Хайх

Театрт биеэ хэрхэн зөв боловсон авч явах вэ: Долоон чухал дүрэм

Театрт биеэ хэрхэн зөв боловсон авч явах вэ: Долоон чухал дүрэм

Жүжиг ба тоглолтыг соёлтой үзэцгээе!

Text: Бюро 24/7


Зураг: Buro. Kazakhstan

Намар, өвлийн улиралд төрөл бүрийн жүжиг ба урлагийн тоглолтууд нээлтээ хийж, театрын хувьд ид ачаалалтай цаг үе нь тохиодог. Энэ үеэр чипс шаржигнуулж, үзүүлбэр дуусаагүй байхад яаран сандран гадуур хувцсаа авахаар танхимаас уралдан гардаг бүдүүлэг үзэгчид хүн бүхний тэвчээрийг бардаг гэдэгт итгэлтэй байна. Ийм алдааг давтахгүйн тулд бид театрт хэрэгжүүлэх хэрэгтэй энгийн атлаа маш чухал дүрмүүдийг танилцуулахаар шийдлээ.

Дресс код

Театрт биеэ хэрхэн зөв боловсон авч явах вэ: Долоон чухал дүрэм (фото 1)

Орчин үед театрын дресс код өмнөх шиг хатуу байхаа больсон. Жишээ нь өнөөдөр пүүз өмсөн театрт хүрэлцэн ирэх боломжтой болсон. Хэрэв бидний эмээ, өвөө үдшийн даашинз, хослол өмсөн театрт ирдэг байсан бол өнөөдөр өдөр тутмын хувцаслалтаасаа бага зэрэг гангалаад ирэхэд л хангалттай. Та өөрийн гаднах төрхөөрөө театрын уран бүтээлчдийг хүндэлж байгаа гэсэн үг юм. Учир нь тэд ч гэсэн гаднах төрхдөө анхаарч, багагүй хүчин чармайлт гаргасан байгаа. Хэрэв тухайн жүжгийн албан ёсны нээлт болж, цаанаасаа дресс код заасан байвал үүнийг дагахгүй байх нь бүдүүлэг зан авирт тооцогдох болно. Мөн театрт ормогцоо заавал малгайгаа тайлах хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд бүрх малгай, үсний засалт, толгойн гоёл зэрэг ард сууж байгаа хүмүүсийн харах өнцгийг халхлах зүйлсээс татгалзаарай гэж зөвлөх байна. Үүнээс гадна таны сүрчиг хэт хурц үнэртэй байх ёсгүй гэдгийг санаарай.

Хоцрох хэрэггүй

Театрт биеэ хэрхэн зөв боловсон авч явах вэ: Долоон чухал дүрэм (фото 2)

Хэрэв та хоцорсон тохиолдолд тасалбар шалгагч таныг завсарлага хүртэл оруулахгүй байх бүрэн эрхтэй. Харин ямар нэг шалтгаанаар хоцорсон бол та театрын ажилтнаас уучлалт гуйх ёстой бөгөөд таныг оруулахгүй байгаа тохиолдолд уурлаж, уцаарлалгүй завсарлага эхэлтэл хүлээгээрэй. Хэрэв таныг ямар ч байсан танхимд нэвтрүүлсэн бол үзэгчид рүү нүүрээ, тайз руу нуруугаа харуулан, байраа эзлэх хэрэгтэй. Гэхдээ Америкт энэ дүрэм эсрэгээрээ хэрэгждэг гэдгийг сануулж байна. Мөн тоглолт аль хэдийнэ эхэлсэн бол өөрт тань ойрхон байрлаж буй хамгийн эхний суудалд суун, завсарлагын үеэр суух ёстой газраа очиж суугаарай. Танаас балкон дээр түр зогсохыг хүсвэл бас уурлах хэрэггүй юм. Таны дэргэд суух ёстой хүн хоцорсон тохиолдолд уурлалгүйгээр соёлтой зан гаргаж босож зогсон, түүнийг хажуугаараа зөрүүлэн суудалд нь суулгаарай.

