Орчин үеийн бүсгүйчүүдэд урам зориг өгөх 8 ном
Амьдралын хэв маяг, карьераа өөрчлөхөд туслах бүтээлүүд
Намрын улирал эхэлснээр бид бие болоод сэтгэл санаагаа тордож, карьертаа анхаарал хандуулж, ер нь л бүх зүйлийг шинээр эхэлж, амьдралаа цэгцлэхийг хүсдэг. Шинэ ажилд орохоор эсвэл романтик харилцаагаа төгсгөхөөр төлөвлөж буй, эсвэл зүгээр л амьдралдаа цаашид юу хийхээ мэдэхгүй байгаа хүмүүст зориулан нэгэн хэвийн зуршлуудаа өөрчилж, амьдралыг шинээр харж, урам зоригоор цэнэглэх найман номыг сонгон танилцуулж байна.
"The Body Book: The Law of Hunger, the Science of Strength, and Other Ways", Камерон Диас, Сандра Барк
New York Times-ын бестселлер болж байсан энэхүү номонд жүжигчин Камерон Диас өөрийн бие махбодоо хайрлах ухааныг маш энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарласан байгаа. Эндээс та ямар нэгэн хоолны дэглэм, дасгал хөдөлгөөний зааварчилгаа олохгүй. Харин тэрээр өөрийн бие организмыг сонсож, хайрлаж, хүндэлж сурах талаар өөрийн туршлага дээр суурилан бичжээ. Мөн энэхүү номонд бие организмын талаар маш сонирхолтой баримтууд бичсэн нь биеийн үйл ажиллагааг илүү сайн ойлгоход туслах болно. Жүжигчин бүсгүйн үзэж буйгаар эрүүл, сайхан бие нь ажил, уран бүтээл, хайр дурлал гээд амьдралын бүх талбарт амжилтад хүрэхэд туслах юм.
"Forever Chic: French Women's Secrets for Aging with Style and Grace", Тиш Жетт
Франц бүсгүйчүүдийн тайлбарлахын аргагүй дур булаам байдал, шик стиль, бахархалтайгаар өтлөх арга барил, эерэг хандлагыг энэ номонд маш дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа. Амьдралын хором мөч бүрээс аз жаргал, таашаалыг мэдэрч чаддаг Франц бүсгүйн нууцыг мэдэхийг хүсвэл уг номыг уншаарай. Та амьдралыг огт өөр нүдээр харна гэдэгт итгэлтэй байна.
"Healthy Happy Sexy: Ayurveda Wisdom for Modern Women", Кэти Силкокс
Аюрведа буюу эрүүл амьдрах хэв маягийг хэрэгжүүлснээр чанартай нойр, эрүүл хоол, халуун дулаан харилцаа гээд биднийг аз жаргалтай болгодог хүчин зүйлсийг илүү сайн ойлгож, түргэн хоол, муу зуршлууд зэрэг түр зуурын таашаалаас ангижрах юм. Уг ном нь бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндийг дэмжих Энэтхэгийн эртний арга барилыг орчин үеийн эмэгтэйчүүдэд заах болно.
"Pretty Happy: Healthy Ways To Love Your Body", Кейт Хадсон
"Өөрийгөө шүүмжлэхээ боль. Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Өөрт байгаа бүх зүйлдээ таларх! Өөртэйгөө эерэг харилцаа тогтооно гэдэг нь өөрийгөө хүндэлж, сул болон давуу талуудаа хүлээн авч, өнгөрснөө мартаж, өөртөө тайван хандахыг хэлнэ" хэмээн жүжигчин Кейт Хадсон уг номонд зөвлөжээ.
What Would Grace Do?: How to Live Life in Style Like the Princess of Hollywood, Жина Макинон
Холливүүдийн супер одоос Монакогийн гүнж болсон Грейс Келлигийн сонгодог гоо үзэсгэлэн, хэзээ ч хуучиршгүй стиль дэлхий даяар маш олон бүсгүйчүүдэд урам зориг өгсөөр байна. Түүний хувцаслалт, биеэ өө сэвгүй авч явах чадвар гээд Грейс Келлигээс үлгэрлэх маш олон зүйлийг орчин үеийн бүсгүйчүүд энэ номоос олж унших боломжтой.
"Girl, Stop Apologizing", Рэйчел Холлис
Хэдийгээр та ажил дээрээ ямар нэгэн буруу зүйл хийгээгүй ч үргэлж хэн нэгнээс уучлалт гуйдаг уу? Тэгвэл одоо уучлалт гуйхаа зогсоо бүсгүй минь! Өөрийгөө шүүмжлэхийн оронд өөртөө итгэж, хүссэн зүйлээ хийж, амжилтад хүрэх урам зоригийг олон сая долларын үнэлгээтэй медиа компанийн захирал, бестселлер зохиолч Рэйчел Холлисын бичсэн шинэ номоос аваарай.
"Leave Your Mark", Ализа Лихт
Шинээр ажил хайж байгаа эсвэл хувийн компаниа үүсгэн байгуулаад удаагүй байгаа хүмүүст энэхүү ном жинхэнэ эрдэнэс болно гэдэгт итгэлтэй байна. Номын зохиолч Ализа Лихт нь Donna Karan International компанийн олон улсын харилцаа хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд тэрээр уг номоор дамжуулан өөрийн брэндийг хөгжүүлэх, олон нийтийн сүлжээг ашиглан бүтээгдэхүүнээ сурталчлах гэх мэт маш хэрэгцээтэй мэдээллийг хүргэсэн байгаа. Мөн энэхүү ном нь карьертаа амжилт гаргах талаар маш прагматик, бодит амьдрал дээр хэрэгжүүлж болох зөвлөгөөнүүдийг өгснөөрөө давуу талтай.
"Cringeworthy: A Theory of Awkwardness", Мелисса Дал
Санамсаргүй байдлаар хуучин найз залуугийнхаа шинэ найз охины зураг дээр "зүрх дарах", гудамжинд тааралдсан танилдаа "баяртай" гэж хэлсэн ч нэг зүгт алхах, илтгэл танилцуулах үедээ үгээ мартах гэх мэт эвгүй байдалд хүн бүр л ордог. Хүмүүс ихэвчлэн эвгүй байдлаас гарч, бүх зүйлийг хяналтдаа авахыг хүсдэг бол номын зохиолчийн үзэж буйгаар бид харин ч эсрэгээрээ энэ мэдрэмжийг сэдрээснээр сэтгэл зүйн хувьд давуу талууд үүсэж, өөрийнхөө талаар олон зүйлийг олж мэдэх боломжтой болдог байна.