Хайх

Канны кино наадмын албан ёсны шалгаруулалтад өрсөлдөж буй кинонууд

Канны кино наадмын албан ёсны шалгаруулалтад өрсөлдөж буй кинонууд

OFFICIAL SELECTION

Text: Х.Батсүх


Канны кино наадмын гол шалгаруулалтад нийт 21 кино өрсөлдөж байна. Кино найруулагчид болон киноны трейлерийг тоймлон хүргэхээр бэлдлээ

Канны 69 дэх кино наадам Францын цагаар 19 цаг 15 минут буюу Монголын цагаар шөнийн 2 цаг 15 минутанд нээлтээ хийж, үүрийн 3 цагт алдарт найруулагч Вүүди Аллены найруулсан "CAFÉ SOCIETY" киногоор албан ёсны үзвэрээ эхлүүллээ.

Энэ удаагийн наадмын уралдаант хэсгийн шүүгчдийг "MAD MAX" цувралаараа олонд танигдсан Австрали найруулагч Жорж Миллер ахалж байгаа. Өмнө дурдсанчлан уг хэсэгт өөр, өөр орноос сонгогдсон есөн уран бүтээлч сонгогддог. Бусад шүүгч нарын хувьд Канны кино наадмын Алтан далдуу мөчир шагналд гурван удаа нэр дэвшиж байсан Францын найруулагч Арно Деплешен, Америкийн жүжигчин Кирстен Данст, Венецийн кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчин, Канны кино наадмын тусгай шагналт Италийн жүжигчин Валериа Голино, "Hannibal" цувралаар нь бидний илүү сайн таних Дани жүжигчин Мадс Миккельсен, өнгөрсөн онд бүтээгдсэн "Son of Saul" киногоороо дэлхийг байлдан дагуулсан Унгарын найруулагч Ласло Немеш, Францын дуучин, жүжигчин үзэсгэлэнт Ванесса Паради, Ираны кино продюсер, тус улсын хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болох Катаюун Шахаби, 1967 оноос хойш нийт 100 гаруй кинонд тоглоод байгаа Канад жүжигчин Дональд Сатерланд нарын баг 69 дэхь Канны кино наадмын шилдгийг тодруулах болно.

Уралдаант хэсэгт сонгогдсон кинонууд

"AMERICAN HONEY" найруулагч Андреа Арнольд

Их Британи, АНУ-ын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уг киног Их Британий авьяаслаг кино найруулагч бүсгүй Андреа Арнольд найруулсан. Түүний 2006 онд найруулсан анхны кино болох "RED ROAD" кино нь BAFTA шагналыг хүртэж байсан бол энэ жил найруулагчийн 4 дэх уран сайхны кино Канны наадамд өрсөлдөж байна. Кино тавдугаар сарын 15 нд нээлтээ хийнэ.

Канны кино наадмын албан ёсны шалгаруулалтад өрсөлдөж буй кинонууд (фото 1)

"AQUARIUS" найруулагч Клебер Фило

Уг найруулагч 2013 онд "NEIGHBORING SOUNDS" киногоороо Оскарын шилдэг гадаад хэл дээрхи кино төрөлд өрсөлдөж байсан бол "AQUARIUS" кино нь Бразил найруулагч Клебер Филогийн дэлгэцийн 2 дaх уран бүтээл болж байна. Өмнө нь богино хэмжээний кино хийдэг байсан уг найруулагч, Бразил болон олон улсын кино наадмуудаас 120 гаруй шагнал хүртэж байсан чадварлаг найруулагч юм. Кино тавдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ.
"ELLE" найруулагч Пол Верховен

Голланд найруулагчийн, Францын уран бүтээлчидтэй хамтран найруулсан сэтгэлзүйн чиглэлийн триллер кино. Тэрбээр Европ найруулагч ч АНУ-д бүх насаараа ажилласан бөгөөд 1987 онд "ROBOCOP" киног найруулан Saturn Award-аас шилдэг найруулагчийн шагнал хүртэж байсан бол, 1995 онд "SHOWGIRL" киногоороо Razzies-аас хамгийн муу найруулагчийн шагналыг мөн авч байжээ. Гэхдээ түүний 1992 онд найруулсан "BASIC ISNTINCT" кино түүнд мөнхөд дурсагдах нэр хүндийг авчирсан төдийгүй 1992 оны Канны кино наадамд өрсөлдөж байсан юм. Кино тавдугаар сарын 15 нд нээлтээ хийнэ.