Уламжлалт арга барил

Театрт биеэ хэрхэн зөв боловсон авч явах вэ: Долоон чухал дүрэм (фото 3)

Театрт эрчүүд эмэгтэйчүүдэд халамж тавих ёстой гэсэн бичигдээгүй дүрэм бий. Жишээ нь тасалбар шалгагчид эрчүүд тасалбараа үзүүлж, хувцасны өлгүүрт эмэгтэйнхээ хүрмийг эхэлж өгөөд, дараа нь өөрийнхөө гадуур хувцсыг өлгүүлдэг. Түүнчлэн жентльменүүд өлгүүрийн дугаарыг тоглолт дуусан дуустал халаасандаа авч явна. Хэрэв эмэгтэй толинд харахаар шийдсэн бол түүнийг ичээхгүйн тулд эрэгтэй нь соёлтойгоор өөр тийш харах хэрэгтэй. Танхимд эрэгтэй нь суудлаа олох бөгөөд бүсгүйгээ суутал сандлыг нь түшиж өгнө.

Хоол идэхээ азнаарай

Театрт биеэ хэрхэн зөв боловсон авч явах вэ: Долоон чухал дүрэм (фото 4)

Театрт чипс, хотдог, чихэр, самар, жимс гээд ямар ч хоол, зууш идэж болохгүй. Энэ бол театрын хатуу дүрэм! Үүнийг завсарлагын үеэр буфетэд хийж болно. Өлсөж үхэх гэж байгаа мэт чихрийн цаас шажигнуулж, хоол үнэртүүлсэн хүн хэнд ч таалагдахгүй гэдгийг санаарай.

Уран бүтээлчдийг дэмжээрэй

Театрт биеэ хэрхэн зөв боловсон авч явах вэ: Долоон чухал дүрэм (фото 5)

Танхимд ч мөн наад захын соёл чухал. Тоглолт эхлэхээс өмнө алгаа таших хэрэггүй. Анхаарал татсан дуу чимээ гаргаж, суудалдаа өндөлзөж болохгүй. Түүнчлэн тайзан дээр өрнөж буй үйл явдлыг бусадтай хэлэлцэх хэрэггүй (шивнэлдэж ч болохгүй). Тухайн үзүүлбэрийн дараа эсвэл тоглолтын төгсгөлд алгаа ташихыг зөвлөж байна. Мөн танд хөгжим маш их таалагдсан ч хамаагүй хэмнэлийг дагуулан алгаа ташихаас зайлсхийсэн нь дээр. Тоглолт дууссаны дараа хурдхан гарах гэж яаралгүй, уран бүтээлчдэд талархлаа илэрхийлэн алгаа ташаарай.

Электрон хэрэгсэл

Театрт биеэ хэрхэн зөв боловсон авч явах вэ: Долоон чухал дүрэм (фото 6)

Энгийн гар утас болон ухаалаг утаснуудаа салгаж эсвэл чичиргээгүй, дуу чимээгүй горимд шилжүүлээрэй. Хамгийн чухал нь та үзүүлбэрийг гар утсаараа бичиж яасан ч болохгүй. Тэр тусмаа тоглолт эхлэхээс өмнө танд энэ тухай сануулсан байх учиртай. Бичлэг хийх нь бусдад ч саад болно.

Театрыг орхих нь

Театрт биеэ хэрхэн зөв боловсон авч явах вэ: Долоон чухал дүрэм (фото 7)

Танд тоглолт таалагдаагүй байсан ч хамаагүй үзүүлбэрийн дундуур танхимыг орхин гарч болохгүй. Үүний оронд завсарлага эхлэхийг хүлээгээрэй. Та уран бүтээлчдэд цэцэг авчирсан бол тэднийг сүүлчийн удаа ёслохыг хүлээх хэрэгтэй. Үүнээс гадна тайзан дээр өөрөө гаралгүй театрын ажилтнаар дамжуулан өгнө. Үүний тулд та өмнөөс өөрийн нэр болон талархлын үгстэй цаасаа бэлдэн цэцгийн баглаандаа хавчуулаарай. Харин та үнэхээр өөрийн биеэр цэцгийн баглаагаа уран бүтээлчдэд өгөхийг хүсвэл тэднийг тайзны захад ёслохоор ирэхийг нь хүлээх хэрэгтэй юм. Эцэст нь танхимыг орхихоор шийдсэн бол хөшиг бүрэн гүйцэд хаагдахыг хүлээх ёстой бөгөөд уран бүтээлчдийг ёсолж байхад гарц руу яарч хэрхэвч болохгүй.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх