Хайх

Ирэх жилийн Оскарын эзнээр хэн, хэн тодрох бол?

Ирэх жилийн Оскарын эзнээр хэн, хэн тодрох бол?

Эртхэн таамаглъя

Text: Ж.Чинбат


Нью-Йоркийн кино фестиваль есдүгээр сарын 25-нд нээлтээ хийснээр 2016 оны 88 дах удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын жинхэнэ уралдаан гараандаа гарлаа

Энэ оны 12 сарын 30-ны өглөөний 8 цагт Оскарын шагнал гардуулах ёслолд нэр дэвших уран бүтээл, бүтээлчдийн санал асуулга албан ёсоор эхэлнэ. Тэгэхээр энэ өдрөөс өмнө нь амжиж Холливүүдийн уран бүтээлчид өөрсдийн киногоо үзэгчдэд хүргэх ёстой бөгөөд жил бүрийн 10-12 сар бол Холливүүдийн хамгийн галзуу сарууд юм. Уламжлал ёсоор хамгийн шилдэгүүд хамгийн сүүлд үзэгчдэд хүрэх болно. Ингээд 2016 оны Оскарын гол таван номинацид нэр дэвших болон түрүүлэх магадлалтай кинонуудын таамгийг харцгаая.

Шилдэг кино

Нью-Йоркийн кино фестивалиар олны анхаарлыг хамгийн их татаж буй кино бол найруулагч Стивен Спилбергийн "Bridge of Spies" кино. Жинхэнэ Оскарын бүрэлдэхүүн ажилласан уг киноны гол дүрд Том Хэнкс тоглосон бол зохиолыг Спилберг болон Коены ах дүүс бичсэн. Хүйтэн дайны үеийн бодит түүхээр сэдэвлэсэн уг кино одоогийн байдлаар шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг цуглуулаад байна. Өнгөрсөн 11 жилийн Оскарын түүхэнд "Шилдэг кино"-гоор шалгарсан бүтээлүүд бүгд 10 сард нээлтээ хийсэн байдаг.

Энэ сард нээлтээ хийх өөр нэгэн том өрсөлдөгч бол найруулагч Том Мкартигийн "Spotlight" юм. Есдүгээр сарын 3-нд Венeцийн кино наадамд үзэгчдийн хүртээл болсон уг кино шүүмжлэгчдийн зүгээс оны хамгийн шилдэг бүтээл гэгдэж байгаа. Бостон Глоб сонины эрэн сурвалжлах сэтгүүлчид 2002 онд Бостоны Католик сүм хийдийн хуврагууд бага насны хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан жигшүүрт хэргийг олон нийтэд илчилж чадсан юм. Уг түүхээс сэдэвлэсэн киноны гол дүрүүдэд Марк Руффало, Майкл Кийтон нар тоглосон бол киноны зохиолыг бичихэд Жулиан Ассанжийн тухай өгүүлэх "The Fifth Estate" киноны зохиолч Жош Сингер ажилласан.

Үүнээс гадна найруулагч Денни Боелын "Steve Jobs", Ридли Скоттын "The Martian", Том Хүүперийн "The Danish Girl", Ленни Абрахамсоны "Room", Жон Кровлигийн "Брүүклин" зэрэг бүтээлүүдийг заавал дурдах ёстой. Жагсаалтыг гэхдээ эдгээр кинонуудаар хааж болохгүй.

Удахгүй 2015 оны арваннэгдүгээр сарын 5-12-ны хооронд Америкийн кино үйлдвэрлэгчдийн фестиваль болох бөгөөд энэ үеэр дөрвөн том кино нээлтээ хийнэ. Тэдгээрийг дурдвал өнгөрсөн Оскарын гол дуулианы эзэн, найруулагч Алехандро Гонзалес Инарритугийн "The Revenant", Квентин Тарантиногийн "The Hateful Eight", Дэвид О.Расселын "Joy" болон Рон Ховардын "In The Heart of Sea" кинонууд хүлээгдэж байна. Эдгээр бүтээлүүд бол Холливүүдийн 2015 оны хамгийн шилдэг кинонууд юм.