"FROM THE LAND OF THE MOON" (Mal de Pierres) найруулагч Никол Гарсиа

Энэ жилийн уралдаант хэсэгт гурван эмэгтэй найруулагч байгаагийн хамгийн туршлагатай нь яах аргагүй Николь Гарсия. Анх 1967 онд  жүжигчний гараагаа эхэлсэн найруулагч маань Канны кино наадмын гол шагналд хоёр удаа нэр дэвшиж байсан төдийгүй 2014 оны Канны кино наадмын Golden Camera төрлийн шүүгчээр ажиллаж байсан. "FROM THE LAND OF THE MOON" киноны гол дүрд Марион Котийяр тоглосон бөгөөд уг дүрээрээ Канны шилдэг эмэгтэй жүжигчинд нэр дэвших магадлал тун өндөр байна. Кино тавдугаар сарын 15 нд нээлтээ хийнэ.

Канны кино наадмын албан ёсны шалгаруулалтад өрсөлдөж буй кинонууд (фото 2)

"GRADUATION" (Bacalaureat) найруулагч Кристиан Мунжиу

Кристиан Мунжиу бол 2007 онд найруулсан "4 MONTS, 3 WEEKS AND 2 DAYS" киногоороо Канны алтан мөчирийг хүртэж байсан Румины кино урлагийн хамгийн сод найруулагчдын нэг билээ. Тэрээр 2012 онд "BEYOND THE HILLS" киногоороо Канны кино наадмын шилдэг дэлгэцийн зохиолын шагналыг хүртсэнээсээ хойш түр зуур амралт авсан бөгөөд дөрвөн жилийн дараа хийсэн уг киногоороо Канны кино наадамд эргэн ирж байна. Кино тавдугаар сарын 19 нд нээлтээ хийнэ.

"THE HANDMAIDEN" (Mademoiselle) / (Agassi) найруулагч Пак Чан Ук

Азийн кино урлагийн орчин цагийн хамгийн нөлөө бүхий найруулагч бол яалт ч үгүй Пак Чан Ук. "OLDBOY" киногоороо дэлхийн кино урлагт өөрийн нэрийг сийлсэн тэрээр 2013 оноос хойш гурван жил завсарласны эцэст "THE HANDMAIDEN" киногоо хийсэн төдийгүй урьдчилсан таамгаар энэ жилийн Канны гол кинонуудын нэг гэж нэрлэгдээд байгаа. Киноны үйл явдалд 1930-аад оны Японы түрэмгийлэл, Солонгосын нийгмийн давхаргын тухай үзүүлнэ. Энэхүү кино нь  тавдугаар сарын 14 нд нээлтээ хийнэ.

"I, DANIEL BLAKE" найруулагч Кен Лоуч
Өдгөө 79 настай найруулагч, Кен Лоуч өөрийн 49 жилийн кареартаа Каннаас дөрвөн шагнал хүртэж байжээ. Тэдгээрээс 2006 онд Алтан мөчирийг хүртэж байсан "THE WIND THAT SHAKES THE BARLEY" киног заавал онцлох ёстой. Өөрийн бүх карьеараа Европ, төдийгүй дэлхий нийтийг нөмрөн буй нийгмийн ялгааны эсрэг зориулан хийдэг түүний уг кино ч өмнөх кинонуудын адилаар реалист чиг хандлагыг харуулах гэнэ. Кино тавдугаар сарын 13 нд нээлтээ хийнэ.

