Хайх

Орчин үеийн Хятадын яруу найргийн антологи гарна

Орчин үеийн Хятадын яруу найргийн антологи гарна

Хөршөө урлагаар нь танин мэдэцгээе

Text: Ж.Чинбат


Саяхан 8-р сарын 6-13-ны хооронд “Хятадын орчин үеийн урлаг” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэн нээгдсэн бол одоо харин “Орчин үеийн яруу найраг”-тай нь танилцах боломж нээгдлээ

Яруу найргийн шинэ антологи гарна гэдэг бол бүхэл бүтэн ертөнцийг үзэх толь нээгдлээ гэсэн үг юм. Номыг орчуулагч Нац.Энхбаярын хөрвүүлснээр Тагтаа паблишинг намар цагийн шинэ номнуудынхаа нээлт болгон гаргах юм байна. Зуун жилийн хугацаанд 80 орчим яруу найрагч бичсэн, 250 гаруй шүлэгтэй энэхүү номноос "Хятадын болоод Монголын орчин үеийн яруу найраг ямар түвшинд явааг харьцуулах боломжтой" гэж орчуулагч Нац.Энхбаяр бидэнд ярьлаа. Монголд өмнө нь Хятадын эртний Тан, Сүн улсын үед бичигдсэн бүтээлүүд л голчлон орчуулагдаж байсан юм.

Энэхүү антологид XX зууны эхээр Англи, Франц зэрэг барууны орнуудад боловсрол эзэмшсэн хятадын шинэ сэхээтнүүдийн бий болгосон "шинэ шүлэг" гэх бүтээлүүд багтжээ. Барууны дэвшилтэт сэтгэлгээг хятадын яруу найрагт нэвтрүүлж, ярианы хэлээр бичигдсэн цоо шинэ шүлгийн хэвтэй шүлгүүдийг түүвэрлэн авсан байна. Хятадын сонгодог яруу найраг нь ханзан дээр суурилсан, нэг ханз нь олон утга илэрхийлдэг учраас орчуулахад төвөгтэй байдаг бол шинэ яруу найраг нь харьцангүй энгийн гэнэ. Тагтаа паблишингийн амлаж буйгаар уг антологид эх орны, нам засгийн сэдэвтэй шүлгүүдээс байхгүй, түлхүү утга уянгын шүлгүүд орсон.

Орчуулагч Нац.Энхбаяр нь 2010 оноос уг бүтээлийн шүлгүүдийг орчуулж эхэлжээ. Тэрбээр тус антологид орсон яруу найрагчдыг сонгохдоо АНУ-ын Колумбын их сургууль болон Тайваниас эрхлэн гаргасан хоёр антологийг голчлон барьсан байна. Шинэ хэвлэгдсэн номны хавтасны зургийг хятадад дүрслэх урлагийн чиглэлээр магистр хамгаалсан зураач Ц.Соёлмаа зуржээ.

Дашрамд дурдахад саяхан "Хятадын орчин үеийн урлаг 2015" дүрслэх урлагийн үзэсгэлэн 8 сарын 6-13-ны өдрийг хүртэл гарахаар нээгдсэн билээ. Тус үзэсгэлэнд БНХАУ-ын Зураачдын Эвлэлийн Хорооны төлөөлөл болсон 13 алдарт зураачид Хятад Үндэсний уран зургийн бүтээлүүд бий.

Чингис хааны сургаснаар "Сэтгэлийг нь хураасан байхад бие нь хаа холдох" гэдэг билээ. Цаашид орчин үеийн дижитал эринд зэрэгцэн орших хөршийнхөө урлаг, соёлтой танилцах нь бидэнд өндөр ач холбогдолтой байх биз ээ.

 

цааш үзэх