Нэр дэвших магадлалтай кинонууд:

Шилдэг найруулагч

2015 онтой харьцуулахад 2016 оны Оскарын шилдэг найруулагчийн төрөлд өрсөлдөөн илүү ширүүн өрнөх болов уу? Холливүүдийн шилдэг ангилалд багтах домогт найруулагчид бүгд шинэ кинонуудаа танилцуулж байна. Шилдэг кино төрөлд дурдсан кинонуудаас гадна Жорж Миллерийн "Mad Max: Fury Road", Кери Фукунагагийн "Beasts of No Nation", Тодд Хэйсийн "Carol" зэрэг бүтээлүүд шилдэг найруулагчийн төрөлд өрсөлдөх боломжтой гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Гэхдээ өмнө нь дурдсаны дагуу эдгээр кинонуудыг 11 сар хүртэл хүлээх ёстой.

Эргэн сануулахад өнгөрсөн зургаан жилийн Оскарын шилдэг найруулагчийн номинацид Квентин Тарантино, Алехандро Гонзалез Инарриту, Давид О.Рассел нар нийлээд таван удаа нэр дэвшицгээсэн билээ. Тэдэн дотроос Алехандро Гонзалес Инарриту өнгөрсөн жил түрүүлсэн юм.

Нэр дэвших магадлалтай найруулагчид:

Шилдэг эмэгтэй гол дүр

Энэ төрөлд Холливүүдийн шинэ үеийн шилдэгүүд хуучин аваргуудтай тулна. Бри Ларсон, Кери Мюллиган, Женифер Лоуренс болон Саори Ронан нарын дундаж нас 25 байна. Харин тэдний нөгөө талд Лили Томлин, Магги Смит, Шарлот Рамплин болон Блит Даннер нар дунджаар 74 настай. Мөн Кeйт Бланшеттийг нэмэх хэрэгтэй. Хоорондоо бараг 50 насны зөрүүтэй эдгээр эмэгтэйчүүд 2015 оны Холливүүдийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчид юм .

Сонирхолтой нь Кeйт Бланшетт энэ жил тоглосон хоёр киногоороо өрсөлдөх боломжтой байгаа. Тэр аль хэдийнэ хоёр удаа Оскарын эзэн болчихсон байгаа болохоор хэрэв энэ жил ялж чадвал амжилтаараа домогт Мэрил Стриптэй эн зэрэгцэх болно.

Гэхдээ би хувьдаа энэ жилийн шилдгийг Женифер Лоуренс хүртэх боломжтой гэж дүгнэж байна. Жүжиглэлтээс нь гадна түүний дүр илүү онцгой юм. "Joy" кино бол жинхэнэ америк мөрөөдлийн тухай түүх өгүүлдэг. Жой Мангано гэх гурван хүүхэдтэй, нөхрөөсөө салсан бүсгүй хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар амжилттай шинэ бүтээгдэхүүнүүд зохион бүтээж, 33 насандаа саятан болж чадсан билээ. Энэхүү бодит түүхээс сэдэвлэсэн уг кино Лоуренсын хоёр дахь Оскарыг авчрах магадлал их өндөр.

Шүүмжлэгчид харин өөр байр суурьтай байна. 2010 оны бэстселлeр "Room" зохиолоос сэдэвлэсэн ижил нэртэй кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа шүү дээ. Торонто болон Лондонгийн кино фестивалиудад энэ кино гарсны дараа шүүмжлэгчид киноны гол дүр Бри Ларсоны жүжиглэлтийг маш их магтацгаасан билээ.

Нэр дэвших магадлалтай эмэгтэй жүжигчид:

Шилдэг эрэгтэй гол дүр

Леонардо анхны Оскараа авж чадах уу? Энэ бол хамгийн гол асуулт хэвээрээ л байна. Хэдийгээр "The Revenant" кино хараахан нээлтээ хийгээгүй ч гэсэн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналын төлөө түүнийг шууд дэвшүүлэх хангалттай олон шалтгаан бий.

Нэгт, тэр бол Леонардо ДиКаприо. Хоёрт, "The Revenant" бол одоог болтол Америкт домог болон яригддаг гайхалтай түүхэн сэдэв. Маш хүнд гэмтэлтэйгээр ой дундуур 320 км замыг зургаан долоо хоногийн туршид мөлхөн туулж, хамгийн ойрын тосгонд хүрч амь аврагддаг тухай энэ түүх өгүүлдэг. Гуравт, Алехандро Гонзалес Инарриту бол Мексикээс төрөн гарсан хамгийн аугаа найруулагч. Тэр бүх киноныхоо гол дүрүүдээс чадварлаг жүжиглэлтийг шаарддаг ба түүнийгээ ч гаргуулж чаддаг найруулагч шүү дээ. Энэ бол Леог ирэх жилийн Оскарт гялалзан гийхэд хангалттай шалтгаан.

Гэхдээ өрсөлдөөн амар биш ээ. Түүний эсрэг 2015 оны Оскарын шилдэг эрэгтэй гол дүрийн шагналын ялагч Эдди Редмейн, туслах дүрийн төрөлд хоёр удаа Оскар хүртсэн Майкл Кэйн, Акaдемийн шагналт Том Хэнкс, Стив Жоббсын дүрийг бүтээсэн Майкл Фассбендер, гурван удаа Оскарын шилдэг жүжигчинд нэр дэвшсэн Жонни Депп нар байх болно.

Эдгээр хатуу самруудаас Леотой хамгийн ширүүн өрсөлдөөн үзүүлэх боломж Эдди Рeдмeйнд илүү их байгаа болов уу? Найруулагч Том Хүүперийн "The Danish Girl" кино тун уран жүжиглэлт шаардсан бүтээл. Дэлхийн хамгийн анхны трансжендер Лили Элбийн амьдралаас сэдэвлэсэн уг кинонд Эдди Редмейн эрэгтэй хүнээс эмэгтэй хүн рүү шилжих бүх үе шатыг харуулсан байгаа.

Акaдемийн шагналыг хоёр жил дараалан хүртсэн түүх маш ховор. Хамгийн сүүлд "Philadelphia" болон "Forest Gump" кинонуудад бүтээсэн дүрээрээ жүжигчин Том Хэнкс 1996, 1997 онуудад дараалан шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн билээ. Ингэхээр дахиад л өнөөх, 2016 онд Лео анхны Оскараа хүртэх болов уу гэсэн асуулт төрнө.

Нэр дэвших магадлалтай эрэгтэй жүжигчид:

Шилдэг туслах эмэгтэй дүр

Оскарыг тойрсон заль, луйврын тухай олон цуу яриа байдаг. Гэхдээ энэ дундаас хамгийн том батлагдсан луйвар нь шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналд хамаарч байсан юм. Эргэн санах юм бол 2008 онд жүжигчин Кейт Уинслет хоёр ч сайн гол дүртэй байсан. Харин Оскарт нэг жилд, нэг номинацид, нэг жүжигчин хоёр удаа нэр дэвших боломжгүй. Гэтэл түүний "The Reader" кинонд бүтээсэн гол дүрийг санал өгөх эрхтэй гишүүд туслах дүр дээр биччихсэн юм. Энэ бяцхан заль Кейт Уинслетэд Оскарыг авчирсан.

Сүүлийн хоёр долоо хоногийн байдлыг харахад хамгийн гол өрсөлдөөн Рyни Марагийн "Carol", Алисия Викандерын тоглосон "The Danish Girl" киноны хооронд өрнөх бололтой. "The Weinstein Company" болон "Focus Features" нар ч уг номинацад тун их ач холбогдол өгч, өөрсдийн жүжигчидээ тэнгэрт тултал нь сурталчилж байна. Энэ хоёроос гадна өөр нэгэн том өрсөлдөгч байгаа нь Кэйт Винслет. Гэхдээ энэ удаад жинхэнэ туслах дүрээр. Майкл Фассбендерээс гадна "Steve Jobs" киноны хамгийн чухал дүрийг тэр бүтээсэн.

Эдгээр бүсгүйчүүдээс гадна онцлох ёстой өөр гурван жүжигчин байгаа. Тэд бол "Room" киноны Жое Аллен, 13 жилийн дараа Оскарт эргэн ирэх боломжтой Жюли Волтерс "Brooklyn" киногоор, мөн том дүрд сүүлийн 30 жил тоглоогүй Жэйн Фонда нар юм. Жагсаалтын хамгийн сүүлд Женнифер Жэйсон Ли "The Hateful Eights" кинонд бүтээсэн дүрээрээ орж байна. Тарантино энэ жилийн эхээр дахин хоёр кино найруулаад тэтгэвэртээ гарахаа мэдэгдсэн. "The Hateful Eights" кино бол түүний найм дах дэлгэцийн уран бүтээл бөгөөд тэрбээр хэд хэдэн ярилцлагадаа Женнифер Жэйсон Лиг маш их магтсан билээ.

Нэр дэвших магадлалтай эмэгтэй туслах дүрийн жүжигчид:

Миний таамгаар энэ жилийн ялагчаар Рyни Мара тодрох болов уу.

Шилдэг туслах эрэгтэй дүр

Харви Кэйтэл болон Бен Кигсли нар 1991 онд "Bugsy" кинонд бүтээсэн дүрүүдээрээ нэгэн зэрэг шилдэг туслах эрэгтэй дүрийн шагналд нэр дэвшсэнээс хойш дахин ийм явдал тохиолдоогүй. Гэхдээ энэ жил "Spotlight" кинонд энэ амжилтыг давтах боломж байгаа. Кино компани ч энэ төрөлд маш их анхаарлаа хандуулан ажиллажээ. Киноны жүжигчдийн багийг харахад үнэхээр супер жүжигчид болох Марк Руффола, Майкл Кийтон, Лийв Шрайбер, Жон Статари, Стенли Туччи нар цугларсан байна. Бүгд л гайхалтай жүжигчид. Гэхдээ өнгөрсөн жилийн Оскарт нэр дэвшсэнээрээ Марк Руффола, Майкл Кийтон нар энэ шагналд нэр дэвшин өрсдөлдөх магадлал бусдаасаа хавьгүй өндөр.

Тэдний эсрэг талд Бэнисио Дел Торо "Sicario" киногоор, Идрис Элба "Beasts of No Nation"-д бүтээсэн дүрээр, "Room" киноны Якоб Тремблей, "Black Mass"-ын Жоэл Эдгертон нар зогсож байна. Энэ жил өрсөлдөөнийг "The Revenant", "The Hateful Eights" болон "Joy" кинонууд улам ширүүн болгоно.

Эдгээр бүтээлүүдээс гадна бидний сайн мэдэх Том Харди, Роберт Де Ниро, Сэмюэл Л.Жаксон, Брэдли Купер, Эдгар Рамирес нар нэр дэвшигчдийн жагсаалтанд дээгүүр байранд бичигдэх болно. Гэхдээ нэг л ялагч тодорно. Одоогийн зар сурталчилгаа өгч байгаа хандалтаас дүгнэх юм бол Майкл Кийтон "Spotlight" киногоороо энэ төрөлд түрүүлэх магадлал хамгийн өндөр байна.

Нэр дэвших магадлалтай эрэгтэй туслах дүрийн жүжигчид:

Мэдээж дээр өгүүлсэн бүх зүйл таамаг төдий. Америкийн кино бүтээгчдийн фестиваль арваннэгдүгээр сард болж өнгөрсний дараа өөр тооцоонд ороогүй уран бүтээлчид жагсаалтад нэмэгдэх боломжтой.

Гэхдээ л энэ бол Холливүүдийн зар сурталчилгааны олон жил үргэлжилсэн аварга том бизнесийн толиос харьж буй магадлал. Таамаг хэр бодитой байх эсэхийг бид 2016 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр мэдэх болно. Тэр болтол мэтгэлцээд л сууж байя.

Шилдэг кино төрөлд нэр дэвших магадлалтай киноны трейлерүүд

цааш үзэх