Канны кино наадмын албан ёсны шалгаруулалтад өрсөлдөж буй кинонууд (фото 3)

"IT'S ONLY THE END OF THE WORLD" (Juste la fin du monde) найруулагч Ксавье Долан

27 настай залуу Канад найруулагч анх удаагаа үндсэн шагналд өрсөлдөж байна. Анх 2009 онд "I KILLED MY MOTHER" киногоороо дэлхийн кино шүүмжлэгчдийн анхаарлыг шууд татаж байсан бөгөөд Онцгой анхаарах (Un Certain Regard) төрөлд хоёр удаа өрсөлдөж байсан, маш өндрөөр үнэлэгдэж буй найруулагч юм. Кинонд Натали Бай, Венсан Кассель, Марион Котийяр, Леа Сейду гэсэн чадварлаг жүжигчид тоглосон бөгөөд шүүмжлэгчдийн хамгийн их анхаарлыг татаж буй кино юм. Сонирхуулахад найруулагч Ксавье Долан дуучин Аделийн "HELLO" дууны клипийг найруулсан. Уг кино тавдугаар сарын 19 нд нээлтээ хийнэ.

"JULIETA" найруулагч Педро Альмодовар

Уг кино нь Испаний алдарт кино найруулагч Педро Альмодоварын 20 дах дэлгэцийн уран бүтээл юм. Испани төдийгүй Европын кино урлагийн сүүлийн 30 жилийн хамгийн чухал найруулагчийн шинэ кино уламжлал ёсоор хамгийн их анхаарлыг өөртөө татаж байгаа. Кино дөрөвдүгээр сарын найманд Испанид нээлтээ хийсэн бөгөөд маш сайн үнэлгээтэй байгаа.  Олон улсын нээлт тавдугаар сарын 17 нд Каннд болно.

"THE LAST FACE" найруулагч Шон Пенн

Алдарт жүжигчин, найруулагч Шон Пенны найруулагчийн хувиар хийж буй дөрөв дэх кино. Тэрбээр хамгийн сүүлд 2007 онд "INTO THE WILD" киног найруулснаас хойш дахин кино найруулаагүй байсан юм. "THE LAST FACE" киног 2014 оноос хойш хийж байгаа бөгөөд Шарлиз Терон, Хавьер Бардем, Жан Рено, "BLUE IS THE WARMEST COLOUR"-ийн Аделе Экзаркопулос зэрэг жүжигчид уг кинонд тоглосон. Кино тавдугаар сарын 20-нд нээлтээ хийнэ.

Канны кино наадмын албан ёсны шалгаруулалтад өрсөлдөж буй кинонууд (фото 4)

"LOVING" найруулагч Жефф Николс

Энэхүү кино нь 37 настай Америк найруулагчийн тав дах кино юм. Уг киног 1967 онд болж өнгөрсөн дуулиант, Ловингийн гэр бүлийн эсрэг Виржиниа мужийн шүүх хурлаас сэдэвлэн бүтээсэн байна. Анх 1958 онд цагаан арьст залуу Ричард Ловинг, өнгөт арьст бүсгүйтэй суусан хэргээр баривчлагдсан бөгөөд тухайн үед энэ нь тав хүртэлх жил шоронд хоригдох ялтай гэмт хэрэг байсан. Хосууд шүүхийн өмнө гэм буруугаа хүлээж, тус бүр нэг жил шоронд хоригдох ялаар шийтгүүлсэн бөгөөд 1964 онд уг хэрэгтэй холбоотой хүний эрхийн маргаан өрнөсөн нь арьс өнгөний үзэл, гэрлэлтийн талаарх хамгийн том маргаан болж түүхэнд үлдсэн юм. Кино тавдугаар сарын 16-нд нээлтээ хийнэ.

