Дотроос нь харцгаая: Виржил Аблогийн нэрэмжит "Figures of Speech" үзэсгэлэн
Улирлын онцлох үзэсгэлэн
Louis Vuitton брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал, Off-White брэндийн үүсгэн байгуулагч Виржил Абло Чикаго хотын Контемпорари урлагийн музейтэй хамтран "Virgil Abloh: Figures of Speech" нэртэй үзэсгэлэнгээ нээлээ. Энэхүү үзэсгэлэнд түүний 20 орчим жил бүтээлч салбарт хийж бүтээсэн ажил, урлагийн бүтээл, хөгжим гээд бүх зүйлс дэлгэгдэж байгаа юм.
"Анхны ажлууд", "Хувцас загвар", "Хөгжим", "Интермеццо", "Black Gaze" , "Дизайн", "Төгсгөл" хэмээх долоон хэсэгт хуваагдсан үзэсгэлэнгийн эхний хэсэг түүний анхны гаргаж байсан хувцас загвар, тэр дундаа түүний үүсгэн байгуулсан Pyrex Vision хэмээх брэндийн бүтээлүүд дээр төвлөрсөн бол хоёр дах хэсэгт Off-White брэндийн загваруудыг харуулжээ. Харин гурав дах хэсэгт DONDA хэмээх Канье Уэстийн компанид бүтээлч захирлаар ажиллаж байсан үеийн ажлуудыг дэлгэсэн ба энэ хэсгээс Канье Уэстийн "Yeezus" цомгийн зургийг хэрхэн гаргасан болохыг харах боломжтой.
"Интермеццо" хэмээн нэрлэсэн дөрөв дэх хэсэгт Виржил Аблогийн архитектур болон дизайны тухай үзэл санааг харуулсан бол "Black Gaze" гэх хэсэгт хувцас загвар, урлагийг өнгөт арьстнуудын зүгээс илэрхийлэхийг зорьсон байна. Зургаа дах буюу "Дизайн" хэмээх хэсэгт түүний IKEA, Rimowa зэрэг брэндүүдтэй хамтарсан бүтээлүүд багтсан бол хамгийн сүүлийн "Төгсгөл" хэсэгт түүний сүүлд хийсэн сурталчилгаа зэрэг бүтээлч ажлууд дэлгэгдсэн юм.
"Virgil Abloh: Figures of Speech" үзэсгэлэн зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 22-ныг хүртэл гарах ажээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт