Хайх

“Жэймс Бонд”-ын гайхалтай амьдралын түүх ба зураачийн карьер

“Жэймс Бонд”-ын гайхалтай амьдралын түүх ба зураачийн карьер

Text: Т.Номин-Эрдэнэ


"Жэймс Бонд" цувралын тав дахь жентельмэн эрийн төрхөөр, мөн “Mamma Mia!” киноны төөрөлдсөн аавын дүрээр алдаршсан Ирланд гаралтай жүжигчин, кино продюсер Пирс Броснаныг уран зураач гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй болов уу. Тэрээр тавдугаар сарын 15-21-ний өдрүүдэд Лос Анжелес хотод “Маш их мөрөөдлүүд” нэртэй анхны бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж, өөрийнхөө зурах авьяасыг дүрслэх урлагийн ертөнцөд батлан харуулсан билээ. Пирс 300 орчим зураг зурснаас анхны бие даасан үзэсгэлэндээ хөрөг, байгалийн зургууд, канвас болон абстракт уран зураг гэх мэт 50 бүтээлээ, мөн 100 скетч зургаа дэлгэжээ. Эхнэр Кили Шейе Броснантайгаа хамтран куратороор ажилласан уг үзэсгэлэнгийн тухай тэрээр хэлэхдээ, “Би хэзээ ч миний зурсан зургууд дэлхий дахинд дэлгэгдэнэ гэж бодоогүй. Гэвч Кили энэ бүхнийг цэгцэлж, “Шоу хийе, оролдоод л үзье” гэж хэлсэн” гэсэн бол эхнэр нь “Түүний уран зургууд маш гүн гүнзгий хувийн агуулгатай учраас агуулахад хадгалагдаж байхын оронд олон нийтэд үзүүлэх нь зүйтэй гэж би бодсон. Фенүүд нь түүний өөр нэгэн авьяасыг харахдаа баяртай байх болов уу. Нөхөр маань хаана ч явсан, бүр кинонд тоглож байх үедээ ч зургаа зурсаар л байдаг. Үр дүнг нь бид энэхүү үзэсгэлэнгээр харуулж байна” хэмээн тодотгожээ. Броснан Пабло Пикассо, Анри Матисс, Пьер Боннард гэх зэрэг сюрреалист зураачдад дуртай бөгөөд мэргэжлийн зураачийн дипломгүй ч байгалиас заяасан авьяас билигтэй нэгэн билээ.

“Жэймс Бонд”-ын гайхалтай амьдралын түүх ба зураачийн карьер (фото 1)
“Жэймс Бонд”-ын гайхалтай амьдралын түүх ба зураачийн карьер (фото 2)

Түүний 26 настай хүү Дилан 1987 оноос хойш зурсаар буй алдарт жүжигчний олон талт авьяасыг фенүүдэд нь таниулахын тулд аавынхаа уран бүтээлээ туурвих үйл явцын тухай богино хэмжээний кино бүтээсэн байна. Пирс Броснан 16 настайдаа зураач болохын тулд сургуулиа орхиж, хөгжмийн цомгийн хавтасны иллюстратор зураач болохоор 1969 онд Лондоны өмнөд хэсгийн “Ravenna” хэмээх жижигхэн урлагийн студид дадлагажигч зураачаар ажилд орсон ч яваандаа уран зургийн өөр төрлийг сонирхох болжээ. Гэвч Броснан хожим 2017 онд Боб Диланы цомогт зориулж хөргийг нь зурсан бөгөөд энэхүү хөрөг нь нэг жилийн дараа AmFAR-ын Канн дахь хандивын арга хэмжээний үеэр 1.4 сая доллароор зарагдсан түүхтэй. Тэрээр зураач болох хүсэл мөрөөдлийнхөө хажуугаар 1982 онд “Remington Steele” хэмээх телевизийн шоунд таван улирлын турш тоглосноор олны танил болж, жүжигчний карьераа амжилттай эхлүүлж байжээ. Гэвч таван жилийн дараа түүний анхны эхнэр, Австралийн жүжигчин Кассандра Харрис өндгөвчний хорт хавдартайгаа тэмцэх болсноор Броснан буцаад уран зургаа зурж эхэлсэн юм. Тэрээр амьдралынхаа хамгийн хүнд бэрх энэхүү цаг мөчийн тухайд, “Хайртай хүнд маань юу тохиолдох бол гэдэг айдастайгаа нүүр тулж, өөрийгөө илүү танихад яг тохирсон цаг үе байсан. Нэг шөнө би өөрийнхөө шаналантайгаа тэмцэх гэж, зүрх сэтгэл болон тархи толгойд минь юу болоод байгааг мэдэх гэж гартаа бийр атгасан юм. Би зүгээр л канвас аваад хуруунуудаараа зурж эхэлсэн. Тэр бол цэвэр миний дуу хоолой, зөн совин байснаас гадна би амьдралаасаа түнэр харанхуйг хөөж өөр өнгийг урин дуудаж чадсан. Ингээд тэрхүү ажил маань “Нэгэн харанхуй шөнө” хэмээх бүтээл болсон юм даа. Тэр шөнөөс хойш би бодлоо цэгцэлж, зурж эхэлсэн. Зураг зурах нь намайг зоригжуулдаг” хэмээн дурсжээ. 1991 онд түүний эхнэр 43 насандаа нас барсан ч тэрээр жүжигчний карьерынхаа хажуугаар үргэлжлүүлэн зурсаар байлаа. Броснаны үзэсгэлэнгийн бүтээлүүд бол туулж өнгөрүүлсэн амьдралынх нь тусгал гэдгийг олон жишээгээр тайлбарлаж болохын нэг нь 1989 онд зурсан “Хорт хавдар” хэмээх 66:96 хэмжээтэй акрилик зураг нь билээ. Айдасгүй, хүчирхэг харагддаг “Жэймс Бонд”-ын амьдралыг өндгөвчний хорт хавдар хоёр дахиа дайрч, охин Шарлоттыг нь 41 насанд нь буюу 2013 онд авч оджээ. Түүний 2010 онд зурсан “Маш их мөрөөдлүүд” хэмээх бүтээл нь эцэг хүний хувьд даван туулсан шаналал дүүрэн цаг үеийнх нь тусгал юм. Тэрээр Хавайн арлуудын нэг Кауай дахь гэртээ хуучны дотно андтайгаа сэтгэлээ уудлан утсаар ярилцсаныхаа дараа энэхүү зургаа зурж эхэлсэн бөгөөд олон янзын тод өнгөөр дамжуулан өөрийнхөө сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлжээ. 