Канны кино наадмын албан ёсны шалгаруулалтад өрсөлдөж буй кинонууд (фото 5)

"MA ROSA" найруулагч Брильянте Мендоса

Филиппиний найруулагч Мендоса анх удаа үндсэн хэсэгт өрсөлдөж байна. Өмнө нь Канны шилдэг найруулагчийн шагналыг 2009 онд хүртэж, Венецийн Алтан Арслан, Берлиний Алтан Баавгай шагналыг тус тус хүртсэн уг найруулагчид, Их гурвал (Канн, Венец, Берлины кино наадмыг Их Гурвал гэж нэрлэдэг) - ыг гүйцээхэд ганцхан алхам дутуу байна.

"THE NEON DEMON" найруулагч Николас Виндинг Рефн

Даний кино найруулагч, продюсер Николас Виндинг Рефн өмнө нь "DRIVE", "ONLY GOD FORGIVES" кинонуудаараа хоёр удаа үндсэн хэсэгт өрсөлдөж байсан. Киноны хувьд түүний өмнөх кинонуудаас харьцангуй өөр буюу аймшгийн төрлийн уг киноны гол дүрд Эль Фэннинг тоглосон. Кино тавдугаар сарын 20-нд нээлтээ хийнэ.

"PATERSON" найруулагч Жим Ярмуш

Миний хувьд энэ удаагийн Каннаас хамгийн их хүлээж буй кино бол "PATERSON". Түүний 2013 онд бүтээсэн "ONLY LOVERS LEFT ALIVE" кино нь мөн үндсэн хэсэгт өрсөлдөж байсан билээ. Орчин цагийн минималист, өгүүлэл голчилсон бие даасан (independent) киноны суурийг түүнийг тавьсан гэж олон шүүмжлэгчид үздэг бөгөөд уг кино нь Алтан мөчирийн төлөө өрсөлдөх гол киноны нэг байх болов уу. Кино тавдугаар сарын 16-нд нээлтээ хийнэ.

"PERSONAL SHOPPER" найруулагч Оливье Ассаяс

Найруулагч Оливье Ассаяс өмнө нь үндсэн хэсэгт, алтан мөчирийн төлөө дөрвөн удаа нэр дэвшиж байсан туршлагатай найруулагч юм. Киноны гол дүрд Кристен Стюарт тоглосон бөгөөд, найруулагч Оливье Ассаястай хамтран ажиллаж байгаа хоёр дах кино болж байна. Найруулагч Оливье Ассаясын 2004 онд найруулж байсан "CLOUDS OF SILS MARIA" кинонд Кристен Стюарт тоглон Cesar Award-аас шилдэг туслах жүжигчний шагналыг хүртэж байсан юм. Кино тавдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ.

 

"THE SALESMAN" (Forushande) найруулагч Асгар Фархади

Найруулагч Асгар Фархади бол Ираны кино урлагийн олон улсад танигдсан хамгийн шилдэг найруулагч юм. Түүний 2002 онд найруулсан "A SEPARATION" кино нь Алтан бөмбөрцөг болон Оскарын шилдэг гадаад хэл дээрх киноны шагналыг хүртэж "TIME" сэтгүүлийн оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгд бичигдэж байсан. Киноны жүжигчид өмнө нь найруулагч Фархадигийн 2009 онд найруулж байсан "About Elly" кинонд мөн тоглож байсан юм. Кино тавдугаар сарын 21 нд нээлтээ хийнэ.

Канны кино наадмын албан ёсны шалгаруулалтад өрсөлдөж буй кинонууд (фото 6)

"STAYING VERTICAL" найруулагч Ален Гироди

Найруулагч Ален Гироди голцуу бэлгийн цөөнхийн асуудлыг хөндсөн кино найруулдаг. Мөн 2013 онд түүний найруулж байсан "STRANGER BY THE LAKE" кино Канны наадмын Онцгой анхаарах (Un Certain Regard) төрөлд өрсдөлдөж байсан төдийгүй тухайн жилийн шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байжээ. Кино тавдугаар сарын 12-нд нээлтээ хийнэ.

"SIERANEVADA" найруулагч Кристи Пую

Румины кино урлагийн шинэ давалгаа хэмээн нэрлэгддэг найруулагч Кристи Пуюгийн гурав дахь кино. Түүний 2005 онд гаргаж байсан өмнөх кино болох "THE DEATH OF MR.LAZARESCU" нь Онцгой анхаарах (Un Certain Regard) төрөлд өрсөлдөж байсан бөгөөд олон улсын кино наадмуудаас нийт 47 шаналыг хүртэж байсан. "SIERANEVADA" кино 5-р сарын 12 нд нээлтээ хийнэ.

Канны кино наадмын албан ёсны шалгаруулалтад өрсөлдөж буй кинонууд (фото 7)

"SLACK BAY" (Ma Loute) найруулагч Бруно Дюмон

Бруно Дюмон өмнө нь "L'HUMANITE" (1999), "FLANDRES" (2006) кинонуудаараа хоёр ч удаа Канны кино наадмын "Гранд При" шагналыг хүртэж байсан. Францын шилдэг "Art" кино найруулагчидын нэгэнд зүй ёсоор бичигддэг, асар их зөрчилдөөнтэй дүрүүд, хүчирхийлэл, бэлгийн дарамтын сэдвээр голцуу өөрийн киногоо бүтээдэг найруулагчийн шинэ бүтээл жинхэнэ "Art" киноны хорхойтнуудын хамгийн их хүлээх кино юм. Кино тавдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ.

"TONI ERDMANN" найруулагч Марен Аде

Германы кино Марен Аде энэ жилийн уралдаант хэсэгт өрсөлдөж буй гурван найруулагч бүсгүйн нэг. Анх 2000 оноос эхлэн богино хэмжээний киногоор гараагаа эхэлсэн энэ бүсгүйн хамгийн оргил амжилт нь 2009 онд найруулсан "EVERYONE ELSE" бөгөөд Берлиний кино наадмын Гран При шагналыг хүртэж байсан юм. Бүрэн хэмжээний кино найруулагчийн хувиар гаргаж буй гурав дах кино нь "TONI ERDMANN" бөгөөд тавдугаар сарын 14 нд нээлтээ хийнэ.

Канны кино наадмын албан ёсны шалгаруулалтад өрсөлдөж буй кинонууд (фото 8)

"THE UNKNOWN GIRL" (La fille inconnue) найруулагч Жан-Пьер Дарденн, Люк Дарденн

Бүр 1978 оноос эхлэн хамтдаа ажиллаж буй Дарденны ах дүүс хамтдаа 20 гаруй киноны зохиолыг нь бичиж, өөрсдөө найруулсан бөгөөд Канны кино наадмын уралдаант хэсэг болох Алтан мөчирт зургаан удаа өрсөлдөж хоёр удаа шагнал авсан ба Гран При шагналыг нэг удаа хүртэж байсан. Анх баримтат кино голчлон хийдэг байсан ч 1980-аад оны сүүл үеэс уран сайхны кино хийж эхэлсэн бөгөөд 1996 онд найруулсан "LA PROMESSE" киногоороо олон улсад танигдсан. Бельгийн кино найруулагч ахан дүүс хоёулаа философ, киноны чиглэлээр дээд боловсрол эзэмшицгээсэн бөгөөд уран бүтээлийн эхэн хэсэгт Дэлхийн хоёрдугаар дайн, Польш цагаачдын сэдэвтэй баримтат кино хийж байсан бол, дараа нь Евро бүс, нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн уран сайхны кинонууд бүтээх болсон. Кино тавдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ.

Канны кино наадмын албан ёсны шалгаруулалтад өрсөлдөж буй кинонууд (фото 9)

цааш үзэх