Хайх

Цөмөөхэй балетын мартагдашгүй үдэш

Цөмөөхэй балетын мартагдашгүй үдэш

Браво, браво, браво

Text: Ж.Чинбат

Photo: Ж.Чинбат


"Шинэ жилийн хамгийн гоё уур амьсгал төрүүлдэг Цөмөөхэй балет одоо дэлхийн олон улс оронд тоглогдож байгаа. Бид ч мөн Монголдоо Цөмөөхэй балетаа нээж, үзэгч та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна" гэж Д.Алтанхуяг тайзнаа мэхийн ёсолсноор тоглолт эхэллээ

Ид шид биелнэ гэж үүнийг л хэлэх байх. Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын тайзнаа шилдэг бүжигчид, Монголын балетын хөгжил сантай хамтран, шинэ залуу "бяцхан" балетчидтай Цөмөөхэй бүжгэн жүжгийг дуу алдам сайхан амилуулж тавьлаа.
Бид энэ жилийн Цөмөөхэй балетын гол дүрд тоглох Клара охиныг хайж эхэлсэн цагаас хойш цуврал мэдээлэл та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаа нээлтийн тоглолтын гэрэл зургийн сурвалжлагыг тоймлон хүргэж байна.

Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Цөмөөхэй бүжгэн жүжгийг нээхэд үлгэрийн юм шиг гоё тайз засчээ. Симфони оркестр, хүндэт маэстро үзэгчидтэй мэндлэн тоглолт эхлэхэд тайзнаа маш гоёмсог хувцастай бүжигчид гарч ирлээ. Жинхэнэ тайзны от кутюр гэж хэлж болох эдгээр хувцас хэрэглэлийг Монголын Балетын Хөгжил сан Бостоны балетын театраас захиалан авсныг өмнөх жилийн тоглолтыг үзсэн хүмүүс мэдэх биз ээ.

Бүжигчдийн хувцас нь жирийн нэгэн тютю биш балетчидыг бүжиж, үсрэхэд улам хөнгөхөн, гоёмсог харагдуулах даашинзууд, жинхэнэ эрхэмсэг язгууртны орд өргөөнд л байх хувцас байсан бөгөөд үзэгч олны нүдийг баярлуулж, сэтгэлийг цэнгүүлж байлаа.

Цөмөөхэй бүжгэн жүжгийн зохиолыг бид бүгдээрээ сайн мэдэх билээ. Тэгэхдээ дэлхийн 45 оронд л мэргэжлийн Дуурь бүжгийн эрдмийн театр байдаг тул Монголчууд ч бас өөрийн гэсэн онцлог найруулгатайгаар энэ жилийн тоглолтыг тавьлаа.

П.И.Чайковскийн "Цөмөөхэй" бүжгэн жүжигт Дроссельмейер шидтэний ид шидээр дүүрэн хотхон, цасанд дарагдсан үзэсгэлэнт ой модтой газруудад өрнөдөг билээ. Өнгөрсөн оны тоглолтод өхөөрдөм, хөвсгөр баавгай балет хийсэн бол энэ жил шинэ хурганы дүр нэмэгдэж, тайзнаа гарч ирсэн юм. Тэдний эгдүүтэй байдал, бяцхан охидын хөл дээрээ хөнгөн бүжиж, тайзнаас инээмсэглэж байгаа нь танхим дүүрэн үзэгчдийг хөгжөөж байлаа.

Энэхүү балетанд Д.Алтанхуяг тэргүүтэй Монголын балетын хөгжил сан нийт 140 орчим хүүхэд олон дүрд оролцуулан тайзнаа гаргах бодолтой байсан нь тун оновчтой бодлого ажээ. Бүжгэн жүжгийн "кофе", "шоколад", "цай" зэрэг нэртэй хэсгүүдэд мэргэжлийн балетчид тоглож байсан бөгөөд эдгээр араб, хятад бүжгүүдэд ахмад балетчид олон оролцжээ. Тэгвэл тэдэнтэй хамт нэг тайзнаа гарсан Клара, түүний найзууд, шадар цэргүүд зэрэг хүүхдүүдийн баг бүрэлдэхүүн бүгд нийлээд урлагийн ертөнцийн гурван үеийн төлөөллийг үзүүлж байлаа. Үзэгчдийн хувьд гуравны нэг нь хүүхдүүдээс бүрдсэн байсан тул сонгодог урлагийг хүүхдэд бага наснаас нь эхлэн таниулан ойлгуулж, гоо зүйн мэдрэмжтэй, амьдралын эерэг хандлагатай хүүхэд төлөвшүүлэх зорилго биеллээ олж байгаа бололтой. 

Нээлтийн тоглолтод жижиг Клара охины дүрд Г.Лхам, том Кларад МУГЖ Ч.Ганчимэг, Цөмөөхэйд СТА О.Ганцоож, Дроссейлмерт Х.Мөнгөнхүлэг нар тоглосон бөгөөд тоглолт энэ арванхоёрдугаар сарын 27 хүртэл амралтын өдрүүдээр тоглогдоно. Та ч мөн адил Цөмөөхэй рүү очихоор яарч байгаа бол бүжигчиддээ "Браво" гэж баяр талархалаа харамгүй чанга хэлэхээ мартуузай. 

 

цааш үзэх