“Жэймс Бонд”-ын гайхалтай амьдралын түүх ба зураачийн карьер (фото 3)
“Жэймс Бонд”-ын гайхалтай амьдралын түүх ба зураачийн карьер (фото 4)

Пирс Броснанын зурах авьяас түүний том хүү 22 настай Парист өвлөгдөж, тэрээр аавтайгаа цуг гэрийнхээ гаражид зураг зурж, санал шүүмжээ солилцдог ажээ. Парис удахгүй Loyola Marymount их сургуулийг төгсөх бөгөөд тэрээр үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Бидний дүрслэл маш өөр. Минийх жаахан эмх цэгцгүй, чөлөөтэй бол аавынх тайван, цэгцтэй, илүү догь. Бид хамт зураг зурах үедээ нэг нэгнээ идэвхжүүлж, хурцалж, бас зүлгэж чаддаг юм шиг санагддаг. Аав маань намайг илүү гүн гүнзгий, дотогш бясалгах үйл явц руу татан оруулдаг бол, би түүнийг илүү чөлөөтэй байхад нь нөлөөлдөг. Тэр хэтрүүлэн бодохгүйгээр, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө зүгээр л өөрийнхөөрөө илэрхийлэх үедээ хамгийн сайн зурдаг гэж би боддог. Миний аав бол миний хамгийн том урам зориг юм” хэмээн өгүүлжээ. Үзэсгэлэнд маш олон нэр хүндтэй зочид уригдсаны дотроос “The Thomas Crown Affair” киноны хамтрагч Рэнэ Руссо болон түүний нөхөр, Оскарт нэр дэвшсэн зохиолч, найруулагч Дэн Гилрой, “The Matador” кинонд хамтран тоглосон жүжигчин Грег Киннер, дуучин Келли Кларксон, “Бондын бүсгүй” Жэйн Сеймур, саксофонч Кенни Ж, мөн удахгүй дэлгэцнээ гарах Netflix-ийн "The Out-Laws" инээдмийн уран сайхны кинонд Броснантай хамтран тоглосон Адам Девайн, Нина Добрев нар иржээ. “Броснан жүжигчнийхээ хувьд шинэ хүмүүстэй танилцахдаа хэзээд нээлттэй байдаг. Тэр хамгийн тайван, эелдэг, сэтгэл татам хүмүүсийн нэг байж чаддаг” хэмээн жүжигчин Адам Девайн хэлсэн юм. Харин Пирс Броснан олон нийтэд нээлттэй зохион байгуулсан үзэсгэлэндээ маш их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, “Би энэ сард 70 нас хүрсэн. Амьдралын энэ цаг үед би баяр баясгалан, аз жаргал, бүтээх их хүслийг мэдэрч байна. Миний гэр бүл болон урлаг бол амьдралын минь хамгийн том хэсэг учраас би өөрийнхөө гайхалтай туршлагыг бусадтай хуваалцахыг хүссэн юм” хэмээсэн билээ.

“Жэймс Бонд”-ын гайхалтай амьдралын түүх ба зураачийн карьер (фото 5)

Царайлаг эршүүд төрхтэй, тас хар күүл үстэй, нүдээрээ инээмсэглэсэн "Жэймс Бонд"-ын үс нь цайрч, дур булаам төрхөд нь үрчлээ суусан ч уран бүтээлч зүрх сэтгэл нь цэл залуугаараа байгааг 70 насны босгон дээрээ гаргасан анхны бие даасан уран зургийн үзэсгэлэн нь батлах мэт. Гунигийг нь үргээж, сэтгэлд нь аз жаргал мэдрүүлдэг тэр л зүйлээ тууштай хийсээр өөрийнхөө оргилд тугаа зоосон жүжигчин басхүү авьяаслаг зураач Пирс Броснанын өнгөлөг, гүн агуулгатай уран зургуудыг хүлээн авна уу.

“Жэймс Бонд”-ын гайхалтай амьдралын түүх ба зураачийн карьер (фото 6)
So Many Dreams, 2010
“Жэймс Бонд”-ын гайхалтай амьдралын түүх ба зураачийн карьер (фото 7)
Self Portrait, 2012
“Жэймс Бонд”-ын гайхалтай амьдралын түүх ба зураачийн карьер (фото 8)
Bob Dylan’s portrait
“Жэймс Бонд”-ын гайхалтай амьдралын түүх ба зураачийн карьер (фото 9)
One Dark Night, 1987

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх