүжиг сонирхож эхэлсэн бэ?
Арван настайгаасаа эхлэж хичээллэсэн. Би үргэлж спорт болон тулааны урлагтай холбоотой байсан л даа. Харин нэгэн удаа эгчийнхээ сургууль дээр залуучуудыг балетийн хичээл авч байхыг хараад өөрөө ч туршиж үзэхээр шийдсэн.
Та тайзан дээр байхдаа авдаг мэдрэмжээ тодорхойлж болох уу?
Тэр мэдрэмжийг тодорхойлоход маш хэцүү. Үгээр тайлбарлая гэвэл миний хувьд энэ нь эрх чөлөө бас адреналиний мэдрэмж байх болно. Та өөрөө туршиж үзэж байж л ойлгох байх даа. Яг л бүх юм удаан хөдөлгөөнд орсон юм шиг санагддаг.
Таны хувьд эмэгтэй хүний юу хамгийн сайхан бэ?
Мэдээж эмэгтэй хүний дотоод сэтгэл сайхан байдаг. Мөн би эмэгтэй хүний нүдэнд дурладаг.
Байнгын хүнд бэлтгэл сургалт, завгүй хуваарь гээд энэ бүхэн танд чөлөөт цаг гаргах боломж олгодог уу?
Тийм их биш ч гэсэн мэдээж гаралгүй яах вэ. Би хөгжимд хайртай, одоогоор гитар их сонирхож байгаа. Бас нэгэн сонирхол гэвэл зураг авах. Гэхдээ юуны түрүүнд чөлөөт цагаа дотны хүмүүстэйгээ хамт өнгөрөөж, амраад авахыг хичээдэг.
Лиа Сирио
Та яагаад балетчин болсон юм бэ?
Би өөрийгөө санахын л бүхнээс илүү бүжиглэх дуртай байсан. Миний өөрийн хүсэл тэмүүллээс болж л би энэ салбар уруу орсон.
Таны өдөр тутмын амьдралд юу эрч хүч өгдөг вэ?
Өөрийнхөөрөө байж, бүжигтээ бүхнээ зориулаарай. Олон зүйлс бий ч гэлээ бүжиг нь өөрөө миний урам зориг юм.
Монголд олон эмэгтэйчүүд хүүхдээ балетчин болгохыг хүсдэг. Та тэдэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ? Балетчин хүний амьдрал ямар байдаг вэ?
Юуны түрүүнд мэргэжлийн балетчин болохын тулд маш их, бүр маш их бэлтгэл сургалт хийх ёстойг санаарай. Мөн өөрийнхөөрөө байж, бүжигтээ бүхнээ зориулаарай.