Хайх

Энэ хаврын хамгийн сонирхолтой 10 цуврал

Энэ хаврын хамгийн сонирхолтой 10 цуврал

Шинэ улирлууд ба шинээр нээлтээ хийж буй цувралууд

Text: Бюро 24/7


Зураг:

“Twin Peaks” “House of Cards”, “Fargo” цувралуудын шинэ улирал болон бусад олон цувралууд цоо шинээр үзэгчдийн хүртээл болох гэж байна

Шинэ улирлууд

"Twin Peaks"

Хэзээ: Тавдугаар сарын 21

 

Дэвид Линчийн алдарт цуврал дэлгэцнээ эргэн ирж байна. Нийт 18 ангиас бүрдэх энэхүү цувралын зохиолыг Дэвид Линч өөрөө бичиж мөн найруулжээ. Анхны хувилбарт тоглосон жүжигчдийн ихэнх нь (тэр дундаа Кайл Маклохлен ба Шерилин Фенн нар) эргэн ирэх бөгөөд цоо шинэ жүжигчид ч гарна. Жишээ нь Моника Беллуччи, Наоми Уоттс, Жим Белуши зэрэг жүжигчид тоглох юм. Тэгэхээр анхны хувилбарт аль хэдийнэ нас барсан дүрүүд энэ шинэ улиралд эргэн ирэхийг бодоход агент Купер хий юм харах магадлалтай гэж бид таамаглаж байна.

"Fargo"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 19

 

Хүн төрөлхтний шуналын тухай инээдмийн цуврал удаан хүлээлгэсний эцэст энэ хавар үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ удаад үйл явдал Стасси гэх ихрүүдийн эргэн тойронд өрнөнө. Тэдний нэг нь Эммет гэх амжилттай бизнесмен бол Рэй гэдэг дүү нь азгүй амьтан юм. Ихэр ах дүүсийн дүрийг жүжигчин Юэн Макгрегор бүтээсэн байгаа. Шинэ улирлын үйл явдал 2010 онд өрнөдөг тул өмнөх ангиудад бидэнд аль хэдийнэ дасал болсон дүрүүд дахин гарна гэж итгэж байна.

"House of Cards"

Хэзээ: Тавдугаар сарын 30

 

"House of Cards" цувралын шинэ улирлын трейлер Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр цацагдсан нь учиртай. Фрэнк Андервуд дөрөвдүгээр улирлын төгсгөлд сүрдүүлэх бодлого хэрэгжүүлж, түүний эхнэр Клэр үзэгчид рүү шууд ханддагийг та санаж байгаа байх. Сонирхуулахад "House of Cards"-ын шинэ улирлын төгсгөлд Фрэнк Андервудыг хөнөөж, цуврал дуусна гэсэн цуурхал тархаж байна. Учир нь Кевин Спейси дүрээсээ залхсан ба Трампын ялалтын дараа цувралын үйл явдал улс төрийн бодит байдлаас хол тасарсан гэж үзжээ.

"Love"

Хэзээ: Гуравдугаар сарын 10

 

Жадд Апатоугийн ("The 40 Year Old Virgin", "Bridesmaids") бүтээсэн хоорондоо эрс тэс ялгаатай хүмүүсийн харилцааг харуулсан "Love" цувралын хоёрдугаар улирал удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Гол дүрүүд болох Гас ба Микки нар хоорондоо ойлголцохыг хичээж, тэгш бус харилцаа тийм ч муу зүйл биш гэдгийг батлахыг хүснэ. "Love" цувралын гол онцлог нь хайр дурлалын харилцааг хэт романтик биш аль болох үнэмшилтэй харуулахыг хичээдэг.

Шинээр нээлтээ хийж буй цувралууд

"American Gods"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 30

 

Нил Гейманы уран зөгнөлт зохиолыг бүрэн хэмжээний кино болгоход хэт нүсэр байсан тул Starz телевиз олон ангит кино хийхээр шийджээ. Үйл явдалд Америкт амьдардаг бурхад болон домогт гардаг баатруудын тухай өгүүлдэг. "Сүүдэр" гэх залуу шоронгоос суллагдсан даруйдаа эхнэр нь авто осолд орж амиа алдсаныг олж мэднэ. Ингээд очих газаргүй болсон тэрээр ноён "Лхагва" гэх учир битүүлэг хүний бие хамгаалагчаар ажилд орсноор ер бусын ертөнцтэй холбогдоно.

