Санал асуулга: Таны хувьд бүх цаг үеийн хамгийн шилдэг Жокер хэн бэ?
Готэм хотын гол дайснуудын нэг болох Жокерын дүрийг бүтээсэн жүжигчдийг эргэн санацгаая
Боб Кейн, Билл Фингер, Жерри Робинсон нарын DC Comics-д зориулан бүтээсэн Жокер хэмээх дүр 1940 онд "Batman" комик зохиолд хамгийн анх гарч ирсэн байдаг. Энэ цагаас хойш хорон ногоон өнгийн үс, хөх ягаан хослол, алиалагчийн нүүр будалттай энэ дүр эмх замбараагүй байдлын бэлгэ тэмдэг болж, супер баатруудын ертөнцийн хамгийн аюултай, гэмт хэргийн ертөнцийн садист суут ухаантан болон хувирсан юм.
Кино урлагийн түүхэнд Жокерыг нийт 23 жүжигчин дэлгэцнээ амилуулж эсвэл дуу оруулсан байдаг. Тэдгээр жүжигчид бүгд өөрийн гэсэн онцлогийг энэ дүрд шингээж, бүгд өөрийнхөөрөө Жокерыг давтагдашгүй болгосон юм. Хэдийгээр жүжигчдийн ур чадварыг хооронд нь харьцуулах утгагүй ч хүн бүхэнд өөрсдийн хайрладаг хувилбар байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин одоо бүх цаг үед Жокерын дүрийг бүтээсэн онцлох жүжигчдийг эргэн санацгаая. Энэ жагсаалтад зарим нэг телевизийн цуврал эсвэл видео тоглоомын Жокер багтаагүй болно. Тиймээс таны хайртай жүжигчин энэ жагсаалтад багтаагүй бол урьдчилан хүлцэл өчье.
Сизар Ромеро (1966-1968)
1960-аад онд дэлгэцнээ гарч байсан "Batman" телевизийн цувралд Жокерын дүрийг жүжигчин Сизар Ромеро хамгийн анх дэлгэцнээ амилуулсан бөгөөд тэрбээр "Batman" (1966-1968) цуврал ба 1966 онд гарсан "Batman" кинонд тоглосноор энэ дүрийг хамгийн удаан хугацаанд бүтээсэн жүжигчин болсон юм. Сизар Ромерогийн Жокер айдас төрүүлэм алуурчин гэхээсээ илүү үргэлж чангаар инээн хүмүүсийг шоглож байдаг хөгжилтэй, дүрсгүй алиалагч байв. Сонирхуулахад Сизар Ромеро энэ дүрд тоглохын тулд өөрийн нэрийн хуудас болсон жирвэгэр сахлаа хусуулахаас татгалзсан юм. Тийм ч учраас продюсерууд түүний нүүрийг зузаан цагаан будгаар будах шаардлагатай болсон байдаг. Гэхдээ хэрэв та илүү ойроос харвал түүний сахал маш сайн анзаарагддаг.
Жек Николсон (1989)
Тийм ээ, Хит Лежерийг гарч ирэх хүртэл Жек Николсоны жүжиглэлт шилдэгт тооцогдож байсан бөгөөд тэрээр жинхэнэ утгаараа Жокерыг хүн бүхэнд айдас төрүүлсэн эсрэг дүрийн баатар болгосон гавьяатай. Тим Бертоны 1989 онд бүтээсэн "Batman" кинонд экс дээрэмчин Жек Напьер хортой химийн хог хаягдалд унаснаар галзуурч, улмаар хэд, хэдэн амжилтгүй мэс заслын дараа "мөнхийн инээмсэглэлтэй" болсон гэж гардаг. Тэрээр өөрийгөө авангард уран бүтээлч гэж нэрлэдэг бөгөөд гэмт хэргүүдээ урлагийн бүтээлд тооцдог.
Марк Хэмилл (1992-1994)
"Оддын Дайн" киноны Люк Скайуокерын дараа Жокерыг Марк Хэмиллын бүтээсэн шилдэг дүр хэмээн олон хүн үздэг. Тэрбээр 1992-1994 оны хооронд "Batman: The Animated Series" анимэйшн цувралд Жокерын дууг оруулж байжээ. Төслийн продюсерууд Жокерын хар бараан талыг харуулахын зэрэгцээ хүүхдүүд үзэхэд тохиромжтой байлгах шаардлагатай байсан тул Марк Хэмиллийг сонгожээ. Хэмилл үнэхээр ч өөрийн хоолойн өнгө, жүжиглэлтээрээ Жокерын хар бараан талыг гаргаж ирсэн юм. Ялангуяа Жокерын шүтэн бишрэгчдэд түүний галзуу инээд маш их таалагддаг.
Хит Лежер (2008)
Кристофер Ноланы бүтээсэн "The Dark Knight" бүтээл супер баатартай киноны жанрт хувьсгал хийсэн юм. Кино зохиол, найруулга, хөгжмөөс гадна Хит Лежерийн амилуулсан Жокер үүнд хамгийн их хувь нэмрийг оруулсан гэж хэлж болно. Лежер энэ дүрийг цоо шинэ түвшинд хүргэсэн бөгөөд олон хүний хувьд өнөөдөр ч түүний бүтээсэн Жокер хамгийн шилдэг хувилбарт тооцогдож байна. Хит Лежерийн Жокер туслах дүрийн алиалагчаас нарийн сэтгэлзүйтэй, дотоод зөрчилдөөнтэй, маш харгис, аймшигтай, бүр ухаалаг атлаа хошин шогийн мэдрэмжтэй террорист болон хувирсан юм. Харамсалтай нь кино нээлтээ хийхээс зургаан сарын өмнө жүжигчин Хит Лежер таалал төгссөн ч түүнд Америкийн кино академи "Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин" шагналыг олгосон байдаг. Ингэснээр комик зохиолоос сэдэвлэсэн дүр анх удаа Оскарын шагнал хүртэж түүхэнд бичигдсэн юм.
Жаред Лето (2016)
DC Comics-ийн хамгийн их шүүмжлэлд өртөж, мэргэжилтнүүдээс муу үнэлгээ авсан бүтээлүүдийн нэг болох "Suicide Squad" кинонд Оскарын шагналт жүжигчин Жаред Лето Жокерын дүрийг бүтээсэн байдаг. Хэдийгээр Лето дүрдээ орохын тулд маш их хичээл зүтгэл гаргасан ч (киноны багийнханд үхсэн харх, гахай илгээсэн гэх мэт) түүний Жокер биеэрээ дүүрэн шивээстэй (Жокерыг шивээс хийлгээд суух тэвчээртэйгээр төсөөлж байна уу?), хэт романтик, эмх замбараагүй байдлын бэлгэ тэмдэг болох байтал хэт "цэмцгэр" болсон гэж шүүмжлэгчид үзсэн юм. Магадгүй түүний дүр бүхэл бүтэн киноны турш ердөө 11 минут л гардаг нь амжилтгүй болох шалтгаан байсан ч байж магадгүй. Ямартаа ч Жаред Летогийн Жокер бусдаасаа өөр болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Хоакин Феникс (2019)
Юуны өмнө Тодд Филлипсийн найруулсан "Joker" супер баатартай кино биш гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ бол сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн маш сайн зохиолтой сэтгэлзүйн триллер кино юм. Кинонд Артур Флек (Хоакин Феникс) гэх амжилтгүй комедиан хэрхэн Готэмийг айдаст автуулдаг хорон санаатан болон хувирч байгаа тухай өгүүлнэ. Үзэгч Жокерын сэтгэлзүй рүү гүн гүнзгий нэвтэрч тэр ямар шалтгаанаар аймшигт зүйлсийг үйлдэж байгааг ойлгохоос гадна сэтгэцийн өвчний талаар огт өөр ойлголттой болно. Артур киноны эхэнд хүн бүхэнд дээрэлхүүлдэг, өрөвдөлтэй, азгүй амьтан байдаг бол киноны төгсгөлд өөртөө итгэлтэй, хүчирхэг, тааварлахын аргагүй, аймшигтай эсрэг дүрийн баатар болон хувирдаг. Мөн Хоакин Фениксийн жихүүдэс хүргэм инээд, биеийн хөдөлгөөн, нүүрний хувирал гээд чадварлаг жүжиглэлтийн ачаар үзэгч киног дуусан дуустал түгшүүр мэдэрч, кино төгссөний дараа ч тайлбарлахын аргагүй ер бусын айдаст автана. Хит Лежерийн дараа Жокерын дүрийг бүтээх нь карьерын төгсгөлд хүргэх хэмжээний эрсдэлтэй алхам байсан бол үүнийг Хоакин Феникс зоригтойгоор хийгээд зогсохгүй, кино ертөнцөд цоо шинэ Жокерыг төрөн гаргасан юм. Энэхүү кино нь одоогоор 2019 оны Венецийн кино наадмын гол шагналыг хүртсэн бөгөөд 2020 оны Оскарын гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг Хоакин Феникс хүртэнэ хэмээн олон хүн таамаглаж байна.
Таны хувьд бүх цаг үеийн хамгийн шилдэг Жокер хэн бэ? Та зураг дээр дарж саналаа өгнө үү.