Хайх

Долоо хоногийн онцлох үзэсгэлэн: Дотоод мөн чанараа танихад тань туслах \"Me-We”

Долоо хоногийн онцлох үзэсгэлэн: Дотоод мөн чанараа танихад тань туслах "Me-We”

Залуу уран бүтээлч Б.Намууны бие даасан үзэсгэлэн

Text: Buro.Mongolia


Нэгдүгээр сарын 26-нд 976 Art Space-д гэрэл зурагчин Батбилэгийн Намууны "Me-We" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. Залуу уран бүтээлч Б.Намуун өнгөрсөн жил Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын нэрэмжит шагналын эзнээр шалгарч Швейцарын урлаг соёлын сургуульд гурван сар суралцах эрхтэй болсон ба  Швейцарт өнгөрүүлсэн гурван сарын хугацаанд туурвисан бүтээлээ дэлгэж буй нь энэ ажээ.

976 Art Space-ийн танхимд дэлгэгдсэн хурц тод өнгө холилдсон бүтээлүүд нь орчин үеийн уран зураг мэт харагдах ч эдгээр нь Намууны гэрэл зургийн хальсанд буусан Женев нуурын мандлын дүр зургууд байсан юм. Уран зураг мэт харагдах эдгээр зургуудыг дарахдаа нэмэлт эффект огт ашиглаагүй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

"Me-We" хэмээн нэрлэсэн энэхүү үзэсгэлэнгээрээ хүн харагдах байдлаараа нэг хэдий ч түүний дотор олон "Би" оршдог гэсэн утга санааг илэрхийлэхийг зорьжээ. Ингэхдээ усыг оюун ухаанаар төлөөлүүлж, харин сэтгэл хөдлөлийг салхиар илэрхийлсэн байна. Салхи тогтуун үед усны мандалд тусах өөрийн тусгалыг төвөггүй харж чадах бол, харин салхи салхилах үед сарнисан, ойлгомжгүй тусгалыг олж харах болно. Цаашлаад хүчтэй давлагаалснаар усны мандал дээрх тусгалыг харахад бүр хэцүү болох нь аюултай сэтгэл хөдлөлд хэт автсанаар та сэтгэлээр унан яах учраа мэдэхээ байхад хүрэхтэй адил юм. Харин сэтгэл хөдлөлөө чагнан "салхийг" тогтуун хэвээр байлгаж чадвал "усанд тусах тусгалыг" төвөггүй олж харж чадах билээ.

Долоо хоногийн онцлох үзэсгэлэн: Дотоод мөн чанараа танихад тань туслах "Me-We” (фото 1)

2015 онд СУИС-ийн Дүрслэх Дизайн Урлагийн сургуулийг зураач мэргэжлээр төгссөн Б.Намуун нь их сургуулиа төгссөний дараа Бразил улсад хэсэг хугацаанд амьдарч, аялж явахдаа гэрэл зургийн урлагт татагдан оржээ. Ингэж 2016 онд Бразил улсаас ирсний дараа Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд "OIR-RIO", 2017 онд Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрт "Цөөрч буй уугуул иргэд", 2018 онд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт "Хязгаараас ангид" хэмээх үзэсгэлэнгүүдээ гаргасан юм. Түүнчлэн Болгар, Швейцар улсад Монголын биет бус өвийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнгээ толилуулаад амжсан бөгөөд Монголын өв соёл, уламжлалыг олон улсад таниулан сурталчилж буй залуу уран бүтээлчдийн нэг билээ.

Сэтгэл зүрхээ чагнан дотоод мөн чанараа олж харахад тань туслах "Me-We" гэрэл зургийн үзэсгэлэн 2-р сарын 4-нийг хүртэл 976 Art Space-д гарах юм.

 

цааш үзэх