"Feud: Bette and Joan"

Хэзээ: Гуравдугаар сарын 5

 

Энэхүү цуврал нь Жоан Кроуфорд, Бетт Дэвис гэдэг Холливүүдын хоёр алдартай жүжигчний хоорондох дайсагналыг үзүүлдэг. Тэд хамтдаа 1962 онд "Whatever Happened to Baby Jane?" нэртэй триллер кинонд тоглосон бөгөөд дэлгэцэнд ч, бодит амьдрал дээр ч бие, биенээ үзэн яддаг байжээ. Нэгэн удаа зураг авалтын үеэр Бетт Дэвис Кроуфордыг өшиглөх хэрэг гардаг бөгөөд тэрээр хэт дүрдээ орсноос болж Дэвис оёдол тавиулж байсан юм. Холливүүдын жүжигчин эмэгтэйчүүдийн дүрд Жессика Лэнг, Сьюзен Сарандон нар тоглосон бол туслах дүрүүдэд бид Кэтрин Зета-Жонс, Стэнли Туччи, Кэти Бейтс, Сара Полсон нарыг харах боломжтой.

"13 Reasons Why"

Хэзээ: Гуравдугаар сарын 31

 

"13 Reasons Why" цувралыг Жэй Эшерийн ижил нэртэй бестселлер номноос сэдэвлэн бүтээсэн юм. Селена Гомесын продюсерлосон энэхүү цувралд нэгэн сургуулийн сурагч амиа хорлосон түүх гардаг. Охины үхлийн дараа ангийнх нь сурагчид яагаад амиа егүүтгэх болсон 13 шалтгааныг тоочсон зурвас олно. Хэдийгээр анхандаа энэхүү цуврал нь ээлжит өсвөр насныханд зориулсан олон ангит кино мэт санагдаж болох ч "Spotlight" киноны бүтээлч Том Маккарти найруулж, Пулитцерын шагналт Брайан Йорки кино зохиолыг нь бичсэн юм. Тиймээс сайн бүтээл хүлээж болно.

"The Son"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 8

 

Пирс Броснан бүрэн хэмжээний киноноос телевизийн цуврал руу шилжиж байна. Тэрбээр энэ удаад газрын тосны магнатын дүр бүтээжээ. "The Son" цувралд түүний гэр бүл гурван үеэрээ Техасын цөлд хэрхэн эд хөрөнгөө босгож буй тухай гарна. Пирс Броснаны тоглосон уг цуврал нийт 10 ангиас бүрджээ.

"Guerrilla"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 16

 

Цувралын үйл явдал 1970-аад оны Лондон хотод өрнөнө. Өнгөт арьст хосууд өөрсдийн эрхийн төлөө тэмцэж, радикал үзэлтэй хүнийг (Идрис Эльба) шоронгоос суллан, нууц ажиллагаа явуулна. Идрис Эльба энэхүү цувралын продюсероор давхар ажилласан бол кино зохиолыг Оскарын шагналт найруулагч, зохиолч Жон Ридли ("12 Years a Slave") бичжээ.

"The Handmaid's Tale"

Хэзээ: Дөрөвдүгээр сарын 26

 

Маргарет Этвудын ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн энэхүү цувралд АНУ-ын газар нутагт амьдардаг цэргийн дарангуйлал тогтсон засаглалтай, Христийн шашинтнуудын нийгмийн тухай гардаг. Энэхүү нийгэмд эмэгтэйчүүд дуугарч, уншиж, бичиж, ямар нэг зүйл эзэмших эрхгүй бөгөөд тэд нөхөн үржих цорын ганц үүрэгтэй. Гол дүрийн бүсгүй болох Оффред гэдэг зарц бүсгүй тус дэглэмийн эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлдэг. Дашрамд дурдахад Дональд Трампын сексист мэдэгдлүүдийн дараа Маргарет Этвудын "The Handmaid's Tale" номны эрэлт эрс өсчээ. Тиймээс энэхүү цуврал маш цагаа олсон бүтээл болж байна.

цааш